Будант цэнхэр хангайн гоёл нь буга байсан

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Будант цэнхэр хангайн гоёл нь буга байсан

Хустайн нуруунаас хулгайн анчид 13 буга нэг дор агнаад сав чивийг нь аваад арилж өгчээ. Үүнийг сонсоод буудах буга үлджээ гэж ойлголоо. Газрын амьтан дуусахдаа хүрвэл ямар амархан байдгийн амьд жишээ бол энэ буга, тарвага хоёр байгаа юм. Таван хошуу малаас минь олон тарвагатай юм шиг санагддаг байсан. Одоо хааяа нэг тааралдах элирч хулирч, эзэнгүйдсэн дош л тэр цагийн тухай эрэн нэг санах шалтгаан болдог.

Урд уулын буга Улаанбаатараар сэлгүүцэж явсан цаг аанай л бас саяхных. Одоо барааг нь харах байтугай мөрийг нь ч олж харах хэцүү. Байхгүй юм чинь юун мөр байх билээ. Монголд үлдсэн цөөхөн хэдэн бугын сүүлчийн орон зай Хустайн нуруу болоод байсан юм. Харуул хамгаалалт гайгүй болохоор ан амьтан хүртэл зөн мэдрэмжээрээ тэнд шилжин нутагшжээ. Гэвч суүлийн хэдхэн жилийн дотор хулгайн анчид эндээс 40 бутын "хойтохыг уншчихсан" гэнэ.

Гэсэн хэрнээ гэмтэн нь олддоггүй, гэм буруутай нь тогтоогддоггүй ийм л янзаар явж иржээ. Эзэнгүй бугын анчид байтугай, эзэнтэй малын хулгайч олдох биш дээ. Монголчууд өнгөрсөн зууны дундуур сүүлчийн тахийг эх нутгаасаа үдэж, зарим нэг ховор ан амьтныхаа дансыг дугуйлахдаа тулсан билээ. Одоо ийм бүрхэг тавилан хүлээж буй амьтны нэг нь буга болоод байна. Будант цэнхэр хангайн гоёл нь буга байсан. Монгол нутаг хэчнээн бугатай байгаад хэдтэй үлдсэн нь тодорхойгүй, харин бугыг хоморголон хядаж байсан тэр үеийг сайн мэдэх хүмүүсийн яриа хөөрөөг уншигчдад дуулгах гэж зорилоо.

Хэдэн жилийн өмнө намрын cap дундаа орж байх тэр л цагаар Хэрлэнбаян-Улаан уулсын дунд нутгийн "эзэн", мянгат малчин О.Батсүхийнд хонон өнжин тухаллаа. "Өдийд чинь манай энэ хөх хангайд буга урамдаад мөн ч сайхан байдаг сан" хэмээн яриагаа эхлэв.
-1989 онд хотоос ирсэн албаны хүмүүстэй хамт бугын тооллогод оролцож байлаа. Тэр үед зөвхөн энэ Баян улааны ууланд гэхэд 28-30 мянган буга, согоо байгааг мэргэжлийн хүмүүс тоолж тогтоосон юм. Өглөө босоход буга хотны захад ирээд хотолчихсон байна. Хүн амьтан хоёр ингэж л айх аюулгүй хэдэн зууны турш айлсан амьдарч ирсэн байх. Миний мэдэхийн л ийм байлаа. Нэг уул давахад л хэдэн арваараа тааралдаж байсан энэ амьтны мөр нь ч үлдсэнгүй дээ хөөрхий.

Тэр олон бугыг ойролцоох нутгийн дөрөвхөн хүн л хядаж дуусгасан. Ангийн хишиг. Амьдрал ахуй нь нүд ирмэхийн зуур дээшилж, унаа машинаа ойр ойрхон сольж, эрээн мяраан гэр бариад чухам дутуугаа гүйцээх гэсэн шиг авирлацгааж байсан. Даанч тэр нь түр зуурынх байсан. Хангай дэлхий өгсөн шигээ бас авч чаддагийг манай эндхийн олон хүн гэрчилнэ. Хөх хангайн бугыг дуусгасан тэр дөрвийн гурав нь төдхөн хорвоогоос цаг бусаар хальж, үлдсэн үр хүүхэд нь ядуурлын туйлд хүрч, зарим нь хуруу хумсаа идэж, хувцас хунараа урсан сэтгэцийн өөрчлөлттэй болцгоосон. Одоо тэдэнд хуц ухнаа өгч хариулуулах хүн ч олдохгүй байна.

Нэг орой буун дуунаас айн цочирдсон согоо тэдгээр анчдын нэгнийх нь гэрийн гадаа амь эрэн давхиж ирэхэд нь би тэднийд байж таарсан. Гэтэл гэртээ тухалж суусан анч эр хотныхоо захад амь эрэн бэмбэгнэж зогссон согоог буудаад унагахад өөрийн эрхгүй нүд бүрэлзэж байсан. Тэгээд тэр оройдоо тэдний хүүхэд нь халуурч би эмч дуудаж өгсөн. Одоо тэр хүүхэд нас бие гүйцсэн ч хүн гэхэд хэцүү өвчтэй нэгэн байна. Энэ гашуун үнэнийг нутгийнхан бүгд мэднэ. Шунал гэдэг хүнийг ингэж улангасуулдаг юм билээ… Батсүх ийн өгүүлсэн.

2000 оны эхээр Хэрлэнгийн хөдөө арал явах зуураа Хэрлэнбаян-Улааны Засаг дарга асан Энэбиштэй танилцан дотносов.

-Манай эндхийн буга тарваганаасаа олон байсан байх. Бид нэг удаа хэсэг буга цувж явахтай тааралдаад саваагуйрхэн тоолж үзсэн юм даг. Тэгэхэд 2300 гаруй дан халиун буга цувсаар уул давж байсан. Бас болоогүй хойноос нь хоёр чоно дагачихсан. Энэ бол 1990-ээд оны эхэн үе байсан. Гэтэл одоо манай нутагт буга ийм элбэг байсан гэвэл хүн үнэмшихгүй байх хэмээн гунигтайхан өгүүлж байсан. Энэ бол ойрын л нэг жишээ. Ан амьтнаа ийн ашиг хонжооны нүдээр харж, байгаагаа барах аянд эх орон, байгаль дэлхий минь уйлж үлдсэн билээ. Одоо ч ийм эмгэнэл үргэлжилсээр байгааг Хустайн аллага нотоллоо. Хууль журам баталлаа ч хэрэгждэггүй, цагдаа гааль нь байлаа гээд илэрдэггүй эзэнгүй юм шиг, энэ арай дэндэж байгаа биш гэж үү.

Олон бугатай байсан гэдгийг нь албан ёсоор тогтоосон тоо баримтыг бас сөхөж үзлээ. 1987 онд Монгол Улс бугаа тоолж үзжээ. Тэгээд 130-150 мянга гаруй бугатай болохоо тогтоосон байдаг. Дараа нь 2000 оны эхээр 3040 мянган буга бий гэсэн багцаа тоо гаргасан. Богд ууланд гэхэд 3600 гаруй буга байна хэмээн тоолжзэ. Одоо бол урд уул байтугай Монгол оронд хэдэн буга үлдсэн эсэхийг хэлэхэд бэрх. Хуулиар дархалж, хүнээр хамгаалуулсан хэрнээ хэдэн арваар нь хядуулаад байгаа болохоор хаа тэртээх хангайнх бол хэдийнэ дууссан биз. Хэрэв Монгол нутагт маань цөөн ч гэсэн буга үлдсэн бол хууль яриад ч нэмэргүй, торгоод ч тоодоггүй буу барьсан нүгэлтнүүдээс яаж хамгаалах вэ. Яаж цаашид тоо толгойг нь өсгөж, эдийн засгийн хувьд ашигтай аж ахуй болгон өөрчлөх вэ. Асуудлын гол нь энд байгаа.

Бугын аж ахуй бол дэлхий нийтэд хэдийнэ хэвшиж тогтсон зүйл. Ашиг орлого сайтай "алтаар өндөглөдөг тахиа"-тай зүйрлэх юм билээ. Үүнийг бид нэг боломж хэмээн харж байна. Манай сонин бугын аж ахуй байгуулах боломж, ашиг орлогын талаар дараа үргэлжлүүлэн өгүүлэх болно.

П.БУЛГАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж