
-БНХАУ-ын Элчин сайдын яамны консулын газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудын удирлагуудад мөн хөдөлмөр эрхэлж буй хятад ажилчдад хамтран сургалт явуулах саналыг манай байгууллагад тавьсан. Учир нь БНХАУ-ын иргэн гэмт хэрэгт холбогдох, шалгагдах нь ихэсч байгаа юм. Мөн хятад ажилчдын эрх зөрчигдөх, дарамт шахалтад орох, гадуурхагдах, байдал даамжирч байгаатай холбогдуулан энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм.
-Ямар барилгуудын ажилчидтай уулзсан бэ?
-Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа MCS компанийн захиалгаар бариулж байгаа барилгын 110 орчим ажилтан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторын барилгыг барьж буй 50 орчим хятад ажилчинтай уулзсан. Уулзалтад тухайн барилгыг бариулж байгаа байгууллагуудын удирдах ажилтнууд оролцсон.
-Голчлон ямар сэдвээр ярьсан бэ?
-Манай улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын бүх орны иргэд энд байх хугацаандаа манай улсын иргэнтэй адил эрх, үүргийг хүлээсэн байдаг. Хүлээлгэх хариуцлага, тооцох шийтгэл яг, эдлэх эрх зэрэг нь ижил гэсэн үг. Үүнийг сайтар тайлбарласан. Тэдний хувьд эх орноосоо өөрийн хүсэлтээрээ ирсэн ч гэсэн нутгаа, гэр орноо санасан сэтгэл зүйн ямар нэгэн өөрчлөлт орсон, орчноо хүлээж авах чадвар гүй болсон хүмүүё байгаа нь анзаарагдсан. Бид ганцхан хууль, гэмт хэрэг яриагүй бүр нарийн сэтгэл зүйд нөлөөлөх яриаг ч хүртэл ярилцсан.
-Эдгээр барилга дээр ажиллаж байгаа ажилчдаас гэмт хэрэгт холбогдсон хүн бий юу?
-Энэ хоёр барилгын ажилчдаас гэмт хэрэгт холбогдсон тохиолдол байхгүй байгаа.
-Гадаадаас ирж ажиллаж байгаа иргэд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн. Ямар хэрэгт холбогдох нь элбэг байгаа вэ?
-2012 оны эхний таван сарын байдлаар гадаадын 36 иргэн манай улсад гэмт халдлагад өртсөн байгаа юм. Тодруулбал, БНХАУ-10, БНСУ-12, ОХУ-3, Япон-2, АНУ-3, бусад улс орны зургаан хүн байгаа юм. Харин он гарсаар эрүүгийн хэрэгт холбогдон ял авсан, шалгагдаж байгаа 35 иргэн байгаа юм. Эдгээр иргэдээс БНХАУ-14 иргэн байгаа юм. Энэ тоог хэргийн өнгөөр авч үзвэл, залилах 5, бусдын биед гэмтэл учруулсан 2, танхайрсан 2, нэг хүн ашиглалтын гэмт хэрэг үйлдсэн байгаа юм. Урьд оны мөн үеийнхтэй гадаад иргэн холбогдсон хэрэгтэй харьцуулан үзэхэд 191,6 хувиар өссөн байгаа юм. Ажилчдын тоо нь БНХАУ, БНСУ-ын иргэд олон байгаа болохоор гэмт хэргт холбогдох нь ч мөн адил их байгаа юм.
-БНХАУ-ын хэдэн хүн манай улсад ял эдлэж байгаа вэ?
-Үүнийг сайн мэдэхгүй байна. Шүүхийн байгуулага илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.
-БНХАУ-ын иргэд захиргааны зөрчил гаргах нь ихэссэн гэж сонссон?
-Тэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хэл амаар доромжлох, танхайрах, замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг зөрчлүүдийг голдуу гаргадаг. Бид ярианыхаа үеэр захиргааны зөрчил гаргах, эрүүгийн хэрэгт холбогдвол хүлээх хариуцлага зэргийг сайтар тайлбарлаж ойлгуулсан. Манайд ажиллахаар орж ирсэн, олон улсын жолооны эрхтэй ажилчид замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь дийлэнхи хувийг эзлэдэг. Гадаадын иргэдэд олон улсад жолоодох эрх нь байдаг гэтэл манай улсын замын тэмдэг тэмдэглэгээ мэддэггүй юм.
-Жолооч хийлгэхээр бас ажилчид оруулж ирдэг гэсэн үг үү?
-Олон улсын жолооны үнэмлэхтэй болохоор нь барилгын материал, ажилчдаа зөөлгөх гээд bongo, porter зэрэг машин бариулчихдаг. Гэтэл тэдгээр нь гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ, үргэлжилсэн цагаан шугамыг хүртэл мэддэггүй. Тиймээс машин бариулах гэж байгаа бол удирдлагууд нь замын хөдөлгөөний дүрмийг ажилчиддаа танилцуулах, мэдүүлэх шаардлагатай байгаа юм.
-Цаашид хятад ажилчидтай бүх барилгуудаар явах уу?
-Ямартай ч нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх хятад ажилтантай барилгуудад очиж яриа, мэдээлэл хийнэ. Цаашид долоо хоногт хоёроос гурван барилгын ажилчидтай уулзах төлөвлөгөөтөй байна.
-Хууль бусаар хятадуудыг оруулж ирэн ажиллаж байгаа барилгууд байдаг. Эдгээрийг шалгаж, тогтоох уу?
-Консулд ч мэдэгдээгүй, манай иргэн харъяатын газар ч мэдэгдээгүй хууль бусаар гадаадын иргэдийг оруулж ирэн ажиллуулж байгаа газрууд байгаа. Бид энэхүү ажлынхаа хүрээнд эдгээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, албан байгууллагыг олж илрүүлэх болно. Жижиг, цөөхөн ажилтантай ч байсан бид уулзалт зохион байгуулах болно.