Монголбанк бодлогын хүүг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Монголбанк бодлогын хүүг хэвээр үлдээв

Монголбанкны Захирлуудын зөвлөл энэ сарын 21-нд хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 13.25 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд өөрчлөлт орохоор хүлээгддэг. Монголбанкны бодлогын хүүний өөрчлөлт нь Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлого аль чиглэлд /хатуурах, зөөлрөх/ өөрчлөгдөж буйг илтгэхийн сацуу банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг. Тогтмол хүүтэй, энэхүү үнэт цаасыг 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр Монголбанкнаас арилжаалдаг.

Монголбанкны бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг билээ. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг байна.Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бол 2007 оны 10, 11 дүгээр сард 1 нэгж хувиар, 2008 оны 3 дугаар сард 1.35 нэгж хувиар, 9 дүгээр сард 0.5 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж 10.25 хувь хүргээд, харин 11 дүгээр сард бодлогын хүүг 9.75 хувь болгон бууруулж байв. 2008 оны сүүл, 2009 оны эхээр дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Монгол улсын эдийн засагт шууд нөлөөлж, инфляцийн түвшин жилийн 34 хувьд хүрч байснаас шалтгаалан Монголбанк 2009 оны 3 дугаар сард бодлогын хүүг 14 хувь хүртэл нэмэгдүүлж байв. Харин 2009 оны 5, 6 болон 9 дүгээр сард Монголбанк бодлогын хүүгээ нийт 3 удаа бууруулж 10 хувьд хүргэсэн юм.

2010 оны өвлийн зуд, мөн оны 4 дүгээр сараас иргэн бүрт Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө олгож эхэлсэнтэй холбоотойгоор нийлүүлэлтийн болон эрэлтийн гаралтай инфляци өдөөгдөж суурь инфляцид нөлөөлж эхэлснээр Монголбанк 5 дугаар сард бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлэн 11 хувьд хүргээд байсан бол 2011 оны 4-р сарын 27-нд суурь инфляцийн өсөлт, илүүдэл мөнгөний нийлүүлэлт зэрэг эдийн засгийн хэт халалтын шинж тэмдгүүд илэрч эхэлсэнтэй холбогдуулан бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 11.5% болгосон байна.

Хүний хөгжил сангаас олгож буй бэлэн мөнгө, төсвийн өндөр зарлага, хувийн хэвшлийн эрэлтийн өсөлт, төрийн зохицуулалттай зарим барааны үнэ өссөнөөс суурь инфляци 2011 оны 3-7 дугаар сарын турш тасралтгүй өссөн тул Монголбанк 8 дугаар сарын 24-нд бодлогын хүүг 0.25 нэгж хувиар нэмэгдүүлж 11.75 хувьд, 10 сарын 25-нд бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 12.25 хувьд хүргэсэн.

2012 онд төсвийн сулралт, бэлэн мөнгө тараалт, эрэлт ба нийлүүлэлтийн гаралттай инфляцийн даралт буурахгүй байгаатай холбогдуулан 2012 оны 4 сарын 17-нд бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 13.25 хувь болгосон байна.

Эх сурвалж: www.mongolbank.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж