“Евро-2012”-ын шөвгийн наймд учраа таарсан Герман болон Грекийн шигшээ багийн тоглолт өнгөрсөн шөнө Польшийн Гданьск хотноо болж, “Германы машинууд” илүүрхэв. Филип Ламмын алсын цохилт, Сами Хедирагийн мэдрэмжтэй цохилт, “Алтан толгойт” Мирослав Клозегийн мөргөж оруулсан гоол болоод Марко Ройсын хүчтэй цохилтын ачаар германчууд өрсөлдөгчөө буулган авсан юм. Шигшээ багаа ахлан талбайд гарсан Ламм 39 дэх минутад багтаа тэргүүлсэн авчирсан. Харин хоёрдугаар үе эхлээд 55 дахь минутад Грекийн багийн довтлогч Йоргос Самарас тэнцээний гоолыг оруулсан юм. Грекийн шигшээ хамгаалалтаа чангатгасан ч ердөө зургаахан минутын дараа “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Сами Хедира гоолдож, германчууд дахин тэргүүлж эхэлсэн. Залгуулаад Германы багаас Клозе 68, Ройс 74 дэх минутад гоолдсоноор тоглолтын үр дүн тодорхой болсон юм. Гэхдээ тоглолтын үндсэн цаг өндөрлөхийн өмнөхөн Грекийн Димитрис Салпингидис торгуулийн цохилтоор тооны харьцааг 4:2 болгосон.
Ийнхүү “үхлийн” хэсгийг тэргүүлж, хасагдах шатанд шалгарсан Германы шигшээ баг “Евро-2012”-ын хагас шигшээд өрсөлдөх эрхээ авч, ирэх пүрэв гаригийн шөнө Англи болон Италийн багийн ялагчтай тоглохоор болов.
Харин өнөөдөр Испани ба Францын шигшээ багийн тоглолт Украйны Донецк хотноо болно. Тэдний ялагч нь хагас шигшээд “Европын бразили” гэгдэх Португалийн багтай тоглох юм.