Хугацаат цэргийн албыг хааж байсан залуу 1962 онд морин тойруулга нээгдэхэд туслах цэрэг, тахчинаар ажиллах болсон гэдэг. Ингээд албаны гурван жил нь харвасан сум шиг өнгөрч нутаг орондоо буцах цаг нь болоход танил болсон морьд, найз нөхөддөө хоргодсон шинэхэн ахлагч морин тойруулгадаа улиран ажиллахаар шийджээ. 1968 оны 6 сарын 11нд Бэгзсүрэн ахлах дэслэгчийн удирдлаган доор Самдан агсан, Дашдоржийн хамтаар сэлгээний гурав гурав, нийт есөн морьтой баруун найман аймаг, 200 гаруй сумдыг дайран 4800 километрийн морин яалал хийн 99 хоногийн дараа буюу 9 сарын 17нд Улаанбаатар хотноо ирсэн гэдэг. Энэ мэтчилэн саадтай харайлт, морин аялалаар мэргэшсэн морин спортын нэгдүгээр зэргийн тамирчин, моринд сэтгэл зүрхээ зориулдаг байсан хэмээн хамт ажиллаж хөдөлмөрлөж байсан хамт олон нь дурссанс байдаг.
Тэрээр 1965 оноос мөн морин тойруулгын уяачаар ажиллаж 1972 онд буюу Ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмаар зээрд халзан соёолон түрүүлгэн, “Ангир” дуудлагатай хонгор соёолон, “Үүлэн” дуудлагатай саарал хязааланг тус тус аман хүзүүдүүлж, “Сүмбэ” дуудлагатай сартай хүрэн хязааланг айргийн гурваар хурдлуулсан байдаг юм. Мөн 1974 онд буюу Ардын хувьсгалын 53 жилийн ойн баяр наадмаар “Янзага” дуудлагатай хүрэн хязаалан, “Салхин” дуудлагатай зурвас хүрэн халзан соёолон айргийн дөрвөөр давхиулж, 1975 оны баяр наадамд “Янзага” хүрэн халзан соёолонгоо түрүүлгэж, 1976 онд буюу Ардын хувьсгалын 55 жилийн ойн баяр наадмаар “Тайван” дуудлагатай хүрэн халзан шүдлэн түрүүлгэж, “Салхин” дуудлагатай зурвас хүрэн халзан азаргаа айргийн гурваар давхиулж байсан билээ.
Ийнхүү тойруулгын уяачаар 14 жил ажиллахдаа төрийн наадмаас дөрвөн түрүү, таван айраг хүртэн 1991 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн юм. Тойруулгаас гарсныхаа дараа С.Самдан агсан МУ-ын Манлай уяач Б.Содномцогийн морийг уядаг байсан бөгөөд 1996 онд МУ-ын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.