
Усны түвшин нь багассаар байгаа Туул голоо аврах, нөхөн сэргээж, урсацыг нь хэвийн болгох үүднээс хотын дарга Г.Мөнхбаяр санаачлага гаргаж, эрдэмтдээр судалгаа хийлгүүлэхэд байгалийн инженер болсон минжийг тухайн голд байршуулах нь хамгийн зөв зүйтэй арга гэдгийг олон орны арга туршлагаас судлан тогтоосон байна. Иймээс хотын дарга “Минж нутагшуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болж эхний ээлжинд өнгөрсөн хавар ХБНГ-аас авчирсан минжнүүд ийнхүү “ажлын байр”-андаа ойртож, төвхнөлөө. Тэднийг байгальд тавихын өмнө нь түр байршуулах, үржүүлэх байрыг өнөөдөр ашиглалтад оруулсан бөгөөд энэ орчмыг хашаажуулах, өвлийн байр барих ажлууд хийгдэх юм.
Минж нутагшуулах төслийн гол ач холбогдол нь Туул голын усыг өнөөдөр гэнэт палхийтэл нэмэгдүүлчихгүй хэдий ч яваандаа урсацыг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой, далд үр ашигтай ажлын суурийг нь тавьж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг онцолсон. Улаанбаатар хотын удирдлагууд байгаль орчноо гэсэн сэтгэл гаргаж, ногоон сэтгэлгээтэйгээр энэ ажлыг эхлүүлэн цаашид үе шаттайгаар хэрэгжиж үр дүнд хүрэх төслийн суурийг тавьж чадсанд талархалтай байгаагаа салбарын сайд ч мөн энд хэлсэн үгэндээ онцолсон юм.
Удахгүй наадмаас өмнө ОХУ-аас 30 минж оруулж ирнэ. Манай оронтой ойролцоо цаг агаарын нөхцөлтэй мужаас авчирч байгаа учир тэдний заримыг Туул голд шууд тавихаар төлөвлөж байна.