Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар нь хилийн 26 боомтод 11 алба 8 төлөөлөлтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ оны хагас жилийн байдлаар Монгол улсад нэвтрэх визгүй ирсэн, зорилгоо тодорхойлж чадаагүй болон бусад шалтгаанаар 30 гаруй орны 1299 гадаадын иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэлгүй буцаасан байна. Мөн хөдөө орон нутагт болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагад шалгалт тогтмол хийснээр энэ оны эхний зургаан сарын байдлаар 813 гадаадын иргэнд захиргааны арга хэмжээ авч, мөн гадаадын 18 иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэн, 224 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.
Оны эхний хагас жилийн байдлаар Гадаадын иргэн ажилладаг 390 аж ахуй нэгж байгууллагад 103 удаа хяналт шалгалт хийснээс 1992 гадаадын иргэний бичиг баримтыг шалган гарсан зөрчилд хуулийн дагуу 350.8 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулан улсын төсөвт төвлөрүүлээд байгаа аж.
Д.ЖАРГАЛ