Үлгэрийн моддын дархан арал

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Үлгэрийн моддын дархан арал

Сокотра бол Энэтхэгийн далай дахь дөрвөн арлаас бүрдсэн жинхэнэ байгалийн дархан газар гэмээр ольтриг юм. Энэ нутаг ойролцоогоор 6 сая жилийн өмнө Африкаас “өрх тусгаарласан” бөгөөд энэ цагаас хойш энэ гаригийн өөр хаана ч байхгүй ургамал, амьтны ертөнц энд өсч бойжжээ. Йеменээс холгүй орших ижил нэртэй хамгийн том арал дээр нь л гэхэд 825 төрлийн ер бусын ургамал цэцэглэжээ. Энд мөн давтагдашгүй газар уснаа явагчид, усан дорх амьтад бий. Сокотрад 253 төрлийн мөргөцөг үүсгэгч шүр, 730 төрлийн эрэг орчмийн загас, 300 төрлийн хавч, сам төст амьтад байх жишээтэй.

Сокотра арал урт удаан хугацаанд геологийн хийгээд биологийн тусгаарлагдмал байдалд байсан учраас энд ольтригийн бусад арал болон бүр эх газар дээр огт байхгүй шувуу, ургамал, амьтан жинхэнээрээ цэцэглэж байсан юм. Аралын уур амьсгал ширүүн талдаа – оршин суугчид нь халуун ганд нэрвэгдэхийн зэрэгцээ таваас есөн сард борооны улиралд балбуулдаг байна. Харин өвөл цаг агаар арай зөөлөрдөг гэнэ.

Арлын нэрийн хуудас бол хэлбэрийн хувьд шүхрийг санагдуулам Сокотрын луун мод (Dracaena cinnabari) билээ. Эртний шүтлэг ёсоор бол, модны шүүс нь лууны цус бөгөөд эмчилгээ, ид шидийн чадалтай гэж анагаахад хэрэглэдэг байсан юм. Өнөөдөр будах чанарыг нь будаг, лак болон гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд ашиглаж байна. Мөн Сокотра дээр гайхамшигтай өргөст хэмхэн (Dendrosicyos socotranus) болон анаран мод (Punica protopunica) бий.

Сокотра бол хүн нутагладаг арал. Тэд энд бараг 2000 жил амьдарч байна. Одоогоор нийт хүн ам нь 50 000 орчим бөгөөд нутгийнхан загас агнаж, мал адуулж амьдардаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж