“Нарантуул”-аас Нарны зам хүртэл ачааны машин явуулахгүй

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

“Нарантуул”-аас Нарны зам хүртэл ачааны машин явуулахгүй

Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас урагшаа  төмөр замын гармаар гараад Баянмонгол хороолол цаашлаад 120 мянгатын аюулгүйн тойргийг холбосон шинэ зам ашиглалтанд орсон. Үүнтэй холбоотойгоор зарим төрлийн ачааны автомашины хөдөлгөөнд өөрчлөлт орсон байна. Тодруулбал, Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас баруун тийш Нарны замын хэсгээр хөдөлгөөнд оролцдог байсан “С” зөвшөөрөлтэй ачааны автомашинууд дээрх шинэ замаар явахаар болсон байна. Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзварт хойноосоо буюу зүүн дөрвөн замаас урагшаа чиглэсэн “С” зөвшөөрөлтэй ачааны автомашин уг уулзвараар баруун гар тийш эргэхгүй, чигээрээ урагшаа гарч Баянмонгол хороолол руу эргэдэг гарц өнгөрч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд гэрлэн дохиотой уулзвараар баруун тийш эргэж Их Монгол улсын гудамжаар хойшоо явж байгаад Баянмонгол хорооллын баруун талын тойрог хөдөлгөөнтэй уулзвараар зүүн эргэж Гандийн гудамжтай нийлэн хуучин маршрутаараа хөдөлгөөнд оролцоно.

Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзварт зүүн талаасаа баруун тийш чиглэн явж байгаа “С” зөвшөөрөлтэй ачааны автомашины жолооч нар чигээрээ явалгүйгээр баруун зүүн тийш эргэж явах ба зүүн тийш эргэсэн тохиолдолд шинэ замаараа дээрх байдлаар хөдөлгөөнөө иргэлжлүүлэх юм. Харин баруунаасаа буюу Гандийн гудамжаар зүүн тийш явж байгаа “С” зөвшөөрөлтэй ачааны автомашины жолооч нар Баянмонгол хорооллын баруун талын тойрог хөдөлгөөнтэй уулзвараар баруун эргэж Их монгол улсын гудамжаар урагшаа явж байгаа гэрэл дохиотой уулзвараар зүүн эргэж шинэ замаар явсаар Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзварт урдаасаа ирэх ба уулзвараар зүүн тийшээ эргэхгүй чигээрээ буюу баруун тийш эргэж явахаар зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас баруун тийш Замын цагдаагийн газрын урд уулзвар хүртлэх Нарны замын хэсгээр “С” зөвшөөрөлтэй ачааны автомашин явахыг хориглож байгаа юм.

Замын тэмдэг тэмдэглэл нь тавигдсан учир зохицуулагчийн дохио тэмдэг, тэмдэглэлийг ягштал баримтлан, зам тээврийн осол зөрчил гаргахгүй,  хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж