Мах, ногооны үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Мах, ногооны үнэ нэмэгджээ

Хүнсээ цуглуулах бүрт иргэдийн сэтгэлийг зовоодог  гол зүйл бол барааны үнэ нэмэгдсэн байх вий гэсэн айдас. Өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн хэдэн сар огцом нэмэгдээгүй тогтвортой байсан. Харин энэ сар гарснаас хойш махны үнэ 400-800 төгрөгөөр, ногооны үнэ 200-400 төгрөгөөр нэмэгджээ.

Зах, худалдааны төвүүд олны хөлд дарагдан энд тэндгүй худалдаа наймаа өрнөнө. Баянзүрх захын ногоо, махны тасгаас худалдаа хийж байхдаа  “Байцаа 1500, лууван 1400 болчихсон юмуу. Үхрийн мах өнгөрсөн долоо хоногт 8500 байсан. Хэзээ 8900 болчихсон юм” гээд  барааны үнээс болж  бухимдах хүн олон байв. 

Ногооны үнэ яагаад өндөр байгаа талаар “Баянзүрх” захын худалдагч Ж.Алтан хэлэхдээ “Шинэ ургацын ногоо гарах болоогүй. Нөөцөнд нь байгаа нь бага учир цаанаасаа үнэтэй ирж байна. Зарим хүмүүс ойлгохгүй биднийг өөрсдөө нэмээд зараад байна гээд уурлаж бухимддаг” гэсэн юм.

Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгино  хайрхан, Чингэлтэй дүүрэгт байрлах доорх зах, худалдааны төвд өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгааг сонирхуулья. Зах худалдааны төвүүдэд барааны үнэ харилцан адилгүй байна.

Үндэсний статистикийн хороо зургадугаар сарын 13-нд гаргасан мэдээгээр Улаанбаатар хотын зах дэлгүүрт худалдаалагдаж байгаа гол нэрийн барааны үнийг тавдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 180-630 төгрөг, адууны махны үнэ 280, ямааны махны үнэ 420 төгрөгөөр тус тус өссөн бол, хонины махны үнэ 150 төгрөгөөр буурсан байна.

Цагаан будаа болон элсэн чих­рийн дундаж үнийг тавдугаар сарынх­тай харьцуулахад 20-30 төг­рөгөөр нэмэгджээ. Харин өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад тогт­вор­той байна. Гурилын үнэ ч мөн адил тогтвортой байгаад иргэд баяр­тай байна. “Бөмбөгөр” худалдаа­ны төвд худалдаа хийж байсан иргэн Н.Аюуш “Төрөөс 330 мянган төгрөг тарааж эхэлснээс хойш барааны үнэ бага багаар нэмэгдэж байна. Энэ нь мөнгөний сургаар үнээ нэмдэг ченжүүдтэй холбоотой. Тэд махыг малчдаас маш хямд аваад хэд нугалж зардаг. Төрийн бодлого зохицуулалт муугаас  ард түмэн хохирч байна. Хэдий  нөөцийн мах гаргаад байгаа ч тэр нь огт хүрэлцдэггүй. Манайх гэхэд сарын орлогынхоо 100 орчим мянган төгрөгийг зөвхөн маханд зарцуулдаг” гэв.

Б.ОДОНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж