Монголын хөрөнгийн зах зээл Т+3 буюу дараа төлбөр тооцооны системд шилжиж байна. Үүнтэй уялдан зах зээлийг хамгаалах зорилго бүхий “Барьцаа хөрөнгө” гэсэн шинэ ойлголт гарч иржээ. Өөрөөр хэлбэл, брокер арилжаанд оролцох эрхтэй болохын тулд өөрийн төлбөр тооцоо гүйцэтгэх банкинд тусгай дансанд барьцаа хөрөнгө байршуулах шаардлага үүсчээ.
Барьцаа хөрөнгийг брокер өөрөө бүрдүүлж, тухайн барьцаа хөрөнгийнхөө хэмжээнээс хамааран арилжааны хязгаартай ажиллах юм байна. Барьцаа хөрөнгө нь брокерын арилжааны хязгаарын 30 хувьтай тэнцэхээр заажээ. Худалдан авах хэлцлийн үнийн дүн арилжааны хязгаараас давбал брокер тэр хэрээр барьцаа хөрөнгөө нэмэх шаардлагатай болох ажээ. Ингэж нэмээгүй бол журам зөрчсөнд тооцож барьцаа хөрөнгийг арилжааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд ашиглахаар болжээ. Ингэсэн тохиолдолд арилжааны хязгаарын 30 хувийг арилжааны дараах өдрийн буюу Т+1 өдрийн өглөө гэхэд барьцаа хөрөнгийн дансанд байршуулсан байх шаардлагатай гэсэн шинэ журам нэвтэрч байгаа юм байна.
Д.ОЮУН