
Сүүлийн хоёр жил дараалан Канадын багийг шигшээд мулталж, дэлхийн аваргаар тодорсон орос ах нар Ванкуверийн олимпийн наадмын хариугаа нэхэхээр өрсөлдөж байгаа. Александр Овечкинаар ахлуулсан оросын хоккейчид өчигдөр “А” хэсгийн хоёр дахь тоглолтоо хийж, Казахстаны багийг 4:1 харьцаатай буулган авснаар хэсэгтээ тэргүүлж, дараагийн шатанд өрсөлдөх нь тодорхой болсон юм. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Капиталс”-т хүчин зүтгэдэг Овечкин багийн анд Александр Семиний хамт багаа ялалтад хүргэсэн. Кёльн хотноо болсон өчигдрийн тоглолтод Овечкин нэг гоол оруулж, харин Семин нэг гоол, хоёр гоолын дамжуулалт өгсөн бөгөөд дээр нь Ковальчук, Гребешков нар өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар өрсөлдөгчөө төвөггүй буулган авчээ. Харин Казахстаны багаас Дмитрий Дударев гоолдсон байна.
Мөн өнгөрсөн шөнө “А” хэсгийн Беларусь, Словак нарын тоглолт болж, 4:2 харьцаатай Словакийн багийн ялалтаар өндөрлөсөн бол “С” хэсэгт Норвег 3:2 харьцаагаар Чехийн багийг, Шведийн хоккейчид 3:2-оор Францын шигшээг тус тус хожсон байна.
Харин өнөөдөр орой монголын цагаар 22.15 цагаас “В” хэсгийн Итали, Латви болон “D” хэсгийн Дани, Германы багийн тоглолт болох бөгөөд 02.15 цагаас мөн “В” хэсгийн Канад, Швейцарь, “D” хэсгийн Финлянд, АНУ-ын багийн тоглолт болно.
С.Цэлмэг