Очирваань чулуун хадан сийлбэрийг сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Очирваань чулуун хадан сийлбэрийг сэргээлээ

Улсын нийслэл Улаанбаатарын ар хормойд төвхнөсөн Богд Хан уул нь байгалийн гайхамшигт үзэсгэлэн, түүхийн буурал мөр хадгалсан ариун догшин газар билээ. Үүний тод жишээ болсон Богд Хан уулын өвөрт орших Манзуширын хийд нь 300 гаруй жилийн түүхтэй. Өдгөө зун, намрын аль ч цагт аялагч, жуулчлагчдын хөл Манзушир хийдээс тасрахаа больжээ. Тиймээс тус хийдийн өнөөгийн төрхийг хэвээр нь хадгалж, хамгаалах мөн  сэргээн засварлах ажил нэн тэргүүнд тавигдах болсон. Олон зуун жилийн настай тус хийдийн туурь, байгууламж нь байгалийн аясаар нурах болсон байна. Тухайлбал, Манзушир хийдийн Очирваань чулуун хадан сийлбэр унасан байсныг нийслэлийн Аялал жуулчлалын газраас өөрийн хүч, хөрөнгөөр хуучин байдалд нь оруулж, сэргээх ажлыг хийлээ. Очирваань сийлбэрт чулуун хад нь Манзушир хийдээс  дээш  500 метр газарт байрлах бөгөөд нийт жин нь 12 тонн. 12 тонн жинтэй чулууг босгоход хүн, хүч нэлээд их шаардагдсан байна. Чулуун сийлбэрт хадыг босгохын тулд доор нь байсан найман тонн жинтэй чулууг хагалж зайлуулах шаардлага гарч, өрөмдөх, хөрөөдөх, техникээр татан зайлуулах ажлыг нийт гурван хоногт багтаан хийжээ. Үүний дараа чулуун хадан сийлбэрийг өргөж босгох, суурь ивээсийг хийж, бэхлэх, сийлбэрийг сэргээх ажлуудыг хийсэн аж. Мөн Манзушир хийдийн орчны хогийг цэвэрлэж, хашаа хорооны нурсан чулууг өржээ. Ингэснээр жуулчлалын улиралд тус хийдийн Очирваань чулуун хадан сийлбэр байгалийн унаган төрхдөө орж, хийд ч уншлага номоо хурах бүрэн боломжтой болсон байна. Очирваань чулуун хадан сийлбэрийг сэргээн босгосны дараа лам, хуврагууд ном хурж, аравнайлжээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж