”Нийгэмд өөрчлөлт болохын өмнө ”Гамлет” тавигддаг”

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

”Нийгэмд өөрчлөлт болохын өмнө ”Гамлет” тавигддаг”

Монголын сонгодог урлагт нэгэн томоохон үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон нь УДЭТ-т дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг Драмын театрын тайзнаа дахин амилуулахаар найруулагчдын дунд зарласан тендерийг шүүх шалгаруулалт байв. 31 жилийн дараа, ирэх намар тайзнаа хоёр дахь удаагаа тавигдах уг жүжгийн тендерт найруулагч Б.Баатар, Б.Мөнхдорж, Ч.Найдандорж, Ч.Түвшин, Н.Наранбаатар гээд драмын урлагийн нэртэй найруулагчид өрсөлдсөнөөс хамгийн залуу нь болох Н.Наранбаатар тендерийн эзэн болж, “Гамлет” жүжгийг тайзнаа тавих эрхийг авсан юм. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.


-Та Монголын драмын урлагт энэ цагийн өнгийг тодорхойлж яваа найруулагчийн нэг. Драмын урлаг бараг үзэгчгүй эзгүйрээд байхад 24-хөн настайдаа “Бооцоо” жүжгийг тайзнаа тавьж, драмын урлагт менежментийн хувьсгал хийсэн гэгддэг. Хэрхэн үүнийг хийсэн бэ?

-Хүний хувь тавилан, зураг төөрөг их сонин. Хувь тавиланг хүн өөрөө бүтээдэг болохоор хүчилж, зориглох хэрэгтэй юм шиг байгаа юм. Би анх УДЭТ-т ороогүй байхдаа энэ театрын босгыг яаж алхах вэ гэж бодож байсан. Театрт ажилд орохоор уулзтал “орон тоо байхгүй, нэг жил хүлээ” гэж найруулагч Ч.Найдандорж надад хэлсэн. Тэр үед би кино найруулагч Б.Батсайханы “Янаг дурлалын дууль” киноны гол дүрд тоглож байсан юм. Батсайхан найруулагчид Баабар гуай  “Бооцоо жүжгийг хийх үү” гэдэг санал тавьсан юм билээ. Батсайхан ах “Би киноны хүн болохоор драмын жүжиг дээр ажиллах хүндрэлтэй. Харин дөнгөж сургууль төгссөн, театр талдаа гайгүй залуу найруулагч байгаа” гээд намайг санал болгосон юм шиг байгаа юм. Тэгээд би Баабар гуай, “Эдмон”-ы Р.Энхбат гуай хоёртой уулзахад “Чи энэ зохиолыг уншаад гурав хоногийн дараа уулзахад яаж тавихаа надад ярь гэсэн. Дөнгөж төгссөн оргилуун сэтгэлтэй байсныг ч хэлэх үү ингэж хийнэ, тэгнэ гээд дуучин Т.Ариунааг хүртэл тоглуулахаар бодоод ярьтал Баабар ахад таалагдаад, “давай, хийе” гэсэн. Тэгээд хаана хийх үү гэхээр нь жүжиг юм чинь Драмын театрт тавья гэсэн.

Драмын тайзнаа жүжиг тавина гээд намайг орвол тухайн үед хүлээж авахад хэцүү байсан байх. Ардын жүжигчин Б.Мөнхдорж гуай бол миний багш байсан. Багш дээрээ очоод та энэ жүжгийн зөвлөхөөр ажиллаач ээ гэж гуйлаа.Тэгээд багш театртай яриад шууд тавихаар болж анхны гараагаа эхэлж байсан. “Бооцоо” жүжгээр бид шинэ менежментийг бий болгосон. Жүжиг бол үнэхээр сайн болсон гэж хүмүүс ярьдаг. Энэ жүжгийн гол онцлог нь театрын урлагт хувьсал хийн тухайн үед драмын театрын үзэгч багасчихсан, тасалбарын үнэ 1000 төгрөг байхад хүний нүд орой дээр гармаар үнэ буюу 10 мянга болгосон. Гэхдээ үүний ард чанар байх ёстой гээд сэдэл байсан. Нөгөө талаас Ардын жүжигчин Н.Сувд, Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг гээд ойрд тайз дэлгэцээр гараагүй уран бүтээлчдээр, мөн үзэгчдийн хүсээд байсан эрэлт хэрэгцээнд тулгуурлан залуу жүжигчдээс Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нарыг аваад жүжгээ хийсэн. Жүжиг бурхны авралаар амжилттай болсон. Анх тэр жүжиг дээр “жүжиг дуутай, тэр нь өөрөө клиптэй байвал үзэгчдийн үзэх сонирхлыг татах юм байна” гээд жүжиг, кино дуу, клиптэй байх анхны гарааг “Бооцоо”-гоор эхэлсэн. Үүний дараа бие дааж Ш.Гүрбазар гуайн алдарт “Надаар тоглосон хайр” жүжгийг тавьсан. Энэ жүжгийг одоог хүртэл тоглодог. Нэг хэсэг цагийг эзэлж, залуусыг байлдан дагуулсан шүү дээ.

-“Бооцоо” жүжгийг найруул­саны дараа босго өндөртэй УДЭТ-т ногоон гэрлээр орсон уу?

-Би “Бооцоо” жүжгийг хийс­нээрээ нэг ёсондоо өөртөө виз авч байна гэсэн үг. Би ийм хүн байгаа юм, намайг урлагийн эгнээнд багтаагаач гэсэн дуугүйхэн ятгалга байсан юм болов уу гэж. Нэг ёсондоо “бөмбөг” хаяж орж ирсэн гэж ойлгож болно л доо. Би хүнээс гуйгаад байж чаддаггүй, олон ярилгүй хийсэн бүтээлээрээ хариултууд өгч байх хэрэгтэй гэж боддог.

-“Гамлет” жүжгийг найруу­лахаар болсонд тань баяр хүргэе. Та “би энэ жүжгийг тендер зарла­хаар л гэнэт найруулах гээд барьж аваагүй. Надад хоёр жилийн өмнөөс хийнэ гэсэн сэдэл байсан” гэж хэлж байсан?

-Уран бүтээлч хүнд өөрийн гэсэн төлөвлөгөө байх ёстой. Жишээ нь, би төлөвлөгөөний дагуу явдаг гэж өөрийгөө ойлгодог. Би анх театрт ороод “Бооцоо” жүжгийг хийчихээд учиргүй гэнэтхэн Шекспир хийдэг хүн болоод орилоогүй. Надад ганцхан төлөвлөгөө байсан нь багаас эхлэх ёстой. Эхлээд үндэснийхээ жүжгийн зохиолчдын бүтээлийг сайхан хийгээд үзэгчдэдээ хүргэчихдэг. Дараа нь арай ойрхон хөршөөсөө, тэгээд цаашлаад Герман, бүүр цаашлаад АНУ, Англи гэдэг ч юм уу. Хүн уул руу авирахдаа дундаас нь авирдаггүй. Мэдээж уулын бэлээс орой руу авирдаг. Түүнийг л өөртөө хэрэгжүүлж байгаа. Миний бүтээлүүд дандаа энэ замналаар явсан. Би Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн хоёр жүжиг, Сорогдогийн Жаргалсайханы мундаг хоёр жүжиг, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар ахын дөрөв таван жүжгийг үзэгчдийн хүртээл болгоод, ахиад явж байгаа. Эргэж харахгүй чигээрээ тэр цаст уулын орой руу харж яваа гэж ойлгож болно. Миний төлөвлөгөөний нэг нь драмын бүтээлийн ноён оргил болсон Гамлет. Би тендер зарлахаар хийдэг баатар болоогүй. Энэ жүжгийг хийх юмсан гэсэн миний төлөвлөгөө байсан. Гэхдээ тендер зарлая гэсэн олонхийн саналыг дэмжилгүй яахав. Ямар ганцаараа гүрдийгээд зогсоод байлтай биш. Сонгон шалгаруултад ороод энэ жүжгийг хийх болсондоо мэдээж маш их баяртай байгаа.

-Энэ тендерт драмын театрын мундагууд өрсөлдсөнөөс хамгийн отгон нь та. Айхгүй ч гэсэн аягүй биз?

-Өөртөө итгэлтэй байгаа хүн бол айхгүй байх аа. Айхгүй ч гэсэн эмээлгүй яахав. Би өөртөө итгэх итгэлтэй байдаг. Ялагдсан ч итгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Мэдээж Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Б.Баатар, Ч.Найдандорж гээд том акулуудтай үзнэ гэдэг чинь хэцүү шүү дээ. Гэхдээ би өөрийгөө харуулж яваа. Би бол XXI зууны найруулагч. Юм бүхэн цаг хугацаатай байдаг. Бид гурван цагийн хэлхээст амьдардаг. Тэгэхээр цагийн юм цагтаа гэдэг шиг бидний цаг үе ирж байгаа. Залуучууд маань үүнийг ойлгох хэрэгтэй, 70-аад оныхон Монголын аль ч салбарт ачааг нь нуруун дээрээ үүрэх цаг ирчихсэн. Энэ цаг үеийг зөв сайхан үүрч, зөв жимээр алхах ёстой юм болов уу гэж бодоод байгаа.

-Тендерийн явцад Б.Баатар найруулагч "би Гамлетад хэн тоглох вэ гэдэг дээр толгойгоо гашилгасан гэсэн. Зарим найруулагч “Манайд Гамлет байхгүй” гэж ярьдаг. Таны Гамлет хэн бэ?

-Би наад бодлын чинь эсрэг байдаг хүн. Отелло байхгүй учраас “Отелло” жүжиг хийж чадахгүй байна гэж яриад байгаа юм. Амьдрал дээр яахав тийм байдал байдаг. Үнэхээр тэр дүрийг бүтээх чадвартай жүжигчин байхгүй бол жүжиг хийнэ гэдэг бүтэшгүй мөрөөдөл. Гэхдээ өнөө цагт бид тэр дүрийг бүтээх ёстой. Тэр жүжигчнийг бий болгоод, дүртэй нь ажиллуулж, Гамлетыг хүчээр гаргаж ирэх ёстой. Түүнээс биш тэр Гамлет төрөхийг хүлээвэл миний нас хүрэх үү. Цаг хугацааны хэрэгцээ, шаардлагаар гарцаагүй л тэр үедээ хэн нэг нь Гамлет байх ёстой. Харьцуулалтыг бол би сайн мэдэхгүй. Найруулагч хүн өөрөө л дүрээ олж хардаг. Одоо миний дотор нэг л хүнийг тоглуулна гэсэн бодол эргэлдэж байгаа, олон Гамлет байхгүй. Удахгүй дүрүүдээ нийтэд задална. Гамлетын дүрээс гадна тойрон хүрээлж байгаа дүрүүд нь асар сонирхолтой дүрүүд байдаг. Клавди гээд аавыг нь хөнөөчихдөг авга ахын дүр, мөн ээж нь бол бүүр сонирхолтой дүр, Офелия гээд хайртай бүсгүй нь бас их сонирхолтой. Офелияд “Титаник”-т тоглосон Кэйт Венслэт маш сайн тоглосон. Полони бол бүхий л цаг үед амьдардаг дарга нарын бөгсийг долоож явдаг хүн. Тийм хүмүүс өнөөгийн нийгэмд ч бий. Миний үеийн залуус социализм халагдаагүй юм шиг “дарга аа” гээд гүйгээд байхаар миний бүүр огиудас хүрдэг. Шинэ цаг, ардчилсан нийгмийн хүмүүс тийм заваан бялдууч, долигонуур сэтгэлгээтэй амьдарна гэдэг мэдэхгүй ээ…

-Танай баг “Гамлетын уураг тархинд болж буй үйл явдлыг тайзнаа үзүүлнэ” гэсэн нь сонирхолтой санагдсан?

-Манай зураач Т.Ганхуяг бол мундаг залуу л даа. Их уншдаг, боловсруулдаг сэхээтэн хүн. Манайхан ном унш гэж залуучуудад зөвлөөд байгаа юм. Унш гэж хэлэх нь зөв ч түүж уншихыг чухалчлах биш, гол нь чухалчилж уншсан зүйлээсээ тухайн нөхцөл байдал дээр анализ хийж, тунгаан шүүж, авах нь чухал. “Гамлет” жүжиг өөрөө хүний оюун ухааны жүжиг гэж би ойлгоод байгаа. Тэр дундаа Гамлет бол тухайн цаг үеийн бусдаас илүү хурдтай сэтгэсэн, арай өөр өнцгөөс хардаг лидер. Жүжгээ би “энэ бол төрийн онол юм” гэж хэлсэн. Төр өөрөө бодит юм биш. Төрийг орчин үеийн сэтгэлгээ талаас харвал удирдахуйн ухаан, нөгөө талаас харвал хийсвэр зүйл. Төрийн онолыг амьдралын хөрсөн дээр буулгахаар хүний онол болж ирж байгаа юм. Төрийг хүн л удирддаг. Хүний онол болоод ирэхээр хүн ямар байх ёстой юм бэ гэдэг асуудал дээр очиж байгаа. Тэгэхээр энэ жүжиг өөрөө хүний оюун санаан дотор болж байгаа үйл явдал. Тэгээд эцэстээ хүний таван мэдрэхүй гэдэг дорнын том ухагдахуунаар хэмжигдэх ёстой. Ертөнц өөрөө таван махбодиос бүтдэг гээд бодохоор манай дорнын ухагдахуун асар өндөр нарийн философи дээр тогтож байгаа.

Тайзыг нэг талаас харвал шилтгээн, цайз, нөгөө талаас нь хүний нүүр, уураг тархи, дээрээс нь сүнслэг байдал оршиж байна. Би тэр нүүрийг амьдруулна, амилуулна гээд байгаа шүү дээ. Цайзын дээд талын шонгууд Монголын хилийн шон гээд маш олон санааг нийлмэл чанар руу аваачиж байгаа. Тэр утгаараа энэ жүжиг хүний оюун санааны цайз, бэхлэлт, дархлааг бий болгож чадна гэж бодоод байгаа. Их сонин давтамж байдаг юм, нийгэмд өөрчлөлт болохын өмнө Гамлет тавигддаг гэдэг. Магадгүй би энэ жүжгээ сайн цагийн түүчээ байх болов уу гэж бодоод байгаа.

-Жүжигчдийн дүрийн сонголтыг хэрхэн хийх вэ?

-Энэ жүжиг Монголын театрын тайзнаа анх удаа тавигдаж байгаа биш. 1979 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Галсанжав гуай найруулж, Ардын жүжигчин Ч.Жамсранжав гуай тоглож энэ жүжгийг Монголын театр анх амилуулсан. Миний сонссоноор энэхүү жүжгийг тайзнаа тавьсанаар манай театр академик буюу эрдмийн цолоо авч байсан. Энэ жүжгийн нөмөр нөөлөг, хүч, чадал, жин ямар байдгийг харуулж байгаа байх. Жүжигт тоглох уран бүтээлчээс маш их уран чадвар, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, уран сэтгэмжийг шаардана. Тиймээс би жүжгийнхээ дүрийн хуваарилалтыг одоо дотроо боловсруулаад явж байна. Одоохондоо зарлаагүй байна. Ямар ч байсан наадмаас өмнө буюу театрын зун цагийн амралт эхлэхээс өмнө би дүрээ хуваарилна. Жүжгийн дүрүүдийг маш их бодож сонголтоо хийнэ. Дүр сонгоно гэдгийг хүмүүс их хялбархан гэж боддог. Гэтэл үнэндээ нарийн бодлоготой байх хэрэгтэй. Жүжгийнхээ ерөнхий найруулга зүйг олох хэрэгтэй. Энэ жүжиг ХХI зуунд дахин тавигдаж байна.  Хүний амьдралыг 60 жилээр хувааж үзэх юм бол энэ 60 жилд тохиолдож байгаа том үйл явдал. Энэ том уран бүтээлийг хийх эрхийг авсандаа өөрийгөө би азтайд бодож байгаа. Хэрхэн хийх нь миний хичээл зүтгэл, оюун ухааны цар хүрээ хэр байна гэдгээс шалтгаална.

-Магадгүй үүнийг хийснээрээ таны нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөх үү?

-Би нэг зүйлд дургүй. Зарим нэг хүн байдаг шүү дээ. Нэг бүтээл хийгээд тэрнийхээ араас гавьяа шагнал горилоод, эсвэл нэр хүнд өвөрлөх гээд байдаг. Нэр хүндээс илүү хийж бүтээнэ гэдэг маш чухал гэж нэг хүн хэлсэн байдаг. Одоо манай залуучууд шагналын хойноос хөөцөлддөг дон тусчихаж. Яг өнөөдөр авсан шагналынх нь ард бүтээсэн зүйлийг нь харахаар хариугүй л зүйлүүд байгаа шүү дээ. Хэдэн дууны цуглуулга дуулсан хүн ямар юмных нь гавьяат байх вэ дээ. Ер нь аливаа юм чинь дэлхийтэй ярьж байж, дэлхийтэй барилдаж байж бүтээлч хүн гардаг. Тэрнээс биш жалгандаа жарвалздаг уран бүтээлчийг ямар уран бүтээлч гэхэв.

-“Гамлет” жүжгийг яг хэзээ тайзнаа тавих вэ?

-Ирэх аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр нээхээр төлөвлөөд байгаа. Яагаад гэвэл энэ жүжиг маш их сургуулилалттай. Би Гамлет жүжгийг ард түмэндээ зориулан хийж байгаа гэж ойлгож байгаа. Монголын ард түмэн маш гоё түүхэн замналтай, бахархмаар ген сайтай. Гэтэл яагаад ийм залхуу хойрго тархиа ажиллуулахгүй байдалд орчиховоо. Түүнээс биш би үндэстэнээрээ бахархдаг. Англичууд өөрсдийгөө нэг номерын хүн гэдэг шиг монголчууд нэг номерын хүмүүс. Ийм хүмүүсийг төр л муухай байдалд оруулчихаад байгаа. Яагаад ийм болгов гэхээр төр соёл урлаг, театр урлагийг өнчин хүүхэд шиг хаячихсан. Өөрийнх нь хүчээр явуулдаг. Гэтэл БНХАУ-ыг хар. Хэчнээн хоцрогдмол байсан ч төрөөс нь дэмжээд ямар их дээш нь хөгжүүлж байна. Тэр урлагаараа дамжуулж, үндэсний бахархал бий болж байгаа байхгүй юу. Өнөөдөр Хятад кино болгоны цаана, үндэсний үзэл явж байдаг, дэлхийн соёлын өвийг бид хийсэн шүү гэдэг мэссэж дандаа явж байдаг. Дэлхийд өөрсдөөрөө омогших үзлийг хийж өгч байна. Урлаг гэдэгт тийм хүчтэй. “Мянгыг хулгайлахад хулгайчийн гар хэрэгтэй. Саяыг хулгайлахад үгсэн хуйвалдах хэрэгтэй. Тэрбумыг хулгайлахад хууль гаргуулах хэрэгтэй. Хуу хамахын тулд үзэл суртал хэрэгтэй” гэдэг шүү дээ. Тэр үзэл суртал бол асар том зэвсэг байна. Ленин багш түүнийг мэдэж байсан. Бүх урлагийн дундаас кино урлаг хамгийн чухал нь юм гэж хэлсэн. Тэр чинь киногоор дамжуулж хүмүүсийн тархийг яаж зөв хандлаганд оруулах уу гэдэг зүйл байна шүү дээ. Бүүр эсрэгээрээ буруугаар ч угааж болно. Үнэхээрийн урлаг гэдэг зөв хандлагатай бол хүмүүст итгэл үнэмшил, сэтгэлийн тэнхээ олон сайхан зүйлсийг хайрладаг. Урлагийг хаяж, хол байна гэдэг чинь ертөнцийг таньж мэдэхгүй, харанхуй тал руугаа л орж байна гэсэн үг.

-Юу таныг ингэж шинэ санаа, шийдэл, сэдэл рүү хөтөлдөг вэ?

-Найруулагчийн эмзэглэл. Нийгмийг их эрүүл харах хэрэгтэй байна л даа. Бодит байгаа ертөнцийг байгаагаар нь харах. Ямар нэгэн сэтгэлийн хөөрөл, хөгжөөн дэмжигчгүй яг бодитоор нь хараад тэр дундаас дүгнэлт хийж байгаа юм. Бидэнд өнөөдөр юу дутаад, юу хэрэгцээтэй байна, юуг алдаад байна гэдийг найруулагч гярхай харан бүтээл буюу өөрийнхөө ертөнцөөр дамжуулан харуулдаг. Тиймээс найруулагч муу байж болохгүй. Сайхан сэтгэлтэй аливаа юманд өвддөг, улс нийгэм, хүний төлөө тархи нь үргэлж шаналж явдаг хүмүүсийг найруулагч гэж хэлнэ. Мөн найруулагч хүн маш сайн уншдаг байх хэрэгтэй. Би өөрийгөө айхтар олон юм уншсан гэж хэлэхгүй. Уншсан юмнаасаа маш олон юмыг шүүж авч тунгаадаг л байх хэрэгтэй. Жижиг зүйл уншсан ч маш олон санаа, гаргалгааг гаргаж авч чадаж байгаа хүнийг л уншигч гэж хэлнэ. Миний үндсэн зарчим бол нэг жүжиг дээр байсан шигээ нэг хэв маягт баригдах дургүй. “Тэнгэрийн хүү”, “Парисын Дарь эхийн сүм”, “Шөнө амталсан нулимс” гээд өөр өөр ертөнцийг үзүүлж, нэг хийсэн бүтээлээ ахиж давтахгүй хаях хэрэгтэй. Өөрийгөө ерөөсөө давтахгүй байхыг л хичээх ёстой гэсэн үзэл надад байдаг. Сэтгэх бол уран бүтээлч хүний нэн тэргүүний гол зорилго, үүнийг би уран бүтээлчдээсээ нэхдэг.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж