Худал мэдүүлсэн гэдэг бол гүтгэлэг

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Худал мэдүүлсэн гэдэг бол гүтгэлэг

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь Авилгын эсрэг бүлгийн гишүүд төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээр парламентын нээлттэй сонсгол зохион байгуулж байна. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь зөрчилтэй Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар нийлсэн 18 хүнийг нээлттэй сонсголд байлцуулж, хариуцлага тооцох талаар урьд өмнө мэдээлэгдсэн. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны даргын Б.Бат-Эрдэнийн байр суурийг сонслоо.

-Нээлттэй сонсголын зорилго юу юм бэ?

-Энэ бол манай Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж байгаа хоёр дахь удаагийн нээлттэй сонсгол. Парламентын нээлттэй сонсгол явуулдаг нь олон улсын жишигт тогтсон ойлголт. Энэ удаа Авлигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлэгт дүн шинжилгээ хийх, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн буюу мэдүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар мэдээлэл хийх нээлттэй сонсголыг зохион байгуулж байна. Энэ ажлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байнгын хорооноос байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар багтсан . Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажиллаж байна. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Байнгын хорооны референт Г.Нямдэлгэр, Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангасан. Хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрүүтэй өгсөн хүмүүсийн тоо 18 биш. Нийт 13 хүний нэрийг Авилгалтай тэмцэх газраас бидэнд гаргаж өгсөн байгаа.

-Хөрөнгө орлогын мэдүүлэг нь зөрчилтэй хүмүүсийн тоонд Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Д.Зоригт, нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нарыг оруулж, нээлттэй сонсголд оролцуулахаар мэдэгдэл хүргүүлсэн гэдэг мэдээлэл хэвлэлүүдээр гараад байгаа. Энэ хэр бодитой вэ?

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрүүтэй мэдүүлсэн, зөрчил гаргасан хүмүүсийн дунд Ерөнхий сайд асан С.Баярын нэрийг хавчуулж байгаа нь улс төр өөр зорилго байгаа гэж бодож байна. Энэ увайгүй үйлдлээ таслан зогсоох хэрэгтэй. Хууль зүйн байнгын хорооноос зарласан нээлттэй сонсгол болоо ч үгүй байхад зарим нэг сайдууд, МАХН-ын дарга асан С.Баярын нэр хүндэд халдаж, мэдээллийг зөрүүтэй байдлаар мушгин гуйвуулж байгаа нь бохир улс төр, намын нэр хүндийг унагах гэсэн хэрэг. Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулах нээлттэй сонсголд АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлгийн зөрчил гаргасан хүмүүс энэ сонсголд ирнэ. Зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох эрх бүхий Авилгалтай тэмцэх газрын албан тушаалтнууд сонсголд оролцоно. Харин хөрөнгө орлогын мэдүүлэг нь зөрчилтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцох эрх нь сайд нарт байгаа учраас энэ асуудлаар сонсголд дуудаж, мэдээлэл авахад буруудах зүйлгүй. Ийм л зорилгоор сонсголд оролцуулахаар дуудсан. Түүнээс биш сайд нарын хувьд хөрөнгө орлогын мэдүүлэг дээр ямар нэг зөрчил гараагүй, АТГ-аас ч ийм мэдээлэл өгөөгүй. АТГ хуулийнхаа дагуу хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. АТГ хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу зөрүү өгсөн, ташаа мэдээлсэн зөрчлүүдийн талаар УИХ- д мэдээлэх ёстой. Хууль зүйн байнгын хороо сонсгол зохион байгуулах хэлбэрээр АТГ-ын мэдээллийг сонсъё гэж байгаа юм. Урьд өмнө хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ажил их цалгар гүйцэтгэлийн 30 гаруйхан хувьтай явж ирсэн бол өнөөдрийн байдлаар энэ ажлын биелэлт 98 хувьтай явж байгаа нь ажлын үр дүн гарч л байгаа хэрэг л дээ. Өнгөрсөн 3 сарын 12-19-ны өдрүүдэд олон улсын шинжээчдийн баг манайд ирж ажиллалаа. Конвенцийн хэрэгжилтийн явц байдалтай газар дээр нь танилцаж төрийн байгууллагын ажилтан албан хаагчидтай уулзаад явсан. Олон улсын шинжээчдийн баг ирж газар дээр нь ажиллаад буцахдаа Монгол улсын хувьд авилгалтай тэмцэх ажил тодорхой үр дүнд хүрсэн гэж үнэлсэн. Олон улсын конвенцийн гишүүн орны хувьд авилгалтай тэмцэх ажлын хүрээнд олон төрлийн ажил хийхээр төлөвлөж байгаа. Конвенцийн хүрээнд өөрийн үнэлгээг хийх ажлыг эхлүүлэхээр УИХ, ЗГ, АТГ хэвлэлийн байгууллага олон нийтийн оролцоотойгоор цаашид ажиллахаар төлөвлөж, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ батлаад байна. Тухайлбал иргэний нийгмийн байгууллагуудаас “Нээлттэй нийгэм форум”, “Глоб Интернэшнл” ТББ, Хууль хяналтын байгууллагууд, УИХ-ын гишүүд, Хууль зүйн ухааны эрдэмтэн докторуудыг  хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийг байгуулаад ажиллаж байна.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж