Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Тамирчдын баяр болно

Өнөөдөр тохиож буй Олон улсын олимпийн өдөр, Монголын тамирчдын баярыг тохиолдуулан Монголын спортын салбарынхан Олон улсын олимпийн өдөр, Монголын тамирчдын өдөр, Лондонгийн олимп, паралимпад оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслолын арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн арга хэмжээ нь спортын салбарын үе үеийн төлөөллүүд 10.30 цагт Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөснөөр албан ёсоор эхэлнэ. Харин үүний өмнө тамирчид Спортын төв ордонд цуглаж, тэндээс Сүхбаатарын талбай руу жагсч явах гэнэ. Уламжлал ёсоор Лондонгийн олимп болон паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдад зориулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.00 цагт тамирчдад амжилт хүсч, үг хэлэх бөгөөд “Лондон-2012” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг, тамирчдын ахлагч, Шадар сайд М.Энхболдод Монгол Улсын төрийн далбааг хүлээлгэн өгөх юм. Харин Шадар сайд Монголын багийн тугч, Гавьяат тамирчин Б.Сэр-Одод төрийн далбааг шилжүүлнэ.

Мөн Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роггегийн ирүүлсэн илгээлтийг уншиж, танилцуулахаас гадна Лондонгийн олимпийн наадамд оролцох баг, тамирчдыг төлөөлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин М.Бундмаа нар тангараг өргөх ажээ.

Түүнчлэн Сүхбаатарын талбайд спортын нээлттэй өдөрлөг болох юм. Энэ үеэр спорт холбоод, нийслэлийн болоод дүүргүүдийн биеийн тамир, спорт хороод  оролцож, тус тусын ажлаа танилцуулах аж.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж