Малын индексжүүлсэн даатгал хэрэгжиж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Малын индексжүүлсэн даатгал хэрэгжиж эхлэв

Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Малын индексжүүлсэн даатгал төсөл” Архангай аймагт хэрэгжиж эхлэв.

Төслийг амжилттай хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд сумдад даатгалын төлөөлөгч, сургагч багшаар ажиллах иргэдийг сонгож авах, сургаж бэлтгэх, орон нутагт тухайн ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий төрийн албан хаагчдад ажил хэргийн мэдлэг олгох ажлыг ээлж дараатай явуулснаар даатгалын төлөөлөгчөөр 72, сургагч багшаар 19 хүн бэлтгэгдэн “Монгол”, “Тэнгэр”, “Практикал” даатгалын компанийн төлөөлөгчид малын эрсдэлийн даатгалын үйл ажиллагааг тус аймагт явуулж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн аймгийн салбар, сумдын ЗДТГ, сургагч багш, даатгалын төлөөлөгчид хамтран Малын индексжүүлсэн даатгалын мөн чанар, агуулга ач холбогдлыг малчдад сурталчлан таниулах ажлыг дөрөвдүгээр сараас зохион байгуулж, мал сүргийг малын эрсдэлийн даатгалд хамруулах ажиллагааг эхлүүлснээс хойшхи хугацаанд аймгийн малчин өрхийн 8.2 хувь буюу 1200 гаруй өрх хамрагдаж 95.3 сая төгрөгийн хураамж төлөөд байна.

Хайрхан сумын иргэн Монгол Улсын гавъяат малчин О.Дорж дөрвөн төрлийн малаа 3.0 сая төгрөгийн, улсын сайн малчин С.Даваадорж 2.0 сая төгрөгийн, Эрдэнэбулган сумын нэгдүгээр багийн малчин Б.Базаргүр гурван төрлийн малаа 1.1 сая төгрөгийн хураамж төлж даатгуулав. “Малын эрсдэлийн даатгалын борлуулалтын үйл ажиллагаа энэ сарын 30-наар хаагдана” гэж төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтан Д.Данзан мэдээлэв.

Л.Булган /Архангай/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж