Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Тогтвортой хөгжлийн асуудлаарх саммитийн НҮБ-ын бага хурлын төгсгөлийн баримт бичгийг уулзалт эхлэхээс өмнө боловсруулсан байв. Түүнийг дэлхийн 190 орон дэмжлээ. Гэхдээ энэ баримт бичиг хүрээлэн буй орчныг хамгаалж чадах уу гэдэг нь одоохондоо ойлгомжгүй.


Зуу орчим орнуудын төр засгийн тэргүүн нар Тогтвортой хөгжлийн асуудлаар энэ сарын 20-22-ны өдрүүдэд Рио-де-Жанейро хотноо хийдэж буй НҮБ-ын бага хуралд ирэхээс өмнө уулзалтын төгсгөлийн баримт бичгийг боловсруулан тохиролцсон байв. Тохиролцооны 50 хуудас баримтад байгалийн баялагийг хариуцлагатайгаар ашиглах “ногоон эдийн засгийг” хөгжүүлэх тухай дэлхийн 190 орны төлөөлөгч нарын  шаардлага бичигджээ.

Хоосон гоё баримт биш биз?

Баримтын дагуу, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийг (UNEP) хөгжүүлэх шаардлагатай бөгөөд далай тэнгисийн хамгаалалтыг эрчимжүүлж, цаг уурыг хамгаалах ёстой ажээ. Улс бүр тусдаа эдгээр зорилгыг өөрийнхөөрөө хийх ёстой гэнэ. Бразилид очсон байгаль хамгаалах байгууллагын төлөөлөгчид баримтыг  зөвхөн дэгжин сав боолт гэж нэрлээд байна.  Германы Байгаль хамгаалах BUND байгууллагын тэргүүн Хуберт Вайгер (Hubert Weiger) “хүрээлэн буй орчны хамгаалалтыг дэлхийн төвшинд нутагшууллаа” гэж мэдэгдэв. Харин герман улстөрчид энэ шатанд үүнээс илүүг хийх боломжгүйг өгүүлж байна.

Хорин жилийн өмнө Рио-де-Жанейро хотод улс орнуудын лидерүүд НҮБ-ын ивээл дор анхлан цугларч Хүрээлэн буй орчныг хамгаалал ба тогтвортой хөгжлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Тэр цагт ядууралтай тэмцэх, ховор төрлийн ургамал, амьтныг хамгаалах, нүүрс хүчлийн хийн агаар мандлын хаягдлыг бууруулахаар шийдвэр гаргасан байлаа. Тэр цагаас хойш хүлэмжийн хийн хаягдлын хэмжээ 40 хувиар нэмэгдсэн байгаа. Өнөөгийн Рио-де-Жанейро дэх саммит түүнээс хойших завсрын үр дүнгээ цэгнэн цаашдын хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгөх ёстой.

Улстөрчид бусад асуудалд дарагджээ

 
ХБНГУ-ын Хүрээлэн буй орчны сайд Петер Альтмайер (Peter Altmaier) саммитийн төгсгөлийн баримт бичгүүдийг болгоомжилсон, гэхдээ анхны зөв алхам гэж нэрлэв. Сайдын хэлснээр олон улс орон одоо өөр асуудалд хангалттайгаар дарагдаад байгаа аж. Тэдний нэг нь өрийн хямрал юм.

“Энэ бол цөмрөлт болж чадаагүй нь мэдээж. Гэхдээ бид дараагийн жилүүдийн суурийг тавьж чадлаа” гэж Петер Альтмайер хэлээд ийм амжилт гарна гэж долоо хоногийн өмнө итгэлгүй байлаа гэсэн байв.

Рио-де-Жанейрогийн бага хуралд оролцогс­дын яриагаар, төгсгөлийн баримт бичгийг боловс­руулах  ажиллагаа маш удаан явагдсан байна. Сам­мит эхлэхээс өмнөхөн нэг дуулиан мандлаа. Эзэн орон нь өөрийн баримтыг оруулаад үг, үсэг өөрчлөхгүй гээд бусад орнууд баримттай танилцаагүй байхад зүтгээд эхэлсэн байв. Европынхон өөрсдийн засварыг оруулна гэлээ. Бразиличууд  зөөлөрсний дараа уг баримт үг дуугүй дэмжигджээ.


Хангалтгүй санхүүжилт

Тохиролцсон баримтад томьёолол зарим талаар бүдэг ч тэр нь НҮБ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах хөтөлбөрийн үүргийг чангатгахад чухал. UNEP-ийн гол байр Кенийн нийслэл Найроби хотод байрладаг. Тус байгууллагын тэргүүн герман хүн Ахим Штайнер (Achim Steiner) нь туйлбартай ажиллагаагаараа нэртэй ч түүнд тавигдсан зорилгуудыг хэрэгжүүлэхэд хөрөнгө хангалттгүй байна. Тавин орон сайн дураараа уг  хөтөлбөрийг санхүүжүүлдэг ч тэр нь нийлээд дөнгөж 300 сая евро болдог. Гэхдээ удалгүй байдал өөрчлөгдөнө. Хөтөлбөрт НҮБ-ын бүх гишүүн орнууд нэгдэх ёстой. Дараагийн алхам нь НҮБ-ын бүрэн бүтэн байгууллагын статусыг UNEP авах явдал болох байх.

Бичлэгт өөрчлөлт орохгүй

“Рио+20” саммитад оролцох орнуудын лидерүүд: Франсуа Олланд, Владимир Путин эсвэл Хиллари Клинтон зэрэг өмнө бэлтгэгдсэн баримтад өөрчлөлт оруулах нь юу л бол. Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) хэдэн долоо хоногийн өмнөөс уг саммитад оролцож чадахгүйгээ хэлсэн нь герман экологичдод харамсал төрүүлсэн  байгаа. Засгийн газар нь канцлерийн алхамыг евро  мөнгийг аврах ажил хийлгэлээ гэж тайлбарласан байгаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж