Бямба гаригт болох арга хэмжээ нь спортын салбарын үе үеийн төлөөллүүд 10.30 цагт Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөснөөр албан ёсоор эхэлнэ. Харин үүний өмнө тамирчид Спортын төв ордонд цуглаж, тэндээс Сүхбаатарын талбай руу жагсч явах гэнэ. Уламжлал ёсоор Лондонгийн олимп болон паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдад зориулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчдад амжилт хүсч, үг хэлэх бөгөөд “Лондон-2012” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг, тамирчдын ахлагч, Шадар сайд М.Энхболдод Монгол Улсын төрийн далбааг хүлээлгэн өгөх юм. Харин Шадар сайд Монголын багийн тугчид төрийн далбааг шилжүүлнэ.
БТСГ-аас мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдэд нэгэн шинэ мэдээ дуулгасан нь "Лондон-2012" зуны олимпийн XXX наадмын Монголын багийн тугч тодорсон тухай байлаа. Ирэх олимпийн наадамд эх орон, ард түмэн, тамирчдаа төлөөлөх шигшээ багийн тугчаар Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од тодорчээ.
Олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын салхийг хагалж, хамгийн түрүүнд олимпийн эрхээ авсан тул түүнд ийн хүндэтгэл хүлээлгэсэн байна. Түүнчлэн олимпийн хөтөлбөрийн дагуу марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн тэмцээн хамгийн сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 12-нд болно. Харин олимпийн нээлтийн ёслолд оролцож буй тамирчин нь ёслол эхлэхээс дуусах хүртэл хэдэн цагийн турш зогсоо байж, ядрах тал байдаг тул олимпийн хамгийн сүүлийн өдөр "дайралтаа хийх" хуваарьтай Б.Сэр-Одыг сонгосон нь ч учиртай ажээ.
Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар тангараг өргөнө
“Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг үдэх ёслолын үеэр тамирчдаа төлөөлж, жүдо бөхийн төрөлд өрсөлдөх Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин М.Бундмаа нар тамирчдын тангараг өргөх ажээ. Олимпийн нэгэн хүндэтгэлд зүй ёсоор багтах тамирчдын тангаргийг үнэнч, шударга өрсөлдөхөө олимпийн таван цагаригт цагаан тугийн өмнө батлан тангарагладаг уламжлалтай. Олимпийн дүрмийг хүндэтгэн сахиж, спортын алдар, өөрийн багийн нэр төрийн төлөө спортын чин шударга сэтгэлийн үүднээс олимпийн наадамд оролцохоо нийт тамирчдын өмнөөс ийн тангараглах юм.
Монголын тамирчдын баярыг тохиолдуулан маргааш Сүхбаатарын талбайд спортын нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэнэ. Энэ үеэр спорт холбоод, нийслэлийн болоод дүүргүүдийн биеийн тамир, спорт хороод оролцож, тус тусын ажлаа танилцуулах аж. Ийнхүү Монголын тамирчдын баяр, Олон улсын олимпийн өдөр, Лондонгийн олимпод оролцох Монголын баг, тамирчдыг үдэх ёслолын арга хэмжээтэй спортоор амьсгалсан нэг өдөр өнгөрөх нь ээ.
Монголчуудын олимпийн түүхийг эхлүүлсэн 1964 оны Токиогийн олимп, монгол хүний бяр чадал, тэсвэр тэвчээр, хурд хүчийг илтгэж, анхны медалиа зүүсэн Мехикогийн олимпийн жим, монгол хүний энгэрт олимпийн аваргын алтан медаль гялалзсан Бээжингийн дэвжээ гээд олимпийн талбарт арвин түүхийг бичилцсэн Монголын тамирчид ийнхүү 12 дахь олимпио зорих гэж байна. Монголчууд олимпийн 29 эрх авсан нь бидний бас нэгэн дээд амжилт.
Лондонгийн олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид:
Марафон: Б.Сэр-Од, Л.Отгонбаяр
Буудлага: О.Гүндэгмаа, Н.Баяраа
Байт харваа: Ж.Гантөгс, Б.Урантунгалаг
Чөлөөт бөх: Д.Отгонцэцэг, С.Бямбацэрэн, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Наранбаатар, П.Өнөрбат, О.Үйтүмэн, Ж.Чулуунбат /Чөлөөтийнхний тухайд эдгээр тамирчид олимпийн эрхээ авсан ч МЧБХ аль жинд ямар тамирчныг илгээхээ эцэслэн зарлаагүй байгаа юм/
Бокс: П.Сэрдамба, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат,
Усан спорт: А.Тамир, Г.Оюунгэрэл
Жүдо: Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгд
Лондонгийн олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын түрүүч долдугаар сарын 3-нд эх орноосоо мордоно. Эхний ээлжинд байт болон хөнгөн атлетикийн тамирчид хилийн дээс алхах бөгөөд Лондонгийн ойролцоо бэлтгэлээ базаах ажээ. Хуваарийн дагуу Монголын тамирчдын салхийг хагалж, байт, бокс, жүдо болон буудлагын тамирчид нээлтийн дараах өдөр буюу долдугаар сарын 28-нд тэмцээнээ эхлүүлэх юм.