Италичууд торгуулийн цохилтоор яллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Италичууд торгуулийн цохилтоор яллаа

“Скуадра Аззура” “Евро-2012”-ын шөвгийн наймд Английн шигшээ багийг торгуулийн цохилтоор 4:2 харьцаатай буулган авлаа.

Буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дунд шөвөг шувтарч, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорлоо. Тив, дэлхийн тавцанд дуурсах амжилт арвинтай, “хуучин бууны хугархайнууд” их шөвөгт шалгараад байна.

“Евро-2012”-ын шөвгийн наймын сүүлийн тоглолт хэдхэн хормын өмнө өндөрлөж, Италийн шигшээ баг торгуулийн цохилтоор 4:2 харьцаатай Английн багийг хожсоноор хагас шигшээд өрсөлдөх сүүлийн эрхийг авсан юм. Тоглолтын үндсэн цаг болоод нэмэлт цагт хуурай тэнцээгээр өндөрлөснөөр торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон. Тоглолтын туршид илүүрхэж байсан Италийн шигшээ багаас хоёр дахь цохилтыг гүйцэтгэсэн Риккардо Монтоливо алдаж цохисон ч багийн бусад нөхөд нь даалгавраа амжилттай биелүүлсэн. “Скуадра Аззура”-гаас Марио Балотелли, Андреа Пирло,  Антонио Ночерино, Алессандро Дьяманти нар 11 метрийн цохилтоо байнд нь тусгажээ. Харин “Гурван арслан”-гаас Стивен Жеррард, Уейн Рүүни нарын цохилт амжилттай болж, Эшли Янг алдаж, харин Эшли Коулын цохилтыг Италийн шигшээ багийн хаалгач Жанлуижи Буффон амжилттай хаасан юм.

Тэднийг хагас шигшээд “Германы машинууд” хүлээж буй. Тоглолтын дараа Германы шигшээ багийн дасгалжуулагч асан Юрген Клинсманн “Италичууд Английн багаас хол илүү байлаа. Техникийн хувьд тэд тоглолтыг бүрэн атгаж байсан, сэтгэл зүйн хувьд ч  хүчирхэг байлаа. Тэд хагас шигшээд шалгарах бүрэн эрхтэй, энэ шатанд Германы багтай сонирхолтой тулаан өрнүүлнэ гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд би Английн багт найдлага тавьж байлаа. Харамсалтай нь тэд Италийн шигшээтэй тоглох арга барилаа олсонгүй. Давж гарахад бэрх, дэндүү том уул байлаа” хэмээсэн гэнэ.

Ийнхүү дэлхийн дөрвөн удаагийн аварга, 1968 оны Европын аварга Италийн шигшээ баг “Евро-2012”-ын хагас шигшээд Германы багтай тоглохоор боллоо. Харин нөгөө талд Португаль болон Испанийн шигшээ багууд тоглох юм. Хагас шигшээ тоглолтууд ирэх лхагва, пүрэв гаригт болно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж