12-оос 18 сарын хугацаанд Испани зээлээ төлж барагдуулах ёстой бөгөөд зээлийн хүү нь 5.074-өөс 5.107 хувь болтлоо өсчээ. Энэ талаар тус улсын холбогдох газраас мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн тавдугаар сард зээлийн хүү 2.9-өөс 3.3 хувьтай байсан бөгөөд сарын дотор ингэж ихээр нэмэгдсэн явдал нь Испанийн талд хүндээр тусах нь ойлгомжтой юм. Тус улсын үнэт цаасны эрэлт их байгаа энэ нөхцөл байдал нь тийм ч удаан үргэлжлэхгүй хэмээн зах зээл судлаач хэлж байна. Өнгөрсөн лхагва гарагт тус улс дахин таван жил хүртэлх хугацааны зээл авах хүсэлтэй байгаагаа зарлажээ. Испанийн банкуудад 150 тэрбум еврогийн тусламж хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн даваа гарагт Испанийн төв банкны мэдээлснээр тус улсын банкны зээл 1994 оноос хойш хамгийн дээд цэгтээ хүрсэн гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зээлийн хэмжээ 8.32-аас 8.72 хувиар нэмэгдэж, нийт 152 тэрбум еврод хүрсэн аж.
Оливер Вюман болон Роланд Бергер компаниуд Испанийн банкуудад 150 тэрбум хүртэлх еврогийн туслалцаа үзүүлэхээр болсон тухай мэдээг тус улсын мэдээллийн агентлаг өнгөрсөн мягмар гарагт өгчээ. Мөн Европын “Тогтвортой байдлын сан” дээрх банкуудад 100 тэрбум еврогийн хөрөнгө оруулахаар шийдвэр гаргасан байна.