Алонсо багаа хагас шигшээд хөтөллөө

Хуучирсан мэдээ: 2012.06.24-нд нийтлэгдсэн

Алонсо багаа хагас шигшээд хөтөллөө

Францын шигшээ багийн эсрэг шөвгийн наймын тоглолтоо хийсэн
Испанийн багаас Хаби Алонсо дубль хийв.

Украйны Донецк хотын “Донбасс Арена” цэнгэлдэхэд болсон “Евро-2012”-ын шөвгийн наймын ээлжит тоглолтод Испанийн шигшээ баг 2:0 харьцаатай Францын багийг буулган авлаа. Тив, дэлхийн албан ёсны томоохон тэмцээнд Францын шигшээг хожиж байгаагүй “Ялагдашгүй Армада” ийнхүү түүхийн хуудсаа амжилтаар зузаатгав. Шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтдоо оролцсон Хаби Алонсо дубль хийснээр багтаа ялалт авчирсан юм. Тоглолтын дараа тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа “100 дахь тоглолт гэдэг хувь тоглогчийн хувьд мэдээж гайхалтай. Дээр нь гоол оруулна гэдэг сайхан хэрэг. Одоо бид хагас шигшээд шалгарлаа. Мэдээж энэ шатанд бүх тоглолт үхэл, амьдралын зааг дээрх үнэ цэнэтэй” хэмээн ярьжээ.

Францын багийг хожсоноор хагас шигшээд шалгарсан Испанийн баг ирэх лхагва гаригт Португалийн багтай тоглох юм.

Дасгалжуулагч Висенте дел Боске шүүмжлэл дагуулж буй хувилбарыг энэ удаад ч мөн сонгосон. Фернандо Торресийг сэлгээний суудалд үлдээж, хагас хамгаалагчдад итгэл хүлээлгэсэн түүний сонголт испаничуудад ялалт авчирсан юм. Тоглолтын 19 дэх “Барса”-гийн “маэстро” Андрес Иньеста өрсөлдөгч багийнхаа хамгаалалтыг сэтэлж, Жорди Альбад, улмаар Альбагийн хөндлөн дамжуулалтыг Алонсо мөргөж, тооны харьцааг нээсэн. Францын шигшээ багт тоглолтын үлдсэн хугацаанд тооны харьцааг тэнцүүлэх боломж олдоогүй. Дасгалжуулагч Лоран Блан тоглолтыг эргүүлэхээр Самир Насри, Жереми Менез, Оливье Жиру нарыг талбайд гаргасан ч буурал тивийн хошой аварга, дэлхийн аварга Испанийн багийн өмнө хүчин мөхөстөв. Ингээд тоглолтын үндсэн цаг өндөрлөх мөчид Францын багийн хамгаалагч Антонио Ревейер сэлгээгээр талбайд гарсан Педро дээр алдаа гаргаснаар испаничууд торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болсон. Ингээд Алонсо 11 метрийн цохилтоо амжилттай гүйцэтгэснээр “Ялагдашгүй Армада” аваргаа хамгаалахад дахин нэг шат ойртлоо.

Ийнхүү “Евро-2012”-ын хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн гурав нь тодроод байна. Өнөөдөр Украйны Киев хотын Олимпийн цэнгэлдэхэд Англи болон Италийн шигшээ багийн тоглолт болно. Тэдний ялагчийг Германы шигшээ хүлээж буй.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж