-Монголын динозаврийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Гэхдээ яриагаа бүр эхнээс нь эхэлье. Америкт зарагдах гэж буй динозаврийн талаар мэдээллийг хэзээ мэдэв, хэзээнээс хөөцөлдөж эхэлсэн бэ?
-2012 оны тавдугаар сарын 17-ний өдөр АНУ-д байгаа Минжингийн Болорцэцэг доктор анх энэ динозаврын ясны талаар “Gobi desert”-ээс олдсон “bataar” гэсэн үгтэйгээр интернэт хуудсанд зар тавьсан байсныг олж хараад энэ талаар нааш мэдэгдсэн юм. Энэ тухай Ц.Оюунгэрэл зөвлөхөөр дамжиж АНУ-ын Нью Йорк хотод нэг динозаврийн араг ясны дуудлага худалдаа болох гэж байна гэх мэдээллийг авсан. Тэр өдөр баасан гариг байсан. Зөвлөх Ц.Оюунгэрэл өөрийн холбоотой, таньж мэддэг хүмүүс рүү и-мэйл бичиж нэлээд шуугиан гаргасан. Ингээд бямба гаригийн өглөө Монголын соёлын өв зарагдах гэж байх магадлалтай тухай бид ярилцсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч энэ талаар сонсоод “Монголын соёлын өвийн хамгаалалт сул хяналтгүй байгаагаас гадагш гарсан байх магадлалтай. Хэрэв энэ Монголынх юм бол хамгаалах арга хэмжээ яаралтай авах нь зүйтэй” гэж хэлсэн. Харин Монголд амралтын өдөр эхэлчихсэн байсан тул төрийн байгууллагуудтайгаа харилцахад хүндрэлтэй болсон. Ерөнхийлөгч шууд АНУ-ын Техас мужийн Пейнтерийн хуулийн фирм рүү утасдаж шүүхэд нэхэмжлэл гаргахаар ярилцсан. Ингэж ажиллахад нэг зүйл их аятайхан нөлөө үзүүлж байсан нь Нью Йорк, Улаанбаатарын хоорондох 12 цагийн зөрөө байлаа. Тодруулбал, манай энд бямба гариг байхад тэнд баасан гариг буюу ажлын өдөр дуусаагүй байсан.
-Бямба гаригт Монголд ямар ажил өрнөв?
-Ер нь тухайн үед их шуурхай ажиллацгаан цагийн зөрүүг ашиглацгаасан. Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах учир, бямба гаригтаа багтаан итгэмжлэл үйлдэж явуулсан. Манай талын хуулийн фирм энэ итгэмжлэл дээр тулгуурлан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зүгээр ч нэг нэхэмжлэл гаргаж байна гээд биччихгүй л дээ. Үүнийг гаргахын тулд “Монголын хуулиар соёлын өв улсын хамгаалалтад нь байдаг, гадагш нь гаргахыг хориглосон хуультай. Үнэнийг олж магадлах, Монголынх мөн эсэхийг тодруулах шаардлагатай” зэрэг хууль зүйн үндэслэлтэйгээр нэхэмжлэл гаргасан. Шүүгч ч дор нь тогтоол гаргасан.
-Шүүх нь тийм хурдан шийдвэр гаргадаг юм уу?
-Тухайн шүүхийн Гортец шүүгч маш шуурхай ажиллан тавдугаар сарын 19-нд “Монгол Улсын Ерөнхийлөгч нэхэмжлэл гаргасан уг асуудлыг тодруулах шаардлага байгаатай нь холбогдуулан дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуул” гэх шийдвэрийг гаргасан. Ингээд хуульч маань шүүгчийн шийдвэрийг биечлэн гардуулахаар Техасаас Нью Йорк рүү шууд ниссэн. Тухайн дуудлага худалдаа тавдугаар сарын 20-нд болохоор Нью Йоркийн Херитижийн дуудлага худалдааны газар /Heritage Auction/ зарлагдсан байсан тул амжиж өгөхөөр яаравчилсан нь энэ.
-Тэгээд яагаад зарагдчихав?
-Дуудлага худалдааны газар шүүгчийн шийдвэрийг албан ёсоор гардуулж өгсөн боловч дуудлага худалдаа болсон. Шүүгчийн тогтоолыг гардуулан өгсөн байтал дуудлага худалдааны төлөөлөгч нь манай хуульчийг “та эндээс явахгүй юу” хэмээн танхимаас гаргахыг шаардсан. Энэ үед хуульч маань дуудлага худалдааны ажилтанд “та Горчек шүүгчтэй ярихгүй юу. Шүүгч шийдвэрийнхээ талаар тайлбарлахад бэлэн байна” гээд утсаараа яриулахыг оролдсон боловч чадаагүй. Нөгөөдүүл нь “ярихгүй” гээд хуульчийг гадагш гаргасан. Тэр үед дуудлага худалдааг эсэргүүцэхээр цугласан монголчуудын хамт гадна нь эсэргүүцлийн жагсаал хийсэн. “Монголын соёлын өвийг эх нутагт нь буцаа гэх” гэх шаардлага тавьсан. Гэвч тэд дуудлага худалдаагаа зогсоогоогүй. Энэ худалдаанд есөн хүн саналаа өгсөн байснаас найм нь татгалзсан. Дэлхий хавтгай болчихсон учраас нэг өдрийн дотор дэлхийн хаа саагүй энэ тухай мэдээлэл тарсан нь тэдгээр хүмүүсийг дуудлага худалдаанаас нэрээ татахад хүргэсэн. Харин нэг оролцогч үлдсэнд нь сая гаруй ам.доллараар худалдахаар болсон. “Шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдвэл мөнгөө шилжүүлэн худалдан авна” гэсэн болзолт нөхцөл тавьсан.
-Дараагаар нь?
-Ийм зүйл болж шүүгчийн шийдвэр биелэгдээгүй талаар Горчек шүүгчид хэлэхэд “Миний гаргасан шийдвэр нь санал биш. Энэ бол заавал биелэгдэх эрх зүйн акт. АНУ-ын нэрийн өмнөөс гаргасан учраас заавал биелэгдэх ёстой” гэдгийг хэлсэн. Шүүхийн шийдвэрийг зөрчиж худалдаа явуулсан нь манай талд ашигтайгаар эргэсэн. Учир нь АНУ-ын хуулиар “шүүгчийн шийдвэрийг зөрчсөн бол зургаан сараар баривчлах” хариуцлагын заалттай. Ингээд дуудлага худалдаа явуулсан газрынхан өөрсдөө сандралдаж эхэлсэн. Хууль зөрчсөн гэдгээ ойлгоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу хандаж “Та нар дахиж шүүхэд битгий хандаач. Бид хамтран ажиллая. Динозаврын араг ясыг үзүүлье” гэсэн. Ингээд энэ саналыг нь хүлээн авч Монголоос Х.Цогтбаатар доктор, АНУ-д амьдардаг М.Болорцэцэг доктор, АНУ-ын палентлогийн хүрээлэнгийн доктор М.Норрель, Олон улсын палентлогийн холбооны ерөнхийлөгч, канадын эрдэмтэн Ф.Карри гээд нийт дөрвөн доктор, Монголоос миний бие болоод БСШУ-ны яамнаас Б.Наранзун бид хэд хамтдаа очиж үзсэн. Дуудлага худалдааны газрынхан зургадугаар сарын 5, 6-нд экспертүүдтэйгээ ирж үзээч гэх хүсэлт гаргасан байсан. Шинжээчид олдворыг шинжлэн үзлэг хийж дүгнэлтээ бичицгээсэн. Тэд дөрвүүлээ санал нэгтэйгээр “энэ бол Монголын говиос олдсон байна” гэж дүгнэцгээсэн. Монгол дотроо Өмнөговь аймгийн Нэмэхтийн хөндийн Тарбозаврус батаар байна гэж үзсэн.
-Хэвлэлүүд дээр “Tyrannosaurus bataar”, “Тарбозаврус батаар” гэх зэргээр ялгаатай бичээд байна. Энэ нь ямар учиртай юм?
-Ялгаагүй л дээ. Тарбозаврус батаар гэх нэрийг 1946 онд Оросын эрдэмтэн Авдиеев гэх эрдэмтэн өгсөн байдаг. “Баатар” гэх үгийг “батаар” гэж андуурч бичээд хаалтан дотор “богатирь” гэж бичсэн байдаг. Үүнийг нь “Tyrannosaurus bataar” ч гэж бичиж нэрлэж болно. Энэ төрлийн диназавр нь зөвхөн Монголд далан сая жилийн өмнө амьдарч байсан. Зөвхөн энэ хөндийгөөс л олддог, өөр газраас олддоггүйгээрээ онцлогтой. Тарбозаврус батаар нь Монголынх, “Tyrannosaurus” нь америк тивээс олддог төстэй мөн нэгэн төрлийн үлэг гүрвэл л дээ. Хаа хаанаа хольж бичээд байна.
-Дараагийн алхам?
-Дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Хууль зүйн яаманд хандсан. Би тэнд АНУ-ын Хууль зүйн яам, Дотоодын аюулгүй байдлын яамны мэргэжилтнүүдтэй уулзсан. Энд АНУ-д динозаврийн яс яаж орж ирсэн талаар мэдээлэл солилцсон. Ингээд тухайн олдвор АНУ-д хууль бусаар, гаалийнх нь хууль дүрмийг зөрчиж орж ирсэн гэдгийг тэр хүмүүс надад хэлсэн. Яаж орж ирсэн тухай баримтууд нь бүгд байгаа юм билээ. Хэрхэн хэдэн хэсэг болгон оруулж ирсэн. Хэвлээр явагч амьтны яс гэж баримтан дээрээ бичиж олон хувааж оруулсан байна. Үүнээс гадна Англиас гаралтай гүрвэл гэх зэрэг янз бүрийн нэрийг гаалийн бүрдүүлэлтэнд ашигласан байна. Энэ олдвор маань олон улсын каталог дээр нэг саяаас сая таван зуун мянган ам.долларын үнэтэй хэмээсэн байхад тэд гаалиар оруулахдаа 15 мянган ам.долларын үнэтэй гэж үнэлж оруулсан нь нотлогдсон. Бид ийнхүү хамтран ажилласны үр дүнд 18-нд Нью Йоркийн прокуророос АНУ, Монгол Улсын хууль, Олон улсын гэрээг зөрчин орж ирсэн араг ясыг хураан авах тухай нэхэмжлэлийг холбооны шүүхэд гаргасан. Шүүгч нэг хоногийн дараа уг араг ясыг хураан авах шийдвэр ч гаргалаа. Маш шуурхай явж байна.
-Хураан авсан шийдвэрийн талаар тодруулаач?
-АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүхээс “Тиранносаурус Батаар” хэмээх үлэг гүрвэлийн ясыг хураан авах тогтоол гаргасан. Шүүхийн тогтоолд “Өргөдлийн дагуу Heritage Auctions дуудлага худалдааны газрын мэдэлд буй 49315 тоот хөрөнгө буюу “Тиронназавр Батаар” үлэг гүрвэлийн ясыг хураан авах зөвшөөрлийг олгож байна. Энэхүү тогтоолын дагуу, холбооны маршал, цагдаа эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр томилогдсон ажилтан дээр заагдсан өмчийг хураан авч, дараагийн шүүхийн шийдвэр гартал улсын мэдэлд байлгах үүрэг хүлээнэ” гэсэн байна.
-Хууль эрх зүйн баталгаа манай талд ашигтай байжээ дээ?
-Тийм ээ, Бид 1921 оноос хойшхи Монгол Улсын хууль тогтоомжуудыг бүгдийг нь судалж үзлээ. Эрүүгийн болоод Үндсэн хуулиудыг. 1924 оноос хойш маш нарийн зохицуулалттай байсан нь үнэхээр гайхмаар байлаа. “Хилээр олдвор, ургамал гаргахыг хориглосон, гаргасан бол нэг жилийн дотор эргүүлэн авчирсан байх ёстой” гэх зэрэг нарийн заалтуудтай байна. Бүх Үндсэн хуулиуд, Эрүүгийн хуулиудад динозаврын яс, олдворыг төрийн өмч гэж тодорхойлон, хилээр гаргах нь хууль бус хэмээсэн байна. Хамгийн сүүлд шинэчлэгдсэн батлагдсан хуулиар л гэхэд ийнхүү хилээр гаргасан этгээдийг 2-5 жилээр хорих ялын хариуцлага байна. Гаалийн тухай, Эрүүгийн хууль АНУ-ын ч хэд хэдэн хуулийг зөрчсөн байна. Мөн НҮБ-ын ЮНЕСКО буюу боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын 1970 оны Соёлын өвийг хууль бусаар экспортлох, импортлохыг, өмчлөлийг шилжүүлэхийг хориглох тухай конвенц бий. Энэхүү олон улсын гэрээнд АНУ 1983 онд, Монгол Улс нь 1991 онд нэгдэн орсон байна. Хоёр улс энэ гэрээний талууд болсон учраас энэ тохиолдолд олон улсын гэрээг хэрэглэх таатай, давхар эрх зүйн хамгаалалт бий болсон. Олон улсын эрх зүйд Pacta Sunt Servanda гэх зарчим бий. Энэ нь гэрээ заавал биелэгдэх ёстой гэдэг зарчим. Өөрөөр хэлбэл олон улсын эрх зүйн давхар хамгаалалт үйлчилж эхэлсэн хэрэг.
-Өөр ямар онцлог байна?
-Уржигдар гаргасан нэхэмжлэл нь АНУ-ын нэрийн өмнөөс холбооны шүүхэд гарч буйгаараа онцлог. Бид гарал үүсэл, Монгол, АНУ, олон улсын гэрээг зөрчсөн гэдгийг нь тогтоочихсон тул Монгол Улсын Засгийн газар энэ хэрэг дээр заргалдах биш АНУ-ын Хууль зүйн яам заргалдаж эхэллээ. Ингэснээр соёлын өв маань эх орондоо эргэн ирэх баталгаа нь улам батажсан. Энэ нь өөрөө маш сонирхолтой кейс үүсгэж байна. Өмнө нь “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж VS Дуудлага худалдааны компани” гэх кейс байсан бол одоо “АНУ-ын засгийн газар VS Тарбозаврус батаарын хэрэг” гэх нэртэй кейс бий болж байна.
-Улс төртэй холбох зүйл хэр ажиглагдаж байна?
-Үүнийг улс төржүүлэх гэсэн, эсвэл “пи ар”-даа ашиглах гэсэн хандлага ажиглагдаж байна. Шинжээчид албан ёсныхоо дүгнэлтийг цаасан дээр буулгаагүй байхад хүртэл хэвлэлд “Монголынх гэдгийг нотоллоо” гэж байгаа нь тийм ч хариуцлагатай үйлдэл биш. Түүнийг нь ойлгож болох ч эмзэглэмээр зүйл хүртэл гарлаа. “Оруулж ирсэн хүнээс нь бага үнээр худалдаад авчихья” гэх санал ч гарч байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
-Хаанаас?
-Монголын талаас. “Шүүхээс заргалдаад яах юм бэ, мөнгө төлөөд авчихья. Гаргасан зардлыг нь төлье” гэх санал гарч байсан. Хууль бусаар АНУ-д оруулж ирсэн нөхдүүд нь манайханд лобби хийсэн юм байлгүй. Тэр битгий хэл биднийг тэнд ажиллаж байхад Монголд хэдэн нөхөд ирчихсэн “Монголын динозаврын ясыг эргүүлэн авчрах сан байгуулъя”, “би 10 мянган доллар хандивлая” гэх мэт зүйл ярьцгааж л байсан.
-Энэ лоббид ороогүй биз дээ?
-Ерөнхийлөгч энэ асуудал дээр хатуу байр сууриа илэрхийлсэн. “Бид хулгайлагдсан морьдоо хулгайчаас нь худалдаж авдаггүй биз дээ. Хулгайчтай хуулийн хэлээр л ярих ёстой” гэсэн. Иймд хулгай хийхэд гарсан зардлыг нь төлөх яриа ч байхгүй.
-Хэчнээн улсын хил дамжиж АНУ-д очсон талаар тогтоосон уу?
-Анхны авсан мэдээллээр 2005 онд Англиас авчирсан гэж байсан. Гэтэл АНУ-ын Хууль зүйн яамны мөрдөн байцаалтын явцад 2010 онд Англиас орж ирсэн байна. Албан бус мэдээгээр Японоос ирсэн ч гэж байгаа. Монголоос яаж гарсан нь Монголын хууль тогтоох байгууллагын үүрэг, нэг ёсны сорилт юм даа.
-Энэ төрлийн динозавр ер нь хэд байдаг юм бэ?
-Өнгөрсөн бүхий л хугацаанд бүрэн бүтэн, хагас дутуу Тарбозаврус батаарын 89 олдвор олдсон байдаг гэсэн. Үүнээс арав хүрэхгүй нь бүтэн.
-АНУ-ын хууль, хяналтын байгууллагуудтай харилцахад бэрхшээлтэй байв уу?
-Бэрхшээл байгаагүй. Харин АНУ-ийн хуулийн байгууллагууд нь хамтран ажилладаг нь ажиглагдсан. Жишээ нь, Хууль зүйн яаман дээр нь хийсэн хоёр удаагийн уулзалтан дээр л гэхэд прокуророос гадна Дотоодын аюулгүй байдлын яамны төлөөлөгчид нь байнга байлцаж байх жишээтэй.
-Хэдий хэрийн зардал мөнгө, хаанаас гарч байгаа вэ?
-Гэм буруутай хүмүүс нь тогтоогдвол тэдгээр хүмүүс нь төлнө. Ямар ч байсан худалдан авах асуудал байхгүй. АНУ-ын засгийн газар энэ хэрэгт оролцоод эхэлсэн тул хурааж авах зэрэг зардлыг цаанаас гаргаад явах байх.
-Ер нь энэ том олдворыг зүгээр нэг гаргачихгүй биз дээ?
-Гаалийн албан ёсны бүрдүүлэлтээр гарсан зүйл байхгүй байна. Гавлын яс нь их үнэтэй байдаг. Гэтэл энэ хэсгийг гэмтээж авснаас нь харвал мэргэжлийн бус ажиллагаа явагдсан нь илт байна.
-АНУ-аас хэдий хугацааны дараа ирэх вэ?
-Ер нь бол хоёр сарын дараа шүүхийн шийдвэр гарах байх гэж бодож байсан. Аль болох хамгийн хурдан оруулж ирэхийг бодож байна. Сүүлд гарсан шүүхийн шийдвэр их эерэгээр гарсан.
-Мэдээлэл өгсөн хүнд урамшуулал өгөх үү?
-Үүнийг санал гэж ойлгож байна. Ерөнхийлөгчид дамжуулья.
АНУ-ын прокурорын шүүхэд гаргасан нэхэмжлэл
АНУ-ын прокурорын хэвлэлийн мэдээ
Дуудлага худалдааны танхимд “та Горчек шүүгчтэй ярихгүй юу. Шүүгч шийдвэрийнхээ талаар тайлбарлахад бэлэн байна” хэмээн Монголын талын өмгөөлөгч зохион байгуулагчидтай ярилцахыг оролдож буй нь.
АНУ-ын Хууль зүйн яаман дээр судалгааны багийнханы хамт
Судлаачдын баг олдвор дээр нарийвчилсан судалгааг нийт найман цагийн туршид хийлээ. Уг амьтны ясны хадгалалтын түвшин, бүрэн бүтэн байдлыг тогтоох судалгаагаар малтлагын үед маш ихээр эвдлэж авсан нь ажиглагдсан бөгөөд энэ байдал нь малтлагыг мэргэжлийн бус хүмүүс хийсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрэв.