Наадмаар энгийн монгол дээлээр гоёно

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Наадмаар энгийн монгол дээлээр гоёно

Үндэсний их баяр наадам айсуй. Наадам, цагаан сараар монголчууд үндэсний дээл, хувцасаараа гоён тэр жилийн өнгөө тодорхойлдог билээ. Үүнийг дагаад жил бүрийн  үндэсний томоохон баярын өмнө монгол дээлний захиалга ихэсч хаа газрын хувцас загварын салон том жижиг гэлтгүй ачаалалтайгаар иргэдэд үйлчилдэг. Тиймээс жил бүрийн наадмын дээлний өнгө, загварыг тодорхойлдог “Монгол костюмс” төвийг зорин очиж,  “Монгол костюмс” төвийн дизайнер Э.Баярзултай уулзлаа.

-Удахгүй наадам болно. Хүн болгон л үндэсний дээл хувцасаараа гоёдог шүү дээ. Энэ наадмын гоёлд ямар загварын дээл зонхилж байна?

-Энэ зуны сонголтод хөнгөн бөгөөд нимгэн материалаар хийгдсэн дээлүүд зохилж байгаа. Өмнө нь материалын сонголтгүйгээсээ болоод Хятад зузаан торгоор хийсэн дээл захиалдаг байсан бол энэ жил Энэтхэг сарины материал, Ветьнам торгоор хийх дээлний захиалга ихэссэн. Энэ материалнуудаар  хийсэн дээл нимгэн, хөнгөн, хөлөргөхгүй гэсэн давуу талуудтай. Мөн цэвэр даавуун дээлийг хүмүүс ихээр хэрэглэх болсон. Загварын хувьд энгийн монгол загвар зонхилж байгаа. Энгийн монгол дээл энэ жилийн наадмын гоёо байна.

-Өнгөний тухайд?

-Ерөнхийдөө цайвар өнгийг илүүтэй сонгож байгаа. Гэхдээ өнгөний сонголтыг яг тэр гээд нэрлэхэд хэцүү шүү дээ. Манай байгаа материалууд давтагдаад байдаггүй. Бид энэ жилийн өнгө гэж явцуурахгүй захиалагчдаа зөвлөгөө өгч хамтран ажилладаг. Тухайн хүний арьс, үс, нүдний өнгийг харж байгаад тэр хүнд ямар өнгө зохих уу, бас бие хэлбэрт нь зохицуулж сонголтыг хийж өгдөг.

-Танай төвийн хувьд баяр наадамтай холбогдуулаад захиалга ямар байна?

-Өмнө нь Үндэсний баяр наадмын онцлогтой холбоотойгоор дээл хувцас хийдэг бүхий л газарт наадам, цагаан сараар захиалга ихэсдэг. Гэхдээ сүүлийн таван жилд ажиглаад байхад баяр гэлтгүй манайхан үндэсний хувцасаа өргөн дэлгэр хэрэглэх болсон. Төрийн өмсгөлийн түвшинд хүрэхээр үндэсний дээл хувцас маань буцан сэргэж байгаа. Манайх баяр наадмаас сарын өмнө захиалгаа хаадаг.  Захиалгаа зогсоочихсон байгаа ч манайд дэлгүүрт бэлэн үндэсний дээл хувцаснууд сонголт сайтайгаар худалдаалагдаж байгаа.

-Загвар, материалаасаа шалтгаалаад дээл нэлээд өртөг өндөртэй гардаг шиг байгаа юм. Танайх нэг дээлийг ямар үнээр оёдог вэ?

-Материалнаасаа хамаараад янз бүрийн үнэтэй л дээ. Гэхдээ бусад салонуудтай харьцуулахад хямдхан гэж боддог. Манай нэг энгийн дан дээл 300 мянган төгрөгөөс эхлэдэг. Харин дээл, хантааз юм уу дээл цэгдэгийг 600 мянган төгрөг дотор захиалан хийлгэх боломжтой. Манай төв хэрэглэгчид юу хүсч байна түүнийг л бид хийнэ гэсэн зорилго тавин ажилладаг. Бид материалын хувьд маш их сонголттой байгаа. Энэтхэг, Хятад, Япон, Солонгос, Веьтнам гээд олон төрлийн даавуу, торго, силк гээд материал бүр дээрээ зориулаад технологийн хувьд өөрчлөгдсөн дээл хувцасуудыг оёдог. Жишээ нь Ветьнамын намирсан силкэн материалаар дээл хийлгэе гэхэд бид нар түүнд нь зохицуулан эмжээр, хошмог ч юм уу хийж өгдөг. Бидний гол зорилго бол үндэсний хувцасны хэрэглээг өндөрсгөж, уламжлалт байдлыг хадгалж үлдэх юм. Тиймээс үндэсний хувцасыг учиргүй эвдээд, загварчлаад байдаггүй. Уламжлалт зүйлээ уламжуулан, хэрэглэгчдэд зөв хүргэн, үндэсний хувцасны өнгөний зохицол, оёдол, хатгаас, шидээс энэ болгоныг цогч байлгах нь бидний гол зорилго.

-Аялал жуулчлалын улирал эхэлчихлээ.  Танайх жуулчдад зориулан ямар арга хэмжээ зохиохоор төлөвлөж байна вэ?

-Жуулчны улирлыг угтан уламжлал болон зохион байгуулдаг арга хэмжээнүүд маань олны хүсэн хүлээсэн арга хэмжээ болоод удаж байна. Тухайлбал, “Дээлтэй Монгол”, “Гайхамшигт Монгол Хувцас” наадам, “Театр Мода” гэх зэрэг. Түүнээс гадна бидний явуулдаг хувцас захиалга, фото студи, музей, загварын тоглотууд гэх зэрэг үндсэн үйл ажиллагаа маань ч дан ганц жуулчин гэлтгүй гадаад дотоодод байдаг монголчууддаа ч мөн эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Мөн ЮНЕСКО-д тоглосон тоглолтоо бид монгол үзэгчиддээ тоглохоор зэхэж байна. Мөн ирэх жил байгууллагын маань 10 жилийн ой тохиож буй тул хийж бүтээх, олон түмэндээ сонирхуулах олон сайхан арга хэмжээнүүдийг ирэх долдугаар сард хийхээр төлөвлөсөн байгаа.

-ЮНЕСКО-гын тайзнаа толилуулаад ирсэн “Монгол хувцасны нууц товчоон” загварын театрчилсан шоуг өмнө нь монголчуудад хүргэж байсан. Энэ удаагийнх өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ?

-“Монгол хувцасны нууц товчоон” загварын түүхчилсэн тэр тоглолтын ерөнхий суурь бол байсан. Гэхдээ бид тэр тоглолтын тавилт, ерөнхий утгыг мэргэжлийн өндөр түвшинд хүртэл сайн ажилласан. Мэргэжлийн найруулагч, бүжиг дэглээч, уран нугараач, морин хуурч, хөөмийтөй базан эрчимтэй нэг сарын бэлтгэлээ энд хийгээд ЮНЕСКО-н тайзнаа тоглолтоо толиулсан. Бид Монгол орон, монгол үндэсний хувцасны нүүр царай, нэр хүндийг өргөх үүднээс ихэнх дээл хувцасаа шинэчилсэн. Үүнд, дээл, хувцасныхаа гар ажиллагаа, технологийг сэргээн дарханы ажлуудыг хийхдээ мэргэжлийн зээгчид, урчууд, түүхчид, эрдэмтэдтэй  гээд олон хүмүүстэй хамтран ажилласан. Бүх судалдгаа шинжилгээгээ баттай болгосны үндсэн дээр бид нар дээл хувцасаа хийн тайзнаа үзүүлсэн. Энэ тоглолтоо монглынхоо үзэгчдэд дахин шинэчилсэн хувилбараар ирэх долдугаар сард толилуулахаар төлөвлөөд байгаа.

-Монголын шилдэг загвар өмсөгчдөөс хэн хэн ЮНЕСКО-гын тайзнаа үндэсний хувцасыг амьдруулсан бэ?

-“Монгол костюмс” төвийн харъяа загварын төвийн моделиудаас гадна онцлоод хэлэх юм бол топ модель Г.Уранцэцэг, “Miss Internaional”-ын мисс И.Төгсөө нар багтсан. Манай загвар өмсөгчид монгол үндэснийхээ хувцасыг театрчилсан байдлаар маш сайн илэрхийлж чаддаг.

-Францад энэ үеэрээ үзэсгэлэн худалдаа юм уу, монгол хувцасыг сурталчлах арга хэмжээ зохиосон уу?

-Ердөө гуравхан хонгийн хугацаатай явсан тул үзэсгэлэн худалдаа гаргаж амжаагүй. Харин ирэх арванхоёрдугаар сард “Galeries Lafayette” хэмээх Парис хотын зурхэнд орших загварын томоохон төвийн нэг болох худалдааны төвийн 100 жилийн ойн арга хэмжээнд уригдсан. Мөн “Bal du Paris” хэмээх Европын язгууртануудын цэнгүүнд оролцох урилга хүлээн авсан. Монгол хувцас, өв соёлоос гадна монгол загварыг танилцуулах томоохон боломж олдсонд баяртай  байгаа.

“Монгол хувцасны нууц товчоон” загварын шоуны зургийг ЭНД дарж үзнэ үү

Мөн энэхүү бичлэгийг та бүхэнд толилуулж байна

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж