Сонгуулийн сурталчилгааны өнгө, өнгийн дарцаг намирч, хэдэн арван сая нийт дүнгээрээ бол хэдэн тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэх том том самбарууд дээр нэр дэвшигчид малилзан мишээх зуур хөгшид настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдрөөс 330 мянган төгрөгөө авахаар банкны гадаа дугаарлаж эхэлнэ биз. Гэтэл баараагүй өгнө гэсэн мөнгөө ч олгож чадахгүй байгаа сан хөмрөг хоосорчихсон байгаа юм биш биз гэсэн хардлага хүчтэй дүрэлзэж байна. Арга ч үгүй юм сонгуулийн өмнө ямар ч хамаагүй аргаар 670 мянган төгрөгийг нь бөөнөөр нь өгнө гэж байсан эрх баригчид эхний амласан 330 мянган төгрөгөө ч өгөх гээд чадахгүй сангийн халаас болгоныг тэмтэрч байгааг юу гэх вэ? Мэдээж хэрэг тэдэнд боломж байсан бол 670 мянган төгрөгийг бөөнөөр нь өгчих л байсан, сонгуулийн өмнө хамгийн том оноо болох ёстой учраас.
Улсын төсөв хоосорч, бүр 470 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байгаа гэх мэдээлэл эрх баригчид ямар нэгэн тоймтой хариулт хэлэхгүй байна. Хэдийгээр “Ийм асуудал байхгүй, тайван амгалан байцгаа” хэмээх боловч итгэл төрүүлж тайвшруулам хариулт алга. Ямартаа ч одоо хэрүүл маргаантай олгох гэж буй 330 мянган төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх жилийн ногдол ашиг 70 сая ам.доллараар “хааж” буй. Мөн нөөц ашигласны төлбөр хэмээх орж ирэх нь бас л тодорхойгүй байгаа 50 тэрбум төгрөгийг хамж шимээд амлалтаа хаах бололтой.
Үүнд дээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батжаргал учир битүүлэг байдлаар өөрийн хүсэлтээр албан тушаалаа орхисон хийгээд түүний үлдээсэн гэх нууцлагдмал захидал анхаарал татаж буй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг ямар ч хамаагүй аргаар сонгуулийн өмнө тараахын тулд ганц мөнгөтэй байгаа Хөгжлийн банкинд шахалт үзүүлсэн. Төмөр зам гэхэд тодорхой төслүүдэд зарцуулах ёстой энэ мөнгийг Хүний хөгжлийн сан руу шилжүүлэхгүй хэмээсний учир тэрээр ажлаа орхихоос өөр аргагүй болсон гэсэн таамаглал байна.
Дээр өгүүлсэн сонгуулийн дараа буюу энэ Засгийн газрын бүрэн эрх дуусахаас өмнө олгоно гэж байгаа үлдэх 340 мянган төгрөгийг хэрхэх нь тодорхойгүй. Сангийн яамны дэд сайдын хэлснээр бол “Эрдэнэс Тавантолгой”-н урьдчилгаа мөнгө орж ирэхээр талбина гэж буй. “Эрдэнэс Тавантолгой”-д урьдчилгаа болгон өгсөн 350 сая ам.долларыг Хүний хөгжлийн сангаар дамжуулаад цацчихсан учраас гадаадын хөрөнгө оруулагчид итгэл алдарсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ч хэдийнэ урьдчилгаа авч эхэлсэн хэдий ч үйл ажиллагаа, санхүүгийн байдал төдийлөн тодорхойгүй энэ зургадугаар сард эхлүүлнэ хэмээж байсан олон улсын зах зээлд IPO гаргах ажил сайнаар бодоход 2013 оны нэгдүгээр улирлаас наашгүй болчихсон учраас гадаад хөрөнгө оруулагчид зөвхөн гадаад төлбөр тооцоо хийх нөхцөлтэй зээл олгохоор чанд байдал оржээ. Чингэж хязгаар тавихгүй бол сонгуульд солиорчихоод байгаа эрх баригчид нь амлалтаа биелүүлсэн дүр хэмээхийн тулд бэлэн мөнгөөр нь тараагаад цацчих учраас. Өмнөх урьдчилгааг бүтээн байгуулалт хийхийн оронд салхинд тараагаад цацчихсан учир одоо дахиад урьдчилгаа мөнгө олдох эсэх нь үнэндээ л тодорхойгүй юм.
Иргэдийн хувьд ч хэдийгээр бэлэн мөнгө дугаарлан авах нь сайхан хэдий ч яг сонгуулийн өмнө төсвөө улайлган байж гаргаж байгаа энэ их мөнгө эргээд төгрөгийг цаас болон хувиргах аюултай гэдгийг хэлэх юун. Эхнээсээ ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр нэмэгдэн инфляцийн шуурганд нэрвүүлж эхлээд байгаа шүү дээ, бид.
Сонгуулийн маргааш амьдрал зогсчихгүй, хоосорсон төсвийн данс гэнэт баяжчихгүй учраас энэ Засгийн газар яаж дараагийн нүүдлээ хийх гэж байгаа нь бас л тодорхойгүй. Тэд яаж ийж байгаад үлдэгдэл мөнгөө тараана гэж тооцоолж байж болох хэдий ч дараагийн Засгийн газар нь ямар өр үүрч хоцрох юм бол? Өнөөгийн эрх баригчид дараагийн Засгийн газар бидэнд хамаагүй гэж аль хэдийнэ ялагдлын цагаан туг өргөчихөөд байгаа хэрэг үү? Эсвэл ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулан дахиад л Засгийн эрхээ барих ахул өмнөх өрийг мөн л ямар ч хамаагүй аргаар дарж чадна гэж тооцоолж байгаа юм болов уу?