Индонезид цагаачдын хөлөг осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Индонезид цагаачдын хөлөг осолджээ

Австралийг зорьж явсан хууль бус цагаачдын хөлөг онгоц өчигдөр Индонезийн далайд осолджээ. Загасчны хөлөг онгоцонд 200 орчим цагаач байсан бөгөөд сураггүй болсон 90 гаруй хүнийг  хайх эрлийн ажил ид өрнөж байгаа гэнэ.

Эрлийн ажиллагаанд Индонези, Австралийн цэргийн дөрвөн хөлөг онгоц, худалдааны дөрвөн хөлөг, Австралийн Засгийн газрын таван онгоцыг дайчилжээ.

Өчигдөр буюу пүрэв гаригт болсон уг ослын дараа хөлөг онгоцон дээр байсан 110 хүний амийг аварчээ. Аврах багийн ажилтнууд хамгийн сүүлд өчигдөр орой 13 настай хүүг аварсан байна.

Амьд гарсан хүмүүсийн биеийн байдал сайн байгаа тул эмнэлэгт хүргэх шаардлагагүй гэж Австралийн албаны нэгэн хүн мэдээлжээ. Австралийн Дотоод хэргийн сайд Жэсон Клэйрийн мэдэгдсэнээр далайн хүчтэй шуурга дэгдэж, хөлөг онхолдсон ч зорчигчид аврах хантаазтай  байсан бол амь насанд нь аюул учрахгүй байсан гэжээ.

Загасчны хөлөг Индонези, Кристмас арлын дунд онхолдсон байна. Хөлөг дээр байсан хүмүүс аль улсын иргэд болохыг одоогоор тогтоогоогүй байгаа боловч Австралийн телевизээр мэдээлснээр тэдний дийлэнх нь Шри Ланкаас ирсэн хүмүүс гэнэ.

Энэтхэгийн далай дахь Кристмас арал нь Австралиас холгүй оршдог аж. Кристмас арал нь Иран, Афганистан, Шри Ланкаас Австралид хууль бусаар цагаачлагчдын очдог гол түшиц газар болжээ.

НҮБ-ын Байгаль орчны дээд хэмжээний уулзалтад оролцож буй Австралийн Ерөнхий сайд Жуллиа Гиллард Индонезийн Ерөнхийлөгч Сусилио Бамбангтай Австралийг чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг таслан зогсоох асуудлаар хэлэлцсэн гэнэ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Кристмас арлын хадан эрэгт цагаачдын хөлөг осолдож, 48 хүн амиа алдсан хэрэг гарч байсан юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж