G20: Европын санхүүг хилийн чанадаас аварна

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

G20: Европын санхүүг хилийн чанадаас аварна

Евро бүсийг эдийн засгийн хямралын үр дагавраас аврахаар Европын лидерүүд Мексикт ирсэн нь үр дүнгүй өнгөрсөнгүй. Өнгөрсөн мягмар гаригт Мексикийн Лос-Кабос хотноо хямралаас гарах арга хэмжээнийхээ талаар Европ  нэг мөр шийдэх хандлагатай болов. Мексикийн даргалсан G20 саммитаар Европт нааштай шийдвэр гарав. Саммитийн гол үр дүн нь эдийн засгийн хямралын үр дагаврыг туулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад ашиглаж болохоор ОУВС-гийн нөөцийг  зузаатгах нэмэлт 450 тэрбум  ам.долларыг гаргах шийдвэр боллоо.

Илүү тусмаа сайн

Сүүлийн өдөр хүртэл Олон улсын валютын сангийн зузаатгалын мөнгөний хэмжээ тодорхойгүй, 430-456 тэрбум доллар орчим байх болов уу гэсэн таамагтай байлаа. Хэвлэлд зориулан Мексикийн ерөнхийлөгч Фелипе Кальдероны хийсэн дүнгийн мэдэгдэлд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг босгодог хорин орны лидерүүд гар татаагүй нь тодорхой харагдлаа. ОУВС-д 450 тэрбум гаруй ам.доллар орж байгааг тэр хэлэв. Ийм зузаатгал эдийн засгийн хямралыг туулахад үр дүн өгнө гэдгийг тэр онцлов. Гэхдээ мөнгийг шууд шилжүүлэхгүй бөгөөд түүнийг нөөцөнд байлгах ажээ. Дээрх мөнгө нь олон орнууд тэдний тоонд хөгжиж буй орнуудын татвараар босголоо гэж Кальдерон тайлбарлав. Мөнгө оруулсан орнуудыг тэр нэрлэсэн юм. Мексик, Бразили, ӨАБНУ, Колумби, Австри, Австрали, Их Британи, Хятад, Орос, Испани, Франц, Герман, Энэтхэг, Люксембург, Польш, Швед, Таиланд, Турк зэрэг энд нэрлэгджээ. Оросын татвар 10 тэрбум доллар байх бөгөөд түүнийг Төв банкны хөрөнгөөр нөөцлөнө гэж Владимир Путин мэдэгдэв.

“Бид бусад орнуудынх шиг 10 тэрбумаа шууд шилжүүлэхгүй нөөцлөнө. Мөнгө хэрэгтэй бол гаргаж өгнө. Энэ нь эргэх нөхцөлтэй, манай алт, валютын нөөцийн байрлуулалтын нэг хэсэг юм. Манай санхүүгийн сонирхлын үүднээс тэр нь бидэнд ашигтай бөгөөд Олон улсын валютын сангийн боломжийг өргөтгөж байгаа хэрэг” хэмээн Путин хэлжээ. Хорийн лидерүүд ОУВС-гийн квотын шинэчлэлийн талаар өмнө авсан үүргээ биелүүлэх шаардлагатайг  авч үзсэн байна. Орос уг клубыг даргалахдаа энэ асуудалд онцгой анхаарах болно хэмээн Путин өгүүлжээ.

Евро бүсэд эв нэгдэл чухал

Евро бүсийн задралт эсвэл түүнээс зарим орнууд гарах асуудал Лос-Кабост яригдаагүй. Саммитийн төгсгөлийн баримт бичигт G20 орнууд евро бүсийн бүрэн бүтэн, тогтвортой байдлыг хамгаалах алхам хийнэ гэж заажээ. “Зах зээлийн хурцатмал байдал дахин үүсч буй өнөөгийн нөхцөлд евро бүсийн орнууд, “Хорийн бүлгийн” орнууд бүсийн тогтвортой байдал, бүрэн бүтнийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулах, бие даасан бүтэц ба банкуудын хоорондын холбоотой битүү тойргийг эвдэхийн тулд шаардлагатай бүхнийг хийнэ” хэмээн саммитийн тунхагт өгүүлжээ.

G20-ийн лидерүүд сүүлийн саммитаас хойш евро бүсийн авч байгаа санхүүгийн тогтвортой байдал, төсвийн хариуцлагын асуудал зэрэгт баяр хүргэв. Европын холбоо Испанийн банкуудад тусалж буйд тэд сэтгэл хангалуун байна. Харин Испанийн ерөнхий сайд Мариано Рахой Европын амласан 100 тэрбум еврог хурдан хугацаанд авах сонирхолтой байна гэжээ.

Евро бүсэд байдал муудах хандлага байхгүйг Владимир Путин хэлээд тэр нь байдлыг засах боломж гаргаж байгааг анхааруулсан байв. Эдгээр арга хэмжээг АНУ дэмжиж буйг Барак Обама хэлжээ. Гэхдээ тэр евро бүсийн хямралыг G20 эсвэл АНУ-ын үйл ажиллагаагаар шийдэхгүй, хямралыг туулах санаачлага Европоос гарах ёстой гэжээ.

Банкуудын хяналт, бүтцийн өөрчлөлт, хадгаламжийн даатгал зэргийг оруулсан евро бүсийг бүрэн хэмжээгээр хамгаалах арга хэмжээн дээр G20 ажиллах болно гэж Мексикийн ерөнхийлөгч Кальдерон лидерүүд шийдсэнийг сонсгов. Мөн тэд гадаадын өрсөлдөөнийг хязгаарлах протекционист арга хэмжээнд тавьсан хоригоо 2014 он хүртэл сунгасныг Кальдерон хэлжээ.

Дараагийн G20 саммит нь 2013 оны намар Санкт-Петербург хотноо болно. Тэр саммитаар “Их хорийн” өмнө авсан үүргийн биелэлтэд хяналт шалгалт хийнэ гэж саммитийг даргалах Оросын ерөнхийлөч Путин хэлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж