Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртсэн ОХУ-ын Соёлын сайд асан А.А.Авдеевт шагналыг нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Москва хотноо гардуулав.
Шагнал гардуулах ёслолын үеэр Элчин сайд Д.Идэвхтэн хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүрэг болгосны дагуу манай улсын хөгжил цэцэглэлтэд үе удмаараа, гэр бүлээрээ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн танд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон гардуулах гэж буйдаа баяртай байна гэж тэмдэглээд Танай гэр бүлийнхэн өнгөрсөн зууны дунд үед Монгол Улсад амьдарч эцэг тань манай улсын соёл гэгээрлийн, эх тань эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байсан бол та өөрөө хүүхэд насныхаа нэгэн үеийг өнгөрөөсөн Монгол Улсын соёлын салбарын хөгжилд үнэтэй хувь оруулж иржээ. Таныг ОХУ-ын Соёлын сайдаар ажиллах хугацаанд Монгол Улс, ОХУ-ын соёлын салбарын хамтын ажиллагаа идэвхжин хөгжиж олон жилийн туршид тасраад байсан Монголын соёлын өдрүүд ОХУ-д, ОХУ-ын соёлын өдрүүд Монгол Улсад амжилттай зохион байгуулагдсан билээ. Монголын авъяаслаг хүүхэд залуучууд ОХУ-ын нэр хүндтэй соёл, урлагийн сургуулиудад суралцдаг сайхан уламжлалыг дахин сэргээж, ОХУ-д дахь монголын соёлтой холбогдох өвийг хамгаалах, тэдгээрийг эрдэм шинжилгээ, сурталчилгааны ажлын эргэлтэд оруулахад биечлэн анхаарч ирсэнд гүн талархал илэрхийлье хэмээн хэлэв.
Соёлын сайд асан А.А.Авдеев “Алтан гадас” одон хүлээн аваад хоёр орны соёлын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж төрийн одон хүртээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр цааш нь хоёр орны соёлын харилцааны түвшин, цаашдын хөгжлийн боломжийн талаар яриад өнөөдөр миний бие аавынхаа нэгэн адил “Алтан гадас” одонтон болж байгаадаа баяртай байна. Ээж маань ч Улаанбаатарт мэс заслын эмчээр 6 жил ажиллаж олон зуун монгол хүний хайр хүндэтгэлийг хүлээж байлаа. Манай гэр бүлийнхэн Монгол Улс, монгол хүн, монголын соёл, зан заншлын хосгүй сайхныг сэтгэл зүрхээрээ хүндэтгэж биширдэг. Монголд байсан үеэ аав ээжийнхээ хамт санан дурсдаг байсан тэр мөчүүд амьдралын маань хамгийн аз жаргалтай агшингуудын нэг байжээ хэмээн дурсаад миний гарт байгаа эцгийн маань, энгэрт минь гялалзаж байгаа Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон Авдеевхний нэгэн нандин өв байх болно гэж хэлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.