нээх юм бол өмнөөс нь арзайсан хар байшингийн хана нүд дээр унаад ирэх
нь үү гэлтэй хүрлийж байдаг юм. Уг нь Цэрэндулам энэ байшинд төрсөн. Аль
социализмын үеэс амьдарсан энэ байрандаа тэр хайртай. Гэвч гурван
жилийн өмнө яг байшинд тулгаад зочид буудал барьж орхисон. Хэдийгээр
зочид буудал барихын өмнө баахан эсэргүүцэж тэмцсэн ч яаж ч чадаагүй,
магадгүй та баахан “солиотой” юмнууд цонхныхоо нарыг хаалгаж байшин
бариулахгүй хэмээн орлилдож, бүр экскавоторынх нь шанаган доор хэвтэнэ
гэж сүржигнэж байхыг та зурагтаар харж л байсан байх. Энэ мэдээгээ бүр
телевизэд төлбөр төлж, гуйж байж зурагтаар гаргасан гэж байгаа юм.
Харамсалтай нь тэдний тэмцэл ямар ч үр дүнд хүрээгүй. Том компанийн
сүрлэг байшин яг үнэндээ тав зургаахан айлын цонхыг халхлах байсан
учраас байрныхан тэр чигтээ ч тэгтлээ их сүржигнээгүй. Цонхоо таглуулсан
айлынхан хэсэг хэрүүл зарга хийгээд, зарим нь тав гурван сая төгрөг
аваад чимээгүй болсон. Харин Цэрэндