Данс руу шилжүүлдэг болно

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Данс руу шилжүүлдэг болно

Хувьцаа эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг брокер, диллерийн компаниар дамжуулан олгодгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК /цаашид “ҮЦТТТХТ” гэх /-иас шууд харилцагчийн банкин дахь данс руу шилжүүлдэг болгох ажлыг энэ сараас эхлүүлээд байна. Ингэснээр иргэдийн мөнгөн хөрөнгийн эрсдлийг бууруулж, хууль бус үйлдэл гаргах боломжийг хааж байгаа хэрэг аж. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбаттай ярилцлаа.

-ҮЦТТТХТ-ийн үйл ажиллагаанд яагаад ийм өөрчлөлт хийх болсон бэ. Энэ ажлын явц ямар байна вэ?
– ҮЦТТТХТ-ийн санал санаачилгад тулгуурлан манай хороо тус байгууллагын эрсдэлгүй ажиллагааг хангах үүднээс системийн өөрчлөлт хийж эхлээд байна. Энэ сараас хувьцаа эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг тухайн хүний банкин дахь данс руу шилжүүлэх болж байна. Гэхдээ, зарим аймагт байгаа хувьцаа эзэмшигч банкинд дансгүй байгаагаас зарим хүндрэл гарч байгаа. Тухайлбал, Баян-Өлгий аймагт ийм тохиолдол гарсан.

-Өмнө нь брокер, диллерийн компани итгэмжлэлээр иргэдийн хувьцааг зарж борлуулж, үнийг нь ҮЦТТТХТ-өөс авчихдаг байсан. Энэ нь тийм эрсдэлтэй ажиллагаа байсан юм уу?
-Харилцагчийн дансанд үнэт цаас, мөнгөн хөрөнгө хадгалах, түүнд гүйлгээ хийхтэй холбогдсон ажиллагаанд гарч буй эрсдэл болон зөрчилд дүгнэлт хийж үзээд бэлэн мөнгө дамжуулан олгож буй болон санхүүгийн чадавх нь суларсан брокер, дилерийн компанийг итгэмжлэлээр аливаа үйлчилгээ үзүүлэх ажиллагааг чадвартай болох хүртэл нь түр зогсоох шийдвэр гаргаад байгаа.
Иргэдийн хувьцааг зөвшөөрөлгүй зарах явдал Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдахаас өмнө буюу 90-ээд оны сүүл, 2000 оны эхээр багагүй гарсан юм билээ. Одоо ч ийм зүйл болохгүй гэх баталгаа байхгүй байна. Брокер дилерийн компанийн ажилтнуудаас хуурамч итгэмжлэл, захиалгын баримт үйлдээд улмаар тухайн иргэний хувьцааг бусдад арилжчихаад мөнгийг нь данснаас нь “би өөрөө тараагаад өгнө” гэж хэлээд ҮЦТТТХТ-өөс авчихна гэсэн үг. Нийтлэг ажиглагдсан зүйл бол брокер, дилерийн компани санхүүгийн чадавх болон дотоод хяналт нь сулраад ирэхээр иргэдийн хувьцааг дур мэдэн арилжих тохиолдол байсан юм билээ. Тиймээс энэ байдлыг эрсдэл гэж үзээд санхүү нь суларсан буюу зохистой харьцаагаа бүрэн хангаж чадахгүй байгаа компаниудад итгэмжлэлээр үйлчилгээ үзүүлэх эрхийг зогсоогоод байгаа. 

-Брокер, дилерийн компанид хөрөнгийн мэдэл байхгүй болчихоор хувьцаа эзэмшигчид арилжаанд оролцох үедээ яах вэ?
-Харилцагчийн дансанд байршиж буй үнэт цаас, мөнгөн хөрөнгө, түүнтэй холбоотой гүйлгээ хийх болвол тухайн банк урьдчилан эзэмшигчид нь мэдэгдэж харилцагчаас тодруулга, зөвшөөрөл заавал авдаг байх горимд шилжих юм. Энэ үйлчилгээг нэвтрүүлснаар иргэдийн хувьцаа, мөнгөн хөрөнгө найдвартай гарт хадгалагдах, мэдээгүй байхад нь зарж үрсэн байх явдал гарахгүй болно гэсэн үг. Энэ ажлын бэлтгэлийг зургадугаар сард багтаан дуусах тооцоотой ажиллаж байгаа.

-Брокер, дилерийн компанийн эрсдлийн сан яг одоо ямар байдлаар хаана хадгалагдаж байдаг юм бэ. Үүнтэй холбоотой зөрчлүүд мэр сэр гарч байна. Тухайлбал, саяхан танай хороо хуралдаж 24 компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо шүү дээ?
-Одоогийн шаардлагаар эрсдлийн санг мөнгөн хөрөнгөөр бүрдүүлж аль нэг арилжааны банкинд байршуулах учиртай. Одоо хийгдэж байгаа өөрчлөлтийн хүрээнд брокер дилерийн компаниудын эрсдлийн санг ҮЦТТТХТ-д байршуулдаг болох улмаар уг сангийн хэмжээнд ҮЦТТТХТ өдөр тутам хяналт тавьдаг болох юм.
Эрсдлийн сангийн удирдлагад бас өөрчлөлт орох байх, тодруулбал, эрсдлийн санг заавал 100 хувь бэлэн мөнгөөр бүрдүүлэлгүй, зарим хэсгийг нь хөрвөх чадвар өндөртэй хувьцаагаар бүрдүүлэх боломжийг нээх бодолтой байгаа. Ингэснээр компаниуд ҮЦТТТХТ-д байршуулах эрсдлийн сангаасаа зохих өгөөж авч байх боломж бүрдэх байх. Учир нь одоогоор ҮЦТТТХТ бэлэн мөнгө хадгалсны төлөө хүү төлөхгүй байгаа юм.  
Үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлсэн 24 компанид гэнэт ийм арга хэмжээ авсан хэрэг биш юм. Хорооны зүгээс өнгөрсөн онд бий болсон хямралт байдлаас эхлээд нийт брокер дилерийн үйл ажиллагаа, санхүүгийн чадавхид хяналт тавьж ирсэн. Сүүлийн дөрвөн улирлын турш дараалан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй, санхүүгийн чадавхи  нь суларсан компаниудад итгэмжлэлээр харилцагчийн захиалга үйлдэх, холболтын данс нээх, данс нэгтгэх, данс хооронд мөнгөн болон үнэт цаасны шилжүүлэг хийх, ҮЦТТТХТ-өөс харилцагчдын бэлэн мөнгө хүлээн авах, өөрийн компаниар дамжуулан тараах үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа. Энд тодруулахад итгэмжлэлээр хийх үйлчилгээг нь зогсоосноос биш, бүх үйл ажиллагааг нь зогсоогоогүй гэдгийг торуулмаар байна. Зохистой харьцаагаа хангамагц дээрх үйлчилгээ үзүүлж эхлэх эрх нь нээгдээд явна.
Үүнээс гадна нэг зүйл тодруулмаар байна. Дээрх 24 компани бүгд огт эрсдлийн сангүй биш юм. Бүрэн бүрдүүлээгүйгээс биш огт эрсдлийн сангүй гэж ойлгож болохгүй байх. Эсхүл эдгээр 24 компани дампуурах гэж байгаа юм байна гэж ойлговол бүр ташаа ойлголт болно. Энэ 24 дотор сайн компани ч бий, сул компани ч бий. 30-40 сая төгрөгийн эрсдлийн сантай хэрнээ хэмжээндээ хараахан хүрэхгүй болоод нэгдсэн жагсаалтад орсон компани ч байгаа болохыг анхаарах хэрэгтэй байх. Эхнээсээ зохих хөрөнгөө байршуулаад эрхээ сэргээлгэх хүсэлтээ тавиад ажиллаж байгааг ч хэлмээр байна. Тус Хорооноос ирэх долоо хоногт нэгдсэн байдлаар эрх нь сэргэсэн компаниудыг нийтэд мэдээлэх байх. 

-Эдгээр компанийн үйл ажиллагааг сэргээхэд ямар шаардлага тавьсан байгаа вэ. Тэдэнд алдаа дутагдлаа засахад хэдий хэрийн хугацаа олгосон бэ?
-Юутай ч энэ сарын 10 гэхэд дээрх компаниудад санхүүгийн чадавхаа сайжруулах, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг энэ оны есдүгээр сарын 1-ний дотор буюу улирал илүү хугацаанд бүрэн хангах төлөвлөгөөгөө боловсруулж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг өгсөн байгаа. Төлөвлөгөөний биелэлтийг сар бүрийн эхэнд тайлагнаж байхыг даалгасан байгаа.

-Тэгэхээр эцсийн хугацаа есдүгээр сарын 1. Энэ хугацаанд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ хангаж ажиллаж чадахгүй бол үйл ажиллагааг нь бүрэн зогсооно гэсэн үг үү?
-Тийм ээ. Тогтоосон хугацаанд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй брокер дилерийн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.
Б.Бямбасүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж