Хэнтий аймгийн "Хан Хэнтийн аварга" дэвжээний бөхчүүд Хэрлэнгийн товчооны зүүн талд Өндөр дэнж хэмээх газар галаа төвхнүүлжээ. Бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг улсын начин Б.Батбаяр, Б.Одхүү нар удирдаж байгаа бол аймгийн арслан Д.Эрдэнэбилэг, Б.Хадбаатар, Г.Ганцоож, аймгийн харцага З.Наранбаатар нарын тэргүүтэй арав гаруй бөхчүүд галд багтсан байна.
Харин Увс аймгийн “Увс нуур” дэвжээний бөхчүүд "Харзтай"-д наадмын бэлтгэлээ базааж байгаа ажээ. Тус галд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, улсын харцага Ө.Бат-Орших, Э.Батбаатар, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу бөхчүүдээс бүрдсэн 30 гаруй бөх багтжээ. “Увс нуур” дэвжээний бөхчүүдийг аймгийн арслан Г.Жамсран дасгалжуулж байгаа аж.
“Харзтай”-д гарсан өөр нэг гал нь Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний бөхчүүд. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй тэргүүтэй Луу жилийн шилдэг дэвжээний галд Сэлэнгэ нутгийн шижигнэсэн залуус багтсан байна.
Булган аймгийн "Булганхангайн хүчтэнүүд" дэвжээнд улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин С.Дэлгэрбат, Э.Энхбат, аймгийн арслан А.Сүмбээ, Б.Бат-Эрдэнэ, аймгийн заан Д.Амаржаргал, аймгийн харцага С.Чулуунхүү, аймгийн начин С.Амбасэлмаа нарын тэргүүтэй 20 бөх багтжээ. Тэд өнгөрсөн жилээс эхлэн наадмын бэлтгэлээ өөрийн аймгийн Хутаг-Өндөр сумын Эх булаг дахь “UFC” группийн амралтад базаах болсон юм. Булганы галд гарсан бөхчүүдийг "Булганхангайн хүчтэнүүд" дэвжээний тэргүүн, “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин дэмжин, бэлтгэл сургуулилтын зардлыг хариуцсан бол улсын гарьд И.Доржсамбуу нутгийн бөхчүүдийнхээ бяр хүчийг тааруулж байгаа ажээ.