Хэргийг сануулбал, Ш.Адилбек нь К.Ерлан, Ж.Ганибет нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцож, өнгөрсөн оны 4 дүгээр сарын 14-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Х, Б нарт ноолуур өгнө гэж дуудаж аваачин, тус бүрийн толгойд чулуугаар цохиж, шунахайн зорилгоор, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа, уг гэмт хэргийг үйлдэхээ хялбарчлах, нуун далдлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар санаатайгаар хоёр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн. Мөн тэрээр Ж.Ганибеттэй бүлэглэж хохирогч Х, Б нарын цогцсыг, “УАЗ- 31514” маркийн машин, дотор нь байсан ноолуур, бэлэн мөнгө зэргийн хамт шатааж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан аж. Ш.Адилбек нь мөн дангаараа 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган сумын нутаг Ярантын боомтоор БНХАУ руу өөрийн Е серийн паспортаар зорчоод, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 05 цагийн үед Хилийн 121 дүгээр тэмдэгтийн орчмоор Монгол Улсын хилийг БНХАУ-ын талаас хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн юм.
Харин Г.Бямбадорж нь 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б-гийн гэрээс мөнгөн аяга, ээмэг, бөгж, бэлэн мөнгө зэрэг нийт 2 сая 800 мянга гаруй төгрөгийн эд зүйл дээрэмдэхдээ өөрийн эмэг эх 65 настай О-г шунахай сэдэлтээр, зодож, цээжин тус газар нь 3 удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Мөн 2006 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Н.Мөнх-Учрал нартай бүлэглэн иргэн А-г нүүр аманд нь өшиглөх зэргээр зодож, хэвлий, гаран тус газар нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулан 86 000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн, 2009 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд иргэн У-г “хутгална шүү” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж, 515 000 төгрөгийг эд зүйлийг дээрэмдсэн, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргэн ах Э-г хүч хэрэглэн зодож, түүний гэрээс 1.1 сая төгрөгийн үнэ бүхий компьютерийг дээрэмдсэн, 2009 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд иргэн О-ын гар цүнхийг булааж, 275 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн аж. Түүнчлэн 2008 оны 12 дугаар сараас 2009 оны 9 дүгээр сарын эх хүртэл ганцаараа болон бүлэглэн бүгд 5 удаагийн үйлдлээр бусдын нийт 5 сая гаруй төгрөгийн үнэтэй эд зүйлүүдийг хулгайлсан байна.
А.Баянмөнх нь 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүйтний Хонхорхойн адаг гэх газарт өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар иргэн М-ыг олон удаа хутгалж, С-ийг бууны бөгсөөр толгойн тус газар нь олон удаа цохиж санаатайгаар алсан, гэрт байсан 1 нас 9 сартай Х-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүчтэй өшиглөн авдар мөргүүлэн хүнд гэмтээж алахыг завдсан гэмт хэргийг үйлджээ. Мөн хохирогчдыг алсныхаа дараа М-ын эмээл, хазаартай морь, дээл, малгай, бүс, гутал зэргийг хулгайлсан. Түүнчлэн мөн шөнөдөө Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Тавантолгой гэх газраас иргэн Б-ийн 18 адууг хулгайлж 8 сая 50000 төгрөгийн хохирол учруулжээ.Үүнээс өмнө 2011 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дээд буурт гэх газраас иргэн Б-ын 8 адуу, эмээл, хазаар, Ц-ийн 29 адууг тус тус хулгайлж, нийт 12 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан аж.