Дөрвөн гартай инженер

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

“Минжийг усны горимыг зохицуулж байдаг дөрвөн гартай инженер, экосистемийн аврагч гэж болно. Минж шиг ажилсаг амьтан үгүй” хэмээн эрдэмтэд тодорхойлов. Энэ амьтан өөрийн амьдардаг газрынхаа доройтсон орчинг сэргээхийн зэрэгцээ усны төвшинг тогтвортой болгодог байна.

Ингэхэд аварга мэрэгчийг нутагшуулах талд дэлхийн улс орнууд ийн санаа тавьдгийн шалтгаан нь юу вэ? Хамгийн гол нь минжний гол мөрний экосистемд үзүүлдэг ач холбогдол маш өндөр байдагт учир байгаа юм. Тэд тухайн нутагшиж буй гол, нуурынхаа усыг ширгээж, багасгахгүйн тулд далан барьж, суваг шуудуу гаргадаг ажилсаг амьтан. Тэдний нутагт жижигхэн цөөрөм бий болж, голын сав газрын усны төвшин тэнцвэржиж, улмаар урсац нь нэмэгддэг давуу талтай.

Тэгвэл минжний энэ гайхамшигтай чанарыг ашиглан Туул голоо аврах ажлыг Хотын дарга эхлүүлж өнөөдөр ажил хэрэг болон, Германаас авчирсан минж бүр бүл нэмчихлээ. Дэмжүүштэй энэ ажлыг ойлгохгүй хүн бас цөөнгүй. Учир нь минж голын эргийн моднуудыг мэрж унаган далангаа барьдаг. Үүнтэй холбоотойгоор Туул голд нутагшуулсан минж үлдсэн жаахан бургасыг нь унагаад, мэрээд дуусчих вий хэмээн болгоомжилж буй юм. Гэхдээ ийн болгоомжлох шаардлага байхгүй гэдгийг амьтан судлаач, эрдэмтэд санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Минж мод мэрж, унагах нь гарцаагүй. Хүмүүс минжийг мод тайрдгаар нь дөрөөлөн агнах гэдэг. Үнэн хэрэгтээ минжнээс илүү хүн л модыг олноор нь тайрч, сүйтгэдэг биш гэж үү.

Туул голын экосистемийн доройтлыг бууруулах буянтай ажлыг санаачилсан Хотын дарга Г.Мөнхбаяр “Та бидний хийж хэрэгжүүлэх ёстой зайлшгүй ажлын нэг хэмээн тодотгосон. Өнөөдөр Улаанбаатарт Туул, Сэлбэ гол орчмын хамгаалалт олон хүний анхаарлын төвд байна. Иймээс тодорхой мэргэжлийн хүмүүс тухайлбал эрдэмтэн судлаачдыг хамруулж Туул голд минж нутагшуулах боломжийг эрэлхийлж тэр ч хэрээр хэрэгжүүлсэн билээ. Энэ ажлыг бодит ажил болгох үүднээс Хотын даргын захирамж гарч, ажлын хэсэг одоогоос нэг жилийн өмнө байгуулсан юм. Тэр үед хотын дарга Туулд минж нутагшуулах ажил амжилттай болбол голын экосистемийг тэнцвэржүүлэх онцгой ач холбогдолтой ажил болно” хэмээн ярьж байсан нь биелэлээ олж минж нутагшиж, ажилдаа орчихлоо.

Харин минж амьдарч буй орчноо тордсоноор тухайн газрын экосистем сайжирдаг нь хэдийнэ батлагдсан асуудал юм. Түүнчлэн тоо толгой нь тэгтлээ замбараагүй өсөхгүй. Тухайлбал, Булган голын минж тогтмол 100-120 орчимд л хэлбэлздэг нь эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоогджээ. Учир нь минж амьдарч буй орчныхоо байгалийн нөөцөд тохирсон хэмжээнд л байна. Өөрийн даацад тохируулан үржлээ тогтворжуулдаг сүрхий амьтад аж.

Минж харьцангуй тайван орчныг сонгодог, шөнийн идэвхтэй амьтан. Гэхдээ тийм их догшин, үргэмтгий амьтан уу гэвэл бас үгүй. Гагцхүү минжний амьдарч байгаа эргээс хоёр тийш 10 метр зайн дахь тэр орон зайг л тайван байлгах ёстой. Хэрэв өөр орноос минж авчирсан тохиолдолд Туулын хамгийн боломжтой, тохиромжтой газар гол уруудуулчихгүйн тулд хаалт хийгээд, аль болох голын эхэнд байршуулах чиглэлээр ажиллах гээд байна. Ядаж тодорхой хугацаанд хашиж дасгах, айдсыг нь арилгах хэрэгтэй. Тээвэрлэлт бол том стресс. Дараа нь хос үүсгэнэ. Минж хосоороо удаан хугацаанд амьдардаг. Ингэсний дараа байгальд тавибал амьдрах магадлал өндөр. Үүний тулд минж үржүүлгийн төв байгуулаад тэндээсээ аажим аажмаар байгальд нь тавих саналтай байгаа юм” хэмээн МУИСийн Биологи, биотехнологийн сургуулийн доктор, профессор Р.Самъяа минж Туул голд нутагшуулах талаар ярьж эхэлсэн үеэс л тайлбарлаж байсан. Тэгвэл өнөөдөр эрдэмтдийн судалгаа үнэн байж, хотын мээрийн санаачилга Туул голд хэрэгжиж эхэлчихлээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж