Сальма Хайек: Дэргэдээ байсан аз жаргалыг шүүрч чадалгүй алдахыг Бурхан хэзээ ч уучилдаггүй

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Сальма Хайек: Дэргэдээ байсан аз жаргалыг шүүрч чадалгүй алдахыг Бурхан хэзээ ч уучилдаггүй

 Холливудын
ертөнцөд нэрд гарсан, хэдэн арван саяын орлоготой, америк биш гаралтай
хоёрхон бүсгүй байдгийн нэг нь Мексикийн жүжигчин Сальма Хайек.

Тэрбээр
1966 онд Мексикийн Коацалькоальнесс хотод нефтийн компанийн эзэн, ливан
гаралтай Сами Хайек, дуурийн дуучин мексик эмэгтэй Сальма Вальгармагийн
гэр бүлд мэндэлжээ. 1989 онд Мексикийн телевизийн олон ангит ”Тереса”
киноны гол дүрд тоглосноор олны танил болсон ч олсон амжилтандаа сэтгэл
ханалгүй Холливудыг зорьсон юм. 1993 онд Сальма Холливудын ”Миний
ухаангүй амьдрал” киноны гол дүрийг бүтээсэн даруйдаа олны анхаарлыг
татах болсон.

2001 онд Сальма өөрийн
кино компани ”Ventanarosa”-г үндэслэснийхээ дараа жил ”Фрида” киноны
найруулагчаар ажиллахын зэрэгцээ гол дүрийг бүтээсэн нь ”Оскар”-т нэр
дэвшсэн юм. Энэхүү киноноос 9.0 сая ам.долларын ашиг олж, ”Salma Haeyk
Foundation”-ыг байгуулан амьдралын хүнд нөхцөлд орсон эмэгтэйчүүдэд
туслах буяны үйл эрхлэх болжээ.

2006
онд ”Царай муут Бетти” кинонд тоглосон нь АНУ-ын телевизийн хит болсон.
Энэ үед тэрбээр загварын ертөнцийн акулуудын нэгэн болох ”Гучи”
компанийн тэргүүн, тэрбумтан Франсуа-Анри Пинотой хамтран амьдрах
болсон бөгөөд 2007 онд Валентина охиноо төрүүлж, эх хүн байхын жаргалыг
мэдэрч суугаа гэнэ. Энэ онд Сальма охиныхоо эцэгтэй албан ёсоор
гэрлэжээ.

Түүнтэй Америкийн сэтгүүлч Вероника Паркерийн хийсэн ярилцлагыг Та бүхэнд хүргэе.

Гялалзсан
нүдтэй, толигор арьстай, шөрмөслөг, жижигхэн биетэй Сальма Хайек
үнэхээр л од мэт гялалзана. ”Ярилцлага өгөх зав байна уу?” хэмээн
намайг залгахад өчүүхэн ч тээнэгэлзэлгүйгээр Лос-Анжелосоос нэлээд
зайтай орших далайн эргийн зоогийн газарт уулзахыг санал болгов.
Паппарацаас айсандаа биш, далайг харж суух гэсэндээ Сальма энэ газрыг
сонгосон гэнэ. Өөрт нь томдсон гэмээр нарны шилээ авч Өмнөд Калифорнийн
үзэсгэлэнт эргийг сайн харах гэсэн мэт суух Сальмагийн мөн чанар нь энэ
ертөнцийг байгаа чигээр нь аливаа домог, чимэг, бүх нийтээр даган
мөрддөг дүрэм журамгүйгээр хүлээн авахыг хүсдэг.

-Мексикийн
од байсан Та бүгдийг орхин, яаж хүлээж авах нь эс мэдэгдэх Холливудыг
зорьсон. Мөн Холливудад нэрд гарсан хойноо санал болгож байсан олон
дүрийг эс тоон найруулагчаар ажиллах болсон. Нэлээд хожуу 41 насандаа
ээж боллоо. 10 жилийн дараах амьдралаа Та хэрхэн төсөөлдөг вэ?

-Энэ тухай огтхон ч бодож байгаагүй. Ирээдүй бол нууцлаг. Энэ хэвээрээ л үлдэх ёстой. Амьдрал таах аргагүй оньсого.

-Гэхдээ ирээдүйн амьдралыг тодорхойлж байдаг бодит хүчин зүйл тийм ч цөөн биш дээ. Жишээлбэл Та 42 настай…

-Миний
нас зарим нэг боломжийг хаах нь мэдээж. Гэхдээ залуу байхад олдоогүй
шинэ боломжийг нээнэ гэдэгт би итгэл дүүрэн байдаг. Би хөгшрөхөөс
айхгүй, залуу насыг уртасгах ”тэнэг” тэмцлийг хийхгүй, арьс унжиж байна
хэмээн сэтгэлээр унахгүй. Залуу насыг уртасгах утгагүй тэмцлийг хийж
буй хүмүүс шоронд хоригдосноос ялгаа юу байна аа. Өрөвдмөөр шүү.

Би
25-тай байна уу, 45-тай байна уу, миний хувьд ямар ч ялгаагүй. Миний
одоогийн нас, одоогийн амьдрал л чухал. Хөгшрөлтийг удаашруулах
бүсгүйчүүдийн утгагүй тэмцэл стандартад зохицсон туранхай байх
”дон”-той нийлээд олон сая эмэгтэйчүүдийг өрөвдөлтэй байдалд оруулж
байна. Хэн нэгний зохиосон стандартад өөрийгөө нийцүүлэх гэсэн ”дон” нь
өнөөгийн эмэгтэйчүүдийн том эмгэнэл боллоо. Валентина гэдсэнд байхад би
маш их таргалсан. Амьдралд тохиолдох хамгийн чухал үеийг мэдэрч байсан
тул таргалсандаа би ичээгүй, харин ч аз жаргалтай байлаа. Эмэгтэйчүүд
биднийг бурхантай эн зэрэгцэхүйц бие бялдартай, шинэ амьдралыг зүрхэн
доороо тээх азтай төрүүлжээ. Гэтэл энэ биеэс бид ичиж, ”стандартын”
дагуу ”сайхан” болгохыг чармайдаг.

-Та ичдэг гэж үү?

-Ичилгүй
яахав дээ. Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Олон нийтийн өмнө гарах бүртээ
”Хүмүүст инээх ёстой. Миний даашинз зохиж байгаа болов уу, нүүрний
будаг урсаагүй байгаа” зэргээр үй түмэн стрессийг даван туулдаг. Аз
жаргалтай байхын тулд сайхан харагдах гэж өч, төчнөөн тэмцлийг
өөрсөдтэйгээ бид хийдэг. Нийгмийн хүлээн зөвшөөрсөн стандартын дагуу
бид аз жаргалтай байхыг хүсдэг. Нийгэмд тодорхой байр суурь эзлэхийн
зэрэгцээ өөртөө анхаарал тавьж,туранхай харагдаж, сайн нөхөртэй болж,
”толгойтой” хүүхэд төрүүлэх ёстой. Дээрх элементүүдийн аль нэг байхгүй
бол чи азгүй эмэгтэй. Дээр дурдсан шалгуурт таарахгүй л бол аз жаргал
чиний хажууд байсан ч олж харалгүй өнгөрдөг. Эдгээр шалгууруудад хүрэх
хүч чадлыг бурхан бидэнд өгдөг ч дэргэдээ байсан аз жаргалыг шүүрч
чадалгүй алдахыг хэзээ ч уучилдаггүй.

-Та аливаа стандартыг тэвчдэггүй хүн юм аа даа?

-Энэ
стандартуудыг чөтгөр аваасай. Жингийн стандарт тогтоохын зэрэгцээ
өндрийн стандарт тогтоодог нь ямар тэнэг хэрэг бэ. 157 см өндөртэй
намайг багаас минь л хэт намхан хэмээн чичилдэг байв. Цагаан арьстнууд
Мексикийг эзлэн колоничилсон болохоор өндөр нуруутай, цэнхэр нүдтэй
байх нь элит гаралтайн шинж хэмээн мексикчууд үздэг. Над шиг намхан,
бараан арьстай эмэгтэй доод анги буюу ялагдагч индианд хамааралтай
гэсэн үг.

-Гэхдээ Та үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй шүү дээ. Гоо үзэсгэлэнгээр Та дутаж үзсэн гэж үү?

-Бараан
арьстай, хүрэн нүдтэй би ангидаа хамгийн намхан нь болохоор хүүхдүүд
элэг доог хийдэг байв. 13 насандаа ”Намайг намхан гээд хүүхдүүд шоолоод
байна” хэмээн гомдоллоход ”Ухаан нуруугаар биш, толгойгоор хэмжигддэг”
хэмээсэн аавын үг санаанаас гардаггүй. Чи аз жаргал хүсэх ёстойгоос
хүмүүст таалагдахыг хичээх нь тэнэг хэрэг гэдгийг тэр өдрөөс хойш
ойлгосон.

-Нийгмийн дээд давхарга элит гэр бүлд өссөн нь таны амьдралд ямар нэг нөлөө үзүүлсэн үү?

-12
насандаа өлсгөлөн зарлахаар айлган гэртээ том үймээн дэгдээснээр АНУ-д
католик сургуульд сурахаар болсон. Ойр хавиар зөвшөөрөлгүйгээр
зугаалсан болон ор дэр хураах, өрөөгөө янзлах зэрэг ойр зуурын ажилд
бага ангийн гэлэнмааг зарсан хэргээр сургуулиас тун ч удалгүй хөөгдсөн
дөө. Баян мексик айлд өссөн миний хажууд ямагт үйлчлэгч, зарц байснаас
би ямар ч ажил хийж сураагүй байлаа. Миний аав араб хүн ч Ливанд лалын
шашин газар авч өөр шашныг хавчих болсноор католик шашинтай өвөө эмээ
нар минь Мексикт нүүж иржээ. Би шүтлэгтэй гэр бүлд өссөн ч сүмд очих
тун дургүй байсан юм.

Дараа нь
спортын гимнастикаар шургуу хичээллэн спортод амьдралаа зориулахаар
хатуу шийдэхэд аав тас хориглож намайг номхруулсан. Энэ нь миний хүүхэд
насыг хайрлаж, миний төлөө санаа тавих хугацааг уртасгах гэсэндээ тэр
биз ээ. Магадгүй эр хүн учраас шийдвэр гаргасан ч байж болох.

-Эр хүн шийдвэр гаргадаг гэр бүлд өссөн нь Таны амьдралд нөлөөлдөг үү?

-Надаас
илүү эр хүн миний хажууд байх ёстойг эрт ойлгосон доо. Нөгөө талаасаа
миний орон зайд эр хүн давамгайлахаас ямагт зайлсхийдэг. Эр хүнгүй л
бол амьдрал байхгүй мэтээр сэтгэдэг хүүхнүүдийг би огт ойлгодоггүй. Хөл
дээрээ бат зогссоны дараа л эр хүнтэй дотно харилцаанд орох ёстой гэсэн
хатуу бодолтой явдаг, би.

-Та нөхөртэйгөө охиноо төрснөөс жилийн дараа албан ёсоор гэрлэсэн байх аа?

-Албан
ёсны зүйлд хайнга ханддаг шүү. Гэрлэхгүй байна гэдэг чамайг үнэлэхгүй
байгаа хэрэг хэмээн олон хүүхнүүд боддог. Хайр дурлал, эротик шинжийг
бид хэтрүүлэн үнэлдэг. Эр хүнээр эргүүлүүлэх нас өнгөрч, амьдралыг
сонирхох насандаа оржээ, би. Амьдралыг хуурч, тааж мэдэх аргагүй нь эр
хүнээс ялгаатай юм даа.

-Та өөрийгөө баян, хүч чадалтай, нөлөөтэй боллоо гэж боддог уу?

-Мексикээс
Холливудад ирэхэд надад ямар ч холбоо сүлбээ, орон байр байсангүй. Энэ
үед л би чадалтай байж. Баян мексик айлын хүүхдийн буюу ресторанд хоол
захиалах хэмжээний англи хэлтэй байв. Лос-Анжелост ирээд миний англи
хэл ямар мууг би ойлгосон. Одоо ч тантай ярьж байгаа миний дуудлагаас
болоод надад сайн дүр олдохгүй гэдгийг бүгд нэг дуугаар нотолж байлаа.
Чиний дуудлага хүмүүст хүүхдийнх нь асрагч, гэрийн зарц, супермаркетийн
кассчныг санагдуулах тул сайн кинонд дүр олдохгүй гэж байсан. Гэхдээ
Холливудад жүжигчин болж чадах уу гэсэн эргэлзээ надад хэзээ ч төрж
байгаагүй юм шүү.

-Гэр лүүгээ буцъя гэж бодож байв уу?

-Мексикт
кино үйлдвэрлэл хөгжөөгүй учраас надад буцах газар байгаагүй. Тэнд би
телевизийн савангийн дуурийн од гэсэн алдрыг амархан хүртэж, чамгүй
орлого олдог болсон. Орлого сайтай үед чамайг ямар жүжигчин вэ? гэдгийг
хэн ч шүүн ярьдаггүй. Хэр зэргийн жүжигчин болохоо мэдрэхийн тулд би
киноны Меккаг зорьсон. Өөрийгөө өрөвдөх, хүчин мөхөсөө мэдрэх мөчүүд
цөөнгүй гарч байсны зэрэгцээ мөнгө маань ч дууссан. Би шургуу ажиллаж
нэрд гарсан. Гэхдээ миний тоглосон дүрүүд надад таалагдахгүй байгааг
нэг л өдөр мэдэрсэн дээ. Энэ бүхэн миний мөрөөдөл биш байсан юм.
Мөрөөдөл биелэх, амжилт олох хоёр ялгаатайг би ойлгосон. Ажлын явц үр
дүнгээс илүү чамд таалагдаж байгаа цагт л мөрөөдөл биелнэ. Чи үр
дүнгийн төлөө ажиллабал өөрийн бус, хэн нэг хүний мөрөөдлийг
биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа хэрэг болно.

