Ч.Энхтайван: Европын уралдаануудыг сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Ч.Энхтайван: Европын уралдаануудыг сонирхож байна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Энхтайвантай ярилцлаа. Тэрбээр ОХУ-ын Липецк мужид болсон СССР-ийн Ардын жүжигчин Надежда Андреевна Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын V уралдаанд оролцоц, хоёрдугаар байрт шалгарсан юм. Түүнийг УДБЭТ-ын “шинэ Юндэн” гэлцдэг. Ч.Энхтайван М.И. Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлж, нутаг нэгтнүүдээ баярлуулж байснаас гадна “Трубадур” дуурийн Ди Луна, “Кармен” дуурийн бухтай тулалдагчийн дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн Монголын сонгодог урлагийн шилдэг баритонуудын нэг билээ.

-ЗХУ-ын Ардын жүжигчин Надежда Андреевна Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын  уралдаанд амжилттай оролцож, хоёрдугаар байр эзэлсэнд баяр хүргэе.

-Зөвхөн ОХУ-ын хэмжээнд болсон уралдаан юм. Онцлог нь, олон улсын дуурийн дуулаачдын уралдааны шилдгүүд урилгаар оролцсон болохоор дийлэнх оролцогчид нь олон улсын уралдааны шагналт байрын эзэд, мундаг дуучид байлаа. Уралдааны журам ёсоор урьдчилсан шалгаруулалтыг анкет, бичлэгээр хүлээн авч, 26 уран бүтээлчийг шалгаруулсан юм. Олон улсын алдартай уралдааны шилдгүүд чуулсан том тэмцээнээс хоёрдугаар байр эзэлсэндээ баяртай байна. Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс намайг албан ёсоор урьж, бүх зардлыг хариуцсан. Хэдийгээр ОХУ дотроо болсон ч олон хүчтэй өрсөлдөгчтэй том тэмцээн боллоо.

-Уралдааны талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?

-ЗХУ-ын Ардын жүжигчин Надежда Андреевна Обухова гээд Оросын гайхамшигтай мецосопрано дуучны нэрэмжит тэмцээн юм. Өмнөх жилүүдийн уралдаанд байр эзэлсэн дуурийн дуулаачдын танилцуулгаас харж байхад дандаа Оросын том театруудад гоцлол дуучнаар ажилладаг, дэлхийн томоохон уралдаанд шагналт байр эзэлж байсан дуучид байсан. Ерөнхийдөө Э.Амартүвшин, бид хоёрт оролцсон уралдаан олон. Тэдгээр уралдаануудад бид хоёртой байнга өрсөлдөж, шагналт байрт шалгарч байсан дуучид оролцсон нь сайхан санагдаж байлаа.

-Чухам яагаад таныг онцолж урьсан юм бол?

-Орост болсон том, том уралдааны шагналтнуудыг урьж, нэг дор цуглуулсан байсан. Намайг П.И.Чайковский, М.И.Глинк, Н.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд оролцсон амжилтаар минь үнэлж, урьсан юм билээ.

-Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтсан байв?

-Шүүгчдийн хувьд Пласидо Доминго, Лучано Паваротти хамтран дуулж байсан ЗХУ-ын Ардын жүжигчин Касашвели ерөнхий шүүгчээр ажилласан. Тэрбээр ОХУ-ын алдарт “Большой театр”-ын дуурийг хариуцан ажилладаг юм билээ. Мөн Оросын алдартай дуурийн дуулаачид уралдааныг шүүсэн.

-Та өөрийн концертмейстер багштайгаа явсан уу?

-Тэгсэн. Оросын Ардын жүжигчин, одоо Улан-Үдэд ажилладаг Дарима Линховойна багштайгаа очсон.

-Уралдаанд та дуурийн ари, романсаас гадна “Гайхмаараа” монгол ардын дууг дуулсан гэж сонссон. Үзэгчид монгол ардын дууг хэрхэн хүлээж авсан бэ?

-“Гайхмаараа” дууг би олон уралдаанд дуулсан. Хөгжимгүй амьдаар дуулахаар хүмүүс их гайхаж, хүлээж авдаг. Дуулаад дуусах болгонд хүмүүс, сурвалжлагчид байнга энэ юуны тухай дуу ву, ямар гоё дуу вэ, монгол ардын дуу ийм гоё аялгуутай, цоглог, хүнийг сэргээж чадаж байна хэмээн их сонирхож асуудаг. Оросын алдарт баритон Владимер Чернов надтай уулзаад “Чи байгалиас маш том өгөгдөлтэй төрсөн байна. Сэтгэлийн эмоц, дахин давтагдашгүй хоолой чамд байна. Ийм темпертэй баритон хоолой маш ховор. Би амьдралдаа анх удаа баритон хоолой ингэж дуугарч байхыг сонслоо” гэж хэлсэн. Тэрбээр Нью-Йоркийн хөгжмийн их сургуулийн гоцлол дуулаачийн танхимын професор, багш, мастерын нэг цагийн хичээл нь 500 ам.доллар байдаг гэж сонссон. Гэтэл Чернов цаашид ур чадвараа хөгжүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй гээд, надтай 10 хоног үнэ төлбөргүй хичээллэхийг урьсан. Харамсалтай нь, Санкт-Петербургт очоод, 10 хоног бэлтгэл хийх зардал жаахан өндөр. Гэхдээ ямартай ч тийшээ явъя л гэж бодож байгаа. Тийм мундаг хүн намайг шавиа болгоно гэдэг маш том боломж.

-Таны дараагийн төлөвлөсөн ажил юу байна вэ?

-Одоогоор яг товлосон уралдаан, тэмцээн байхгүй байна. Гэхдээ мэдээж судалж байгаа. Миний хувьд Оросын уралдаануудад ихэнхт нь оролцоод дууссан.  Тийм болохоор Европын уралдаануудыг сонирхож байгаа.

-Та одоо театрынхаа ямар дуурийн хэний дүр дээр ажиллаж байгаа вэ?

-“Тоска” дуурийн Скарпьягийн дүр дээр ажиллаж байгаа. Энэ дуурьтаа дуулах бодол байгаа. Нас залуу байгаа учраас хамаагүй хүнд парт авч дуулмааргүй байна. Яг одоогийн нөхцөлд дуулж болох партуудыг дуулахыг бодож байгаа.

-Баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж