Тамирчид тангаргаа өргөлөө

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Тамирчид тангаргаа өргөлөө

Найман настай балчраас наян настай буурай хүртэл Монголын спортын үе үеийн төлөөлөл болсон тамирчид, эдүгээ цагт эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа эр бяртнууд, наадмын бэлтгэлдээ гарсан үндэсний бөхийн хүчтэнүүд гээд спорт гэх их айлын өвөр хормойд багтсан хэн бүхэн, зөвхөн спортоос л авч болох тэр аз жаргал, баяр бахдал, омогшлыг мэдэрсэн монголчууд Лондонгийн олимпийн наадамд оролцох баг тамирчдаа үдэн гаргалаа. Жил бүрийн зургадугаар сарын 23-нд тохиодог Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан Монголын спортын салбарынхан өнгөрөгч бямба гаригт Монголын тамирчдын баяр, Олон улсын олимпийн өдрийг давхцуулж, Лондонгийн олимпийг зорих Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдыг үдэх ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм.

1962 онд Олон улсын олимпийн хорооны бүрэн эрхт гишүүнээр элссэн Монгол Улс өнгөрсөн хагас зууны хугацаанд олимпийн наадмаас 19 медаль хүртсэн. Ингэхдээ хамгийн сүүлд буюу 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас хошой алт, хошой мөнгө, паралимпийн наадмаас мөн аваргатай болсноор олимпийн түүхийн хуудсаа алтан медалийн амжилтаар зузаатгасан билээ. Тэр цагаас хойш бүтэн олимпийн цикль дуусч, монголчууд 12 дахь олимпио зорих гэж байна. Энэ удаад бидний монголчууд 35 тамирчны бүрэлдэхүүнтэй Будант Албьоны нийслэлийг зорино. Олимпийн наадамд оролцохоор спортын долоон төрөлд 29 тамирчин эрхээ өвөртөлсөн бол зургаан тамирчин дөрвөн төрлөөр паралимпийн наадамд эх орноо төлөөлнө. Урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй Лондонг зорих гэж буй тэд өдгөө тус тусын талбарт бэлтгэл сургуулилтаа чамбайруулж буй.

Өмнөд хөршийн нийслэл Бээжин хотноо болсон олимпийн наадмаас хойш Монголын баг тамирчид, олон улс, тив, дэлхийн чанартай, өндөр чансаатай тэмцээнээс 2009 онд 112, 2010 онд 116, 2011 онд 225, харин 2012 он гарсаар 114 медаль хүртжээ. Жилээс жилд чанаржиж, чансаажиж буй Монголын тамирчдын амжилт, медалийн буухиаг Лондонгийн тэнгэр дор ч үргэлжлүүлэхийн төлөө сэтгэл зүрх, хүч чадлаа чинээнд нь тултал шавхана гэдгээ тамирчид маань амлаж, тангарагласан.

Олимпийн гоёлоо өмссөн тэд бямба гаригт Сүхбаатарын талбайд цуглаж, төрийн тэргүүнээс эх орныхоо алтан соёмбот далбааг гардан авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн олимпод оролцох Монголын багийн ахлагч, Шадар сайд М.Энхболд төрийн далбааг гардуулан өгөх үеэр “Монгол бол олимпийн алдартнууд, аваргуудтай орон. Бас Монгол бол ирээдүйд эх орон, ард түмнээ баярлуулах олимпийн олон олон алдартан, аваргууд төрөх орон” хэмээсэн.

Тийм ээ, бид олимпийн аваргатай улс. Дахиад ч олимпийн олон аварга Монгол Улсаас төрнө гэдэгт би итгэдэг.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж