”Манай эмч сонгуульд явсан”

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

”Манай эмч сонгуульд явсан”

Бороонд жаахан норсноос болсон уу хоолой маань өвдөж, харьяа дүүргийнхээ эмчид үзүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр амбулаторийн чих, хамар хоолойн эмчид үзүүлэхээр очлоо. Эмч байсангүй, хаалга нь цоожтой байв. Хэсэг хүлээсний хойно нэгэн бүсгүй ирсэн ч тэр нь эмч биш сувилагч гэнэ.  Сувилагчаас эмчийг нь асуухад “Төмөрхүү эмч сонгуулийн ажлаар чөлөө аваад явсан. Сонгуулийн дараа л ажилдаа ирэх байх” гэдэг юм байна. Хаалган дээр наасан сонгуулийн ажлаар явсан түр чөлөөтэй гэсэн бичгийг харахгүй байна уу хэмээн даапаалав.

Сонгуулийн хуулинд хэдийгээр зөвхөн төрийн албан хаагчийг сонгуулийн ажил дайчилна хэмээн заасан ч гэлээ иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч өвчтөн өө үхнэ байна уу хамаагүй ээ гээд өнгө, мөнгөний төлөө явчихдаг нь сонин шүү. Эмч нар хахууль авах дуртай, ажилдаа хайнга ханддаг, хүнд сурталтай гээд эрүүл мэндийн салбарт ажиллагсадын талаар эвгүй, сөрөг яриа багагүй гардаг ч гэлээ иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч хүн “халтуур” хийгээд сонгуульдаад явчихна гэж үнэндээ санасангүй. Тиймээс ч сувилагч нь андуурч эндүүрсэн байж болох юм гээд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр амбулаторийг эрхлэгч н.Ганбаатар эмчээс яагаад эмч нь сонгуулиар ажлаар явчихсныг, чих хамар хоолой нь өвчилсөн харьяа хороодын эмч нар хаана үзүүлэх ёстой лавлахад “Манай эрүүл мэндийн нэгдлээс хэд, хэдэн эмч сонгуулийн ажлаар явсан. Та сувилагчид нь хоолойгоо харуулчих” гэдэг юм байна. Захын нэг сувилагчид хоолойгоо харуулаад, эмчилгээ бичүүлчихдэг бол энэ улсын эрүүл мэндийн салбар дэлхийд хөгжлөөрөө тэргүүлчихсэн байх биз. Сувилагч ньүзэж харчихдаг бол тэнд бас нэг эмч зүгээр цалинжуулах юм хэрэгтэй байгаа юм бэ. Тэртээ тэргүй төсвийн зардал нь хэрээс хэтэрчихээд байхад сувилагч даа ажлаа даатгаад “халтуур” хийгээд явчихдаг эмч нарын хэрэг ерөөс байхгүй баймаар.

Төр сонгуулийн ажлаар хэнийгээ дайчлах нь түүний эрх мэдлийн асуудал. Гэхдээ төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр мэс заслын орон дээр өвчтөнгөө унтуулж орхиод хэн нэгэн мөнгөтэй намын сонгуульд гүйчихсэн эмчийн тухай мэдээлэл гарвал би лав гайхахааргүй л болсон. Тэгээд ч сонгууль болж, улс төрчидийн төлөө эмч нар ажиллаж байвал энгийн иргэн өвдөнө үү байна уу, үхнэ үү ямар ч хамаагүй, ямар ч хариуцлага энэ тээр яригдах ёсгүй юм байна л даа. Энгийн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой эмчийг нь хүртэл сонгуульд дайчилчихаар иргэд тэгээд яах ёстой болж байна аа. Эцсийн эцэст эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч нь өвчтөнөө хаяад улстөржөөд явчихаар хэн тэгээд энэ иргэдийг чинь эмчлэх болж байна вэ. Ямар ч байсан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр амбулаторид үзүүлэх  харьяа хорооны иргэд хоолойгоо өвдвөл альболох сонгууль дуустал гүрийх хэрэгтэй болох нь. Тэгэхээр  сонгууль дуустал өвдөж бас үхэж болохгүй  шүү таминь ээ гээд ил шулуухан хэлчихээд эмч нар минь сонгуулиар хэдэн ядаж төгрөг олж ав даа, зайлуул. Цалингаа байнга чамладаг  эмч нарт хэдэн төгрөг олох боломж энэнээс өөр байхгүй л юм байгаа биз дээ, яадгийн. Ингэж л өвч­төнөө хаяад явчихдаг эмч нарыг өрөвдөж л уураа дарахаас даа.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж