”Мөнгө дургүй зүйлээ хийхгүй байх боломж олгодог”

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

”Мөнгө дургүй зүйлээ хийхгүй байх боломж олгодог”

Холливудын супер од Брюс Уиллис ОХУ-ын “Московский Комсомолец” сонинд ярилцлага өгчээ.

-Он жил өнгөрөх тусам туршлага, мэргэн ухаан суудаг. Гэхдээ одоо ч гэсэн чадахгүй юм танд байгаа юу?

-Би орчин үеийн техник технологид сайнгүй. Заримыг нь яаж асаах, унтраахыг ч мэддэггүй. Одоогийн залуус энэ бүхнийг хурдан сурч байгаа нь үнэхээр гайхмаар. Би компьютер энэ тэр дээр ч хүүхдүүдээсээ тусламж хүсдэг. Гэхдээ цахилгаан шуудангаар захиа илгээж, хүлээн авч чадна шүү. Харин нийгмийн сүлжээний сайтыг ашиглаж үзээгүй.

-Тэгвэл энэ бүх хугацаанд юу сурав даа?

-Юу ч төлөвлөхгүй байхыг сурсан. Жүжигчдийн хувьд энэ үнэхээр хэцүү. Гэвч би нэг л өдрөөр амьдардаг. Асуудал гарч ирэхийн хэрээр шийддэг. Ингэх нь амар хялбар байдаг.

-Олон залуу таных шиг биетэй болохыг мөрөөддөг?

-Энд ямар ч нууц байхгүй. Би өдөр бүр спорт зааланд хичээллэдэг. Бас өглөө бүр гүйдэг. Мэргэжлийн шаардлагаар гэх үү дээ. Эс бөгөөс би экшн кинонд тоглож чадахгүй шүү дээ. Зорилготой, ингэж амьдрах нь надад таалагддаг. Биеэ дайчлан, өөр юу хийж чадахаа сорьж үздэг гэхэд болно. Өтөлж ядран, гар нь салганасан өвгөн болтлоо ажиллана гэж би боддог. Үнэндээ өсвөр залуу насандаа мөрөөдөж явсан зүйлс маань бараг бүгд биелсэн.

-“G.I. Joe. Кобрын дайралт” кино таны хувьд өөрийгөө сорих бас нэгэн шалгалт уу?

-Энэ кино миний хувьд их ач холбогдолтой. Би багадаа “G.I.Joe цэргүүд” тоглоомоор тоглох дуртай байсан. Иймээс л би тоглохыг зөвшөөрсөн юм.

-Таны тоглосон киноны баатрууд өөртэй чинь төстэй мэт?

-Бараг л тийм. Би бүтээсэн бүх дүрдээ жинхэнэ “би” ба жүжигчний ур чадварыг 50:50 харьцаатай шингээдэг. Заримдаа би тэдгээр дүрд хувийн чанараа илүү их нялзаадаг.

-Кино урлагт өөр юу хийж үзэхийг хүсч байна?

-Найруулагч хийж үзэхсэн гэж боддог. Тэгвэл би бүх жүжигчинтэй гэрээ байгуулна. Хэрэв жүжигчинд тоглолт нь таалагдахгүй бол дахиад зураг авна гэсэн тийм гэрээ. Хамгийн гол нь эцсийн үр дүнд бүгд сэтгэл хангалуун байх ёстой.

-Та гурван жилийн өмнө хэзээ ч дахиж гэрлэхгүй гэсэн. Яагаад хэлсэн үгэндээ хүрсэнгүй вэ?

-Бодвол тэр үед би их ганцаардмал байсан байх. Тэгээд ч ийм алхам хийлгэх хүн дэргэд байгаагүй. Бүх юм өөрчлөгддөг, хувирдаг. Харин дараа нь би Эмматай учирсан юм л даа.

-Таны бага охин Мейбел Рей энэ жил төрлөө. Энэ санамсаргүй тохиолдол уу. Та дахиж хүүхэдтэй болно гэж төлөвлөж байсан уу?

-Мэдээж, би үргэлж олон хүүхэдтэй болохыг хүсдэг байлаа. Эмма бид хоёр хуримаа хийсний дараагаас жирэмслэлтээс сэргийлэх арга хэмжээ авахаа больсон. Иймээс Мейбел бол “төлөвлөгөөт хүүхэд”.

-Танай том охин кинонд их тоглож байна. Тантай энэ талаар зөвлөлддөг үү?

-Румер анх над дээр ирээд жүжигчин болохоор шийдсэнээ хэлж, өөрт нь саад болохгүй, бас туслахгүй байхыг надаас, бас ээжээсээ гуйсан юм. Румер өөрөө бие даан, амжилтад хүрэхийг хүссэн. Энэ шийдвэрийн төлөө би түүнд их талархдаг. Хэдий тийм ч ямар нэг тусламж хэрэгтэй болбол туслахад хэзээд бэлэн гэдгээ би түүнд хэлсэн л дээ.

-Дунд охид тань юу хийж байна?

-Скаут франц хэл судалдаг. Талула нэг кинонд тоглосон, гэхдээ энэ салбарт эгч шигээ гүн ороогүй.

-Таныг алкоголийн тухай сайн мэдлэгтэй гэлцдэг?

-Тийм шүү. Би жүжигчин болох гараагаа эхэлж байхдаа бааранд ажиллаж, янз бүрийн коктейль хийж сурсан юм. Үнэнийг хэлэхэд би цагаан архинд илүү дуртай. Гэхдээ архийг зөвхөн ямар нэг арга хэмжээг тохиолдуулан, сэтгэл нийлсэн хүмүүстэй цуг уудаг. Мөн би хийжүүлсэн ундаанд дуртай. Идэх хоббитой, хоол огт голдоггүй хүн.

-Мөнгөнд дуртай юу?

-Мөнгө надад дургүй зүйлээ хийхгүй байх боломжийг олгодог. Жишээл­бэл гэрийнхээ гаднах бут сөөг тайрах, зүлэг тэгшлэх. Хэн нэгэнд төлөөд л ямар ч асуудлыг шийдэх боломжтой байна гэдэг үнэхээр сайхан шүү.

Зохиогчийн эрх: "Өглөөний сонин"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж