“Desert sharing 3” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

“Desert sharing 3” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монгол урчуудын эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд зургадугаар сарын 25-ны 16.00 цагт “Цөлийн өгүүлэмж” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Энэ нь Австралийн зураагч Женни Митчелл, Мервин Ханнан болон монгол зураач С.Төгс-Оюун нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн юм.

Австралийн зураач Женни Митчелл, Мервин Ханнан нарын урилгаар Монголын зураач С.Төгс-Оюун 2006 онд анх Австралийг зорьжээ. Тэрбээр зураач Женни Митчеллийн “Desert sharing” төслийн үйл ажиллагаанд оролцож, өмнөд Австралийн Флиндерс Рэнжес дэх Прачилна сууринд очиж байрлан нэг сар орчим хугацаанд Австралийн цөлөөр уран бүтээлийн судалгаа хийж аялжээ. Энэ хугацаанд гурван зураач Австралийн говь цөлөөр хамтдаа аялан уран зураг, зураасан зураг, баримлын бүтээлүүд хийж, харилцан туршлага солилцон ажилласан байна. Харин тэрхүү аяллын дараа тус улсын Викториа мужийн Мельбурн хотын ойролцоох Эльтам дахь зураачдын Монтсалват нэгдэлийн Барна галерейд хамтарсан “Desert sharing I”  үзэсгэлэнгээ гаргаж, аяллын тайлангаа олон нийтэд дэлгэн үзүүлж байжээ. Үзэсгэлэнд зураач С.Төгс-Оюун Монголын говийн байгаль болон амьдрал ахуйн тухай, мөн Австралийн цөлийн байгаль, цэцэгс, имж, нэг бөхт тэмээ, мөн цөлийн давст нууруудын байгалийн сайхныг харуулсан олон бүтээл туурвисан байна. Харин зураач Женни Митчелл Австралийн цөлийн байгалийн уран зургууд, Мервин Ханнан Австралийн цөлийн тухай цуврал зураасан зургууд мөн уран баримлуудаараа уг үзэсгэлэнд оролцсон гэнэ.

Дараа нь 2010 онд Женни Митчелл, Мервин Ханнан нар Монголд зочилж Өвөрхангай аймгийн Хар Хорин, Хөгнө хан уул, Өвгөн хийд, Элсэн тасархайгаар аялж, үүний дараа Чингис хааны өлгийн нутаг Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуур, Хангал нуур, Балдан Бэрээвин хийд, Өглөгчийн хэрэм, Биндэр, Дадал сумын нутгаар аялж, олон тооны судалбар зургууд бүтээжээ. Эдгээр судалбарууд дээрээ тулгуурлан өнгөрсөн тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 7-ны хооронд Монголын үндэсний түүхийн музейд гурван зураачийн хамтарсан “Desert sharing II” үзэсгэлэнгээ толилуулсан юм. Уг үзэсгэлэнд гурван зураачийн өөр өөрийн өвөрмөц арга барилаар бүтээсэн уран зураг, зураасан зураг, торгон дээр зурсан зургууд дэлгэгдэж, Монголын үзэгчдийн мэлмийд хүрсэн билээ. Уг үзэсгэлэнгийн дараа гурван зураач  Дорноговь, Дундговийн нутгаар уран бүтээлийн хамтарсан аялал хийж, түүндээ тулгуурлан зураач Ж.Саруулбуянгийн хамт “Desert sharing III” үзэсгэлэнг энэ сарын 25-наас ирэх долдугаар сарын 2-нд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээх гэж буй нь энэ юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж