Японы Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж бяцхан гөлөг бэлэглэх үеэрээ хоёр орны хооронд байнгын маргаантай явж ирсэн Өмнөд Курилын арлуудын хувь заяаны талаар ярилцаад авчээ. Урьд нь В.Путин арлуудын асуудлыг ЗХУ, Японы хооронд 1956 онд байгуулсан хамтарсан мэдэгдлийн дагуу шийднэ гэж хэлж байжээ. Хамтарсан мэдэгдэл ёсоор бол Японы талд Курилын дөрвөн арлын хоёрыг буцааж өгөх ёстой юм байна.
Акита-ину гөлөг В.Путины гурав дахь нохой юм. Тэднээс хамгийн алдартай нь ОХУ-ын Онц байдлын сайд асан С.Шойгугийн бэлэглэсэн Лабрадор үүлдрийн Конни нохой юм. Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов 2010 онд Баффи хэмээх овчарк гөлөг бэлэглэжээ. Эхлээд гөлгийг Йорго гэдэг байсан ч В.Путин хүүхдүүдийн дунд нэр сонгох уралдаан зохион байгуулж таван настай Дима Соколов хүүгийн оноосон Баффи нэрийг өгчээ.