-Таны энэ эргэлзээг юу тайлав?

-Роберт
Родригесийн эхнэр Элизабет над руу утасдаж ”Мятрашгүй” хэмээх кинонд
тоглохыг урьсан. Энэ киног би нураасан даа, бараг л нураасан.

-Энэ дэлхий дээр Та л ганцаараа дүрээ ингэж үнэлж байна даа.

-Бараг
бүх юм хэцүү байсан. Хайр дурлалын хэсэг дээр тоглох болгондоо нус
нулимсандаа хутгалдаж байв. Би камерийн өмнө, олон хүний дэргэд, олон
сая үзэгчдэд зориулан хувцсаа тайлна гэхээр л нүдэнд аав, эмээ, эрэгтэй
дүү минь харагдаж уйлдаг байв. Роберт намайг аргадаж, ятгаж, загнаж
хөөнө хэмээн олон удаа сүрдүүлсэн дээ. Хүний нүцгэн биед хандах католик
сүмийн хоёр нүүрийг амьдралынхаа туршид үзэн ядаж байсан атлаа хувцсаа
тайлахаас ичиж байлаа. Хүмүүжил зарим тохиолдолд ойлголтыг даван гардаг
нь энэ буюу. Кино дэлгэцнээ гарсны дараа ”Хайек- секс бөмбөг” хэмээн
бичиж байсан нь намайг айлгасан. Тачаангуй төрхөөр үнэлэх нь бие хүнийг
дутуу үнэлж байгаа хэрэг биш гэж үү. Өөрийн ертөнцийг тэлье гэвэл
өөрийн хоргодох орон зайгаас гадагш алхах хэрэгтэй.

-Охиндоо ямар орон зай бэлдэж байна даа. Түүнийг яаж хүмүүжүүлж байна вэ?

-Охиноо
хүмүүжүүлэх хүсэл надад огт алга даа. Би түүнийхээ хажууд л амьдарч
байгаа, амьдрах ч болно. Энэ ертөнцийг танин мэдэхэд нь туслана.
Охиныхоо хөтөч байхаас дарангуйлагч байхыг хүсэхгүй. Охин минь жижигхэн
дарангуйлагч. Тэр нь ч дээр биз ээ. Хүн амьдралд нугарч байх нь
төдийлөн таатай зүйл биш шүү. Амьдралд тохиолддог саадыг төлөөлөн зарим
үед охиндоо тээг тавихаас эцэг, эхийн хүмүүжил гэдэг зүйлээр цаг
үрэхгүй. Түүний туршлагын талбайг хогийн ургамлаар дүүргэхийг хүсэхгүй
байна.

-Та нэр хүнд, мөнгөний хойноос хөөцөлдөөгүй гэж үү?

-Би
баян гэр бүлд төрж, өссөн болохоор мөнгөнд тайван ханддаг. Боломж,
чадвараа дээд зэргээр ашиглахыг нэр хүндийн асуудал гэж боддог.
”Мятрашгүй” киноны дараа надад олон дүр санал болгосон ч цаг хугацаа,
боломжийг үр дүнгүй үрж байгаа мэдрэмж ямагт төрдөг байлаа. 14 насандаа
анх үзээд гүнээ биширсэн Мексикийн зураач Фрида Калог санан хүүхэд
цагаас танил болсон альбомыг нь дахин сөхөж үзэхдээ шинэ зүйл олж
харсангүй. Хүүхэд байна уу, насанд хүрэгч байна уу гэдгээс үл хамааран
Фрида хүний сэтгэл зүрхийг бүрэн эзэмддэг аж. Учир нь тэрбээр
өөрийнхөөрөө байхаас огт айж, ичээгүй. Түүнийг байгаа чигээр нь хүлээж
авахыг хүсэх бүрэн эрхтэй гэдгээ нотолдог байжээ. Засаагүй хөмсөг,
сахал зэрэг өөрийн доголдлыг хүмүүсээс нуух нь бүү хэл, ид хав болгосон
юм. Альбом үзсэний дараа өөртөө уур хүрч ”Бүх насаараа секс бөмбөг
нэртэй явсаар үхэх гэж үү” хэмээн бодсон. Над шиг мексик хүүхэнд
зориулсан дүр байдаггүй юм бол би энэ дүрийг бүтээхээр шийдэж
найруулагч болсон. ”Фрида” киногоо хийсэн дээ.

Бэлтгэсэн Н.ГАЛИЙМАА /2009 оны 8 сарын 9/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж