Н.Энхбаяр Арабын шейхээс мөнгө завшжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр Арабын шейхээс мөнгө завшжээ

Авлигын хэргээр шүүгдэж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын ерөнхийлөгч байхдаа хийсэн зарим “сайн” үйлс нь түүнийг хэрэгт татаж, шүүхийн өмнө нүдээ анин залбирахад хүргэсэн билээ. “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар Таймс” сонины байрыг хууль бусаар хувьчилсан гэх зэргээс гадна Н.Энхбаярыг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байсныг гэрчлэх бас нэгэн баримт дэлгэгдэж эхэллээ.

Арабын ертөнцийн бизнесийн нэр хүнд бүхий “Арабын бизнес” /”Arabian business”/ сэтгүүлд Намбарын Энхбаяр, түүний гэр бүлийн хүн О.Цолмонгийн нуугдмал бизнестэй холбоотой мэдээлэл гарч байжээ.

Энэ сэтгүүлийн 2010 оны 10-р сарын 31-ний дугаарт Саудын Арабын хунтайж  Аль Валийд Бин Таталын “HRH” /His Royal Highness/ сангаас Монголын “Монголын соёлын өв олон улсын нийгэмлэг”-т их хэмжээний хандив өгч байсан тухай гарсан байна.

“Монголын соёлын өв олон услын нийгэмлэг”-ийг Н.Энхбаярын гэргий О.Цолмон үүсгэн байгуулсан бөгөөд Монгол улсаас Франц улсад сууж байсан элчин сайд Р.Алтангэрэл, Герман улсад сууж байсан элчин сайд Т.Галбаатар, Н.Энхбаярын гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатар нарын хүмүүс Удирдах зөвлөлд нь багтжээ. Саудын хунтайж Аль Валид Бин Татал нь Өрнө болон Дорнын орнуудын эмэгтэйчүүдэд туслах, ядуурлыг бууруулах зорилгоор сүүлийн жилүүдэд 3 тэрбум долларын хандив өгчээ. Үүнээс зарим нь Н.Энхбаяр, О.Цолмон нарын санд очсон ч хаагуур, яаж урссан нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм.

Хунтайж Аль Валид Бин Таталын компаниуд барилга, үл хөдлөх хөрөнийн салбарт үйл ажиллагаа явуулдагаас гадна садар самуун явдал, хар тамхи, мөнгө угаасан зэрэг хэрэгт олон холбогдож байсныг хэвлэлүүдээс харж болно. Тэрбээр Монголд хоёр удаа ирсэн. 2007 оны наймдугаар сар болон 2008 оны гуравдугаар сард манай улсад айлчилж, Н.Энхбаяртай уулзаад явжээ.

О.Цолмонгийн нэр дээр байдаг “Монголын соёлын өв олон улсын нийгэмлэг”-ийн шугамаар гадаадад байсан Монголын соёлын үнэт зүйлс эх орондоо ирсэн ч газрын гаваар орсон мэт алга болчихдог гэлцдэг. Тухайлбал АНУ-д амьдарч байгаад тэнгэрт хальсан Дилав хутагтын хэрэглэж байсан эд хэрэгслийг өвлөж авсан Жамбалдорж гуай Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд итгэж Н.Энхбаярт өгсөн гэдэг. Дилав хутагтын эд өлгийг Монголын түүхийн музейд хадгалуулахыг хүссэн ч одоо хэр нь хаана байгаа нь тодорхойгүй, сураг алдарсан гэнэ. Жамбалдорж гуай ч 2011 оны 12-р сард 104 насандаа Нью-Иорк хотод таалал төгсч, Дилав хутагтын өвийг нэхэж сураглах хүнгүй болсон аж.

Мөн 2008 онд Германы ерөнхийлөгч Монголд айлчлахдаа Н.Энхбаярт Берлин хотын төв номын санд хадгалагдаж буй Монголын түүхийн газрын зургуудын 300 гаруй хувийг өгч байсан гэж ярьдаг. Гэсэн ч эдгээр зургууд манай музей, судлаачдын гар дээр очоогүй тухай зарим хүн хэлдэг аж.

Н.Энхбаярын Арабын шейхээс эхнэрийнхээ нэр дээр байдаг төрийн бус байгууллагаар дамжуулж  авсан их хэмжээний мөнгө хэний халаас руу орсон тухай мэдээллийг холбогдох албаныхан багагүй сонирхож эхэлсэн сурагтай.

Эх сурвалж: WWW.24TSAG.MN


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж