Сири Туркийн онгоцыг намнажээ

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Сири Туркийн онгоцыг намнажээ

Сирийн цэргийнхэн тус улсын агаарын хилийг нэвтэрсэн Туркийн байлдааны онгоцыг устгасан талаар Сана мэдээллийн агентлаг мэдээлжээ. Туркийн тал ч мөн F-4 байлдааны онгоцыг нь Сирийн зэвсэгт хүчнийхэн сөнөөсөн гэдгийг баталсан байна. F-4 онгоцны хоёр нисгэгчийг хайх эрлийн ажилд Туркийн болон Сирийн эргийн хамгаалалтынхан оролцож байгаа гэнэ. F-4 Пантом нэртэй байлдааны онгоц Туркийн Хатая мужаас баруун өмнө зүгт, Сирийн эргийн ойролцоо Газар дундын тэнгист гэнэт алга болсон байна. Туркийн цэргийнхэний мэдээлснээр F-4 Малатья мужийн Эрхач цэргийн нисэх баазаас хөөрснөөс 90 минутын дараа холбоо тасарчээ. Харин Сирийн цэргийн төлөөлөгч Сана мэдээллийн агентлагт “Өчигдөр орон нутгийн цагаар 11:40 минутын орчим баруун чиглэлээс үл таних бай орж ирсэн” гэжээ. Түүний ярьснаар Туркийн байлдааны онгоц асар хурдтай, доогуур нисч явсан аж. Харин Сирийн агаарын дайралтаас хамгаалах хүчнийхэн Туркийн байлдааны онгоцыг Латакиа мужийн эргээс холгүй намнасан байна. Өчигдөр өглөө Туркийн Ерөнхий сайд Режеп Эрдоган Дотоод хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Гадаад хэргийн сайд болон Армийн ерөнхий командлагч нартай яаралтай хуралдаан зарлаж, үүсээд буй нөхцөл байдалд шийдвэртэй алхам хийх хэрэгтэй гэжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж