Хар тамхитай холбогдчихоод хэнд хандахаа мэдэхгүй явна

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Хар тамхитай холбогдчихоод хэнд хандахаа мэдэхгүй явна

Монгол хүний ходоод хар тамхи зөөвөрлөхөд хамгийн тохиромжтой нь байсан. Хэдий бид зөөвөрлөж байгаа ч цааш нь ямар үнээр зардаг тухай огт сонирхож байсангүй. Одоо бодоход их л өндөр үнээр борлуулдаг болоод л бидэнд тэгж их анхаарал хандуулж, мөнгө, төгрөг зарцуулдаг байж дээ гэж бодогддог юм. Тэгээд ч хар тамхийг дотроо олон янз гэж ярьдаг. Бидний зөөвөрлөдөг байсан нь хамгийн үнэтэй нь буюу нунтаг цагаан, героин байсан.

Наймаанд найз байдаггүй гэж үнэн юм билээ. Хулан, Халиун хоёр хэдий эгч, дүүс боловч бүхий л зүйл нь тусдаа. Тооцооноос эхлээд зөөвөрлөгчид нь хүртэл өөр хүмүүс байдаг байв. Тиймдээ ч эгч, дүү хоёрын дунд наймааны өрсөлдөөн явагдана. Авах, зарах үнийн хувьд яадаг байсныг мэдэхгүй ч зөөж өгч буй тээвэрлэгчдийнхээ хөлсөөр өрсөлдөж, өөртөө урвуулж авах явдал цөөнгүй гарсан. Нөгөө нохойн гуяар даллах гэдэг шиг хэн их мөнгө амласных нь барааг зөөдөг хүмүүс ч байлаа.

Харамсалтай нь хэрвээ тийнхүү их мөнгө амласан руу нь урвачихаад олон явж чадахгүй баригдах тохиолдол цөөнгүй гарсан. Сүүлд сонсоход тэд өөрөөс нь урваж, өөр хүний барааг зөөсөн тохиолдолд хятадуудад матчихдаг байж. Тэгээд л хөөрхий монгол хүн хар тамхины хэргээр гэсэн зүйл ангиар ял сонсдог. Үндсэндээ мөнгөний төлөө тэд хэдэн хүний амь, амьдралыг цааш нь харуулсныг би даанч мэддэггүй юм. Тэр олон хүний нь нэг миний хань, манай амьдрал гэж бодохоор хоолой зангирахаас өөрөөр яаж ч чадахгүй юм даа. Хар тамхитай нэр холбогдож, хэсэг хугацаанд зөөвөрлөсөн болохоор муу нэр, хар данстай болж, хэнд ч хандахаа мэдэхгүй юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л энэ байх даа.

Бараагаа залгиад явж байхдаа баригдах вий гэхээсээ илүү онгоц битгий хойшлоосой гэж боддогсон. Хэрвээ хойшилбол бараагаа гаргачих гээд байдаг байлаа. Нэг удаа онгоц хойшлоход хамт явсан охин маань тэсч чадалгүй гаргачихсан юм. Би хамт байгаа ч өрөвдөхөөс өөрийг хийж чадахгүй их л хэцүү юм билээ. Нэгэнт цаанаас тоолоод өгөөд явуулсан байдаг. Дунд нь алга болчихвол ямар нэгэн байдлаар биднийг сэжиглэнэ. Тэгээд ч нэг гарчихвал араас нь гаргачих гээд тун эвгүй болчихно.

Тиймээс нөгөө охин гар­гасан хар тамхиа баас­наасаа гарган, угааж, цэвэр­лээд дахин залгисан. Хөөрхий уйлаад л байсан. Яаж ч бодсон үнэр танараас нь сэжиг­лэдэг хэрнээ дотроос нь юм аваад, буцаагаад амандаа хийнэ гэдэг ямар олигтой санаг­дах вэ дээ. Гэхдээ одоо тэр охин Хятадын шоронд бай­­гаа. Хэдий хамт явж бай­сан ч, шоронд чухам ямар байдалд байгаа бол, юу бод­дог бол гэж бодохоос ч айм­шиг­тай. Яагаад гэвэл би Хятадын шүүхийн ялыг мэдэхгүй ч Монголдоо ирсэн хойноо хар тамхины хор хөнөөл, ял зэмийг судалж үзсэн. Тэгсэн Хятадын хуулинд 50 граммаас дээш хар тамхи зөөвөрлөж яваад баригд­вал бүх насаараа хориг­дох эсвэл цаазын ял авдаг болохыг мэдсэн юм. Өөрөөр хэлбэл, Хулан, Халиун хоёрт тээвэрлэгчээр ажил­лаж буй монголчууд баригдвал бүгд хамгийн багадаа бүх насаараа хориг­доно. Цаашлаад цаазаар авахуулна. Мөн Хулан, Халиун хоёр Зүүн өмнөд Азийн “Алтан гурвалжин” бүлэг­лэлийн гишүүн гэдгийг сонссон.

Доогуураа гаргаж цэвэр­лэс­нээс дээгүүрээ бөөлжиж гар­гачихаад дахин залгих нь арай цэвэрхэн гэж бид хоорондоо ярьдаг байж билээ. Тэгэхээр мөнгөнөөс юу үнэртэх нь чухал биш гэдэг ч үнэн юм аа даа. Гэхдээ бид замдаа гаргалгүй ирээд, гаргасан хойноо цэвэрлэж байхдаа ганц, хоёрыг алдах тохиолдол гардаг байсан. Тэглээ гээд тэд учиргүй тооцоо хийдэггүй.

Хулан, Халиун нарт зөвхөн бид ажиллахгүй. Хар тамхийг боодог, зардаг хүмүүс байхаас гадна галт тэрэгний тасалбар, онгоцны тийз зохицуулдаг, очсон газарт маань тосдог, хүргэдэг гэх мэтээр гар, хөл бологсод нь хаа сайгүй. Ямар нэгэн байдлаар онгоц саатах болбол түүнийг тэд аль хэдийнэ мэдчихсэн бидэнд мэдээлнэ. Тийм болохоор л маршрут ямагт цагийн хуваарийн дагуу явагдана. Хоцорч, түрүүлнэ гэсэн асуудал бараг гарахгүй.

Зөөвөрлөж явахад хэчнээн хэцүү ч мөнгөө аваад Монгол руу гэр бүлдээ багахан хэсгийг илгээж, өөрсдөө хүссэн зүйлээ хийж, дутагдах, гачигдах юмгүй байх нь бидэндээ жаргал мэт санагддаг байсан. Эргээд бодоход тухайн үедээ маш их мөнгө олж байсан ч буруу аргаар олсон болохоор ч тэр үү нутагтаа ирээд харахад хураасан зүйл юу ч алга. Яагаад ч юм бэ нэг л мэдэхэд үрэгдээд дуусчихсан байдаг байж билээ.

Нөхөр бид хоёр Хулан­гийнд байрладаг болохоор бус­даас арай илүү дотно хандана. Сүүлд Хулангийн найз залуу Жаманти Алжирт амьдардаг болсон. Тэндээ бас л хаустай болсон, тэгээд хүүтэй нь хамт Алжир руу татаж авна гэсэн хэмээн Хулан ярив. Тэгээд Монгол руу хүүд маань мөнгө өгч явуулаад байя гээд нөхөр бид хоёрын бүх зардлыг даагаад хамт Алжир явахыг санал болгосон. Тэр саналыг нь хүлээж авсан бол нөхөр минь өдийд амьд байх байсан байх даа.

Харин Хулан өдийд Ал­жирт гэр бүлтэйгээ элэг бүтэн, аз жаргалтай амь­дардаг байх. Яагаад гэвэл хэдий доор нь ажилладаг хүмүүс баригдаж, хоригдсон ч түүнд ямар ч гарз байхгүй. Тэр өөрөө баригдахгүй гэдэг­тээ бат итгэлтэй байдаг. Тийм­дээ ч түүний хар там­хины бүлэглэлийн хүрээ өдөр ирэх бүр тэлж байдаг биз ээ.

Хулангийн гар, хөл зөвхөн гадаадад ч байдаг­гүй. Ямартай ч миний мэдэхийн тэр эгч, дүү хоёрт Мон­голоос хамгийн их тусалж, зуучилдаг хүн нь ээж Энхбаяр нь юм билээ. Байнга хоёр гурван орны хил дамнаж гардаг болохоор тэр хоёрын паспортын хуудас маш хурдан дуусна. Ээж нь Монголоос зохицуулаад л явуул­чихна. Ер нь л их хачин гэр бүл. Бүгдээрээ хар тамхины хэрэгтэй холбоотой гэд­гийг би бүр сүүлд мэдсэн.

Хулангийн анхны нөхөр Дам­дин Хятадын шоронд хориг­дож байгаа. Халиун нь бас хар арьст залуу­тай суугаад, хамт амьдардаг болчихсон. Одоо бараг түүнийгээ дагаад Африкт байгаа ч юм бил үү. Мөн бага дүү Билгүүн нь Казахстаны шоронд хар тамхины хэргээр хоригдож байгаа. Түүний эхнэр буюу Хулангийн бэр дүү Оюунзаяа нь хамт хоригдож байгаад гэм буруугүй гээд суллагдсан гэсэн. Бүгд хар тамхины хэргээр шүү. Ёстой гаршиж, дадаж, сурсан гэхээр л ийм байдаг байх. Манайхан ч гэсэн тэдний гар хөл болсон олон хүн гадны улс орнуудад баригдаж, хоригдоод байхад анхааралдаа авахгүй өнөөг хүргэж буйг бодоход “томчуудтай” холбоотой мэт санагддаг юм. Харин зөөвөрлөгчөө сонгохдоо бид мэтийн зүдрүүхэн амьд­рал­тай, араас нь нэхэл дагал болоод байхааргүй гэр бүл нь хүчин мөхөс хүмүүсийг сонгодог бололтой юм билээ.

Гэтэл бид ахиухан мөнгө олох ажилтай болчихлоо гэж баясаад давхиж байдаг. Мөн ч тэнэг хүмүүс юм даа. Амьд­ралаа өөд нь татна гэсэн бодлоор амь насаараа дэнчин тавьж буйгаа ч мэдэхгүй. Тэднийд амьдарч байх хугацаандаа Хуланд хүнийхээ хувьд дассан ч одоо өнгөрснийг бодож, ямар асуудалд хутгалдаж байснаа санахаар дургүй хүрч, үзэн ядах сэтгэл төрнө.

Хорвоогийн өдөр, хоног урсан өнгөрч, бид Хятадын нутгаар хэрэн хэснэ. Байнга маршрутаа солино, өөрчилнө. Анх Бээжин-Бангкок-Малайз гэсэн маршрут байсан бол дараа нь Бээжин-Хонгконг-Малайз гэх маягаар явна. Харин нислэгийн хуга­цаанд үйлчлэгч нар монгол­чуудыг ерөнхийдөө хянал­тад авчихсан байдаг гэсэн. Зөө­вөр­лөгчид онго­цонд суухаараа бараагаа гар­га­чихгүйн тулд хөдөлгөөнгүй шахам байхаас гадна юм идэж, уухгүй болохоор ан­хаарлыг нь амархан тат­чихдаг гэсэн. Тэгээд л буун­гуут нь заагаад өгчихдөг ажээ. Мэдээж энэ бүхнийг мэдэж байсан бол гэх бодлыг өдөр, шөнө, өглөө, оройгүй тээж байгаагаасаа одоо залх­маар санагдах юм.

Нэгэнт Хуланд хамт Алжир явахгүй гээд хэл­чих­сэн болохоор миний хувьд Монгол руугаа буцах сана­лаа хэлсэн. Гэтэл Хулан “Хэрвээ зөөмөөргүй байгаа бол боодог ажил хийх үү” гэсэн. Бид хоёрын хувьд нэг л айдас, түгшүүртэй мэт санагдаад, ердөө л харина гэсэн бодолтой болчихсон учраас зөвшөөрөөгүй. Харин нөхөр маань “Түрүүлээд очиж бай. Хүүтэйгээ хамт намайг тосоорой. Би ганц удаа явчихаад араас чинь очъё” гэж хэлээд, намайг үдэж өгсөн. Тэр үед үгэнд нь оролгүй, зөрж байгаад хамт л ирэх байж.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж