Египетийн Ерөнхийлөгчийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Египетийн Ерөнхийлөгчийг зарлалаа

Египетийн сонгуульд хэн ялсныг 21-ний өдөр зарлалаа. Нэр дэвшигчид “Мусульман ахан дүүсийн” Мохаммед Мурси, ерөнхий сайд асан Ахмед Шафик хоёр өрсөлдөн ялалтаа маргаж байх зуур цэргийнхэн засгийг авчээ.

Рамадан Ибрагим наранд шарагдан зогсоно. Каирын төв Тахрирын талбайд 40 хэмийн халуу шатаж байна. Гэхдээ ноён Ибрагим бууж өгөөгүй л байна. Тэр 62 настай, энгэртээ Мохаммед Мурсийн зургийг зүүжээ. “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний бусад хүмүүсийн хамт дохио өгөнгүүт л хамаг хүчээрээ  “Аллах акбар” хэмээн хашгирна. Мурсигийн гараар Аллах Египет нутагт  сайн сайхныг авчирна гэдэгт тэр итгэжээ.

Үнэн хэрэгтээ тэр гэртээ харьж болно. Түүний өмнөөс бүхнийг шийдсэн байгаа. Шинэ ерөнхийлөгчийн нэрийг албан ёсоор пүрэв гаригт зарлалаа. Гэтэл ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд ерөнхийлөгчийн дэргэдэх санхүүгийн асуудал эрхэлсэн товчооны тэргүүнээр цэргийн генерал Абдель Мумин Фода томилогджээ.

Цэргийнхэн сонгуулийг хошин жүжиг болгов

Ерөнхийлөгч сонгогдохоос өмнө Египетийн Үндсэн хуулийн цэц  хууль бус гээд парламентаа тараасан байв. Хууль тогтоох засаглалийг депутатуудын оронд Египетийн зэвсэгт хүчний эрх баригч Дээд зөвлөл өөртөө авлаа. Тэр даруйдаа шилжилтийн үеийн Үндсэн хуулинд засвар оруулан Дээд зөвлийнхөө эрх мэдлийг нэмж авав. Тус орны зэвсэгт хүчний хяналтыг фельдмаршал Мухаммед Тантауи өөртөө үлдээв. Түүний зөвшөөрөлгүйгээр шинэ ерөнхийлөгч дайн зарлаж чадахгүй. Өшөө жинтэй засвар нь цэргийнхэн Үндсэн хуульт чуулганд хориг тавих эрхтэй боллоо. Чуулганы гишүүд гөжөөд эхэлбэл цэргийнхэн парламентыг тараана. Шинэ парламентын сонгуулийг шинэ Үндсэн хууль боловсруулах нэрээр хичнээн ч хугацаанд барьж болно. Тэд өөрсдийн төсөөллийн дагуу хуулийн заалтуудыг  бичүүлэх эрхтэй.

Ерөнхийлөгчийн эрх ямар байх бол. “Тэр мэдээж бэлгэдлийн хүн байх болно” хэмээн Каирын Их сургуулийулс төр судлаач профессор Абдул-Монем аль-Махсат хэлж байна.

Зиц-ерөнхийлөгчийн хүүхдийн тоглоомын талбай

Хамгийн хүнд эгшиндээ ч элэглэх чадвараа алддаггүй гэж египетчүүдийг хэлдэг. Тахририйн талбайд хувьсгал хийсэн залуу хувьсгалчид ерөнхийлөгч болох хамгийн их магадлалтай Мохаммед Мурсийг Их Британийн хатан хаан маягийн хүн байх болно хэмээн ярьцгааж байна. Интернэтээр зиц-ерөнхийлөгчийг уйтгарлуулахгүйн тулд ерөнхийлөгчийн ордныг хэрхэн гоёх вэ гэсэн уралдаан зарлагдаад явагдаж байна. Хүүхдийн тоглоомын талбайг гулгагчтайгаар бүтээх үү? Магадгүй тэнд мөхөөлдөс, попкорнтой мухлаг  тавих уу?

Мохаммед Мурси эрх мэдэлгүй ерөнхийлөгч мөн үү?

Гэхдээ олон хүн инээхтэй мантай. Жишээлбэл, 26 настай Шади Абдаллахад яавч ирээдүйтэй биш. “Зургадугаар сарын 6” гэх залуучуудын хөдөлгөөний найз нарыг нь саяхан баривчилсан байв. Тэд санал хураах байрны өмнө хувьсгалаар амь үрэгдэгсдийн зургийг барин харуулж явжээ. Цагдаагийнхан тэднийг өнгөрсөн долоо хоногт цэргийнхний зарласан онцгой байдлын дэглэмийг зөрчлөө гээд баривчилсан байв. Шади цаашид өөрийн үзэл  санааныхаа төлөө тэмцэх эрмэлзэлтэй байгаа. “Хүмүүс ядарч цөхөрчээ. Бид эрх чөлөө, шударга ёсыг хүссэн юм. Гэтэл хариуд нь юу авав?” хэмээн Шади асууж байна.

Жанжин штаб анхаарал саринуулах үйлдэл хийв

Нөгөө олон нийтийн эсэргүүцэл хаана байна? Цэргийн зөвлөл эртнээс төлөвлөөд үйлдлээ гүйцээсэн гэдэгт профессор аль-Масхат итгэлтэй байна. Гол нь аажмаар засгийн эрх авах үйлдлээсээ хүмүүсийн анхаарлыг холдуулан саринуулах. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн хөвгүүд, жагсагчдыг хөнөөсөн хэргийн хариуцлагатнууд болох Аюулгүй байдлын албаныхныг хэргээс чөлөөлж, парламентыг тараасан. Одоо ерөнхийлөгчийн сонгууль гэх мэтээр египетчүүдийг хөөцөлдүүлж байгаад цэргийнхэн чимээгүйгээр онц байдлын хууль гаргаж, шилжилтийн үеийн Үндсэн хуулийн засваруудаа хийлээ.

Ингээд египетчүүд сонгуулиар “Мусульман ахан дүүс”-ийн Мохаммед Мурси эсвэл Мубаракийн үеийн сүүлчийн ерөнхий сайд генерал Ахмед Шафикийн төлөө санал өгч харин энэ өрсөлдөөнд ялагчаар фельдмаршал Хусейн Тантауи тодорч байна.

Мохаммед Мурси түр Үндсэн хуулийн засварыг зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдэл хийж, “Мусульман ахан дүүсээ” эсэргүүцлийн ажиллагаанд уриалаад байна. Хамгийн сүүлчийн мэдээгээр, ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг зарлахаа хойшлуулжээ. Бүх зөрчлүүдийг шалган тогтоосны дараа дүн зарлагдана. Тэгэхлээр ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх парламентынх шигээ хүчингүй болгох боломж гарч ирлээ гэж болох юм.
 

Мубаракийн амь насны төлөө эмч нар тэмцэж байна

Эмч нарын мэдээгээр засгаас зайлуулагдсан Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак комд орон хиймэл амьсгалын аппарат залгуулаад байгаа ажээ. Үүний өмнөхөн тэд Мубарак клиникийн үхэлд ороод гарсныг мэдэгдэв. Египетийн засгаас зайлуулагдсан ерөнхийлөгч Хосни Мубаракийн биеийн байдал эрс доройтжээ. Гэхдээ лхагва гаригийн шөнийн байдлаар түүний талаарх зөрөлдөөнтэй мэдээлэл ирж байна. AFP агентлаг эмч нарын мэдээнээс иш татан Мубарак ухаангүй, хиймэл амьсгалын аппаратаар амьсгалуулж, эмч нар түүнийг сэргээхээр оролдож байна гэв.

Египетийн улсын телевизийн мэдээгээр ерөнхийлөгч асаны зүрхэнд цус харван ухаан алдсаны дараа түүнийг Каирын эмнэлэгт авчирсан гэнэ. Зургадугаар сарын 19-нд Мубаракийн зүрх зогссон гэж MENA агентлаг дамжуулжээ.  Түүнийг сэргээх үйлдэлд бие организм хариу өгөхгүй байснаас эмч нар түүнийг клиникийн үхэлд орлоо гэсэн байв. Бусад эх сурвалж иймэрхүү дүгнэлт хийх нь эрт гэжээ.

Зургадугаар сарын эхээр Хосни Мубаракт бүх насаар нь хорих ялыг шүүх өгсөн байв. Өргөн олон нийтийн эсэргүүцлийн үеэр олон зуун хүн амиа алдсанд түүнийг буруутай гэж үзсэн нь тэр байлаа. Түүнийг шоронд авчрах үеэр сэтгэл санааны асар их дарамттай Мубаракийн биеийн байдал эрс доройтсон билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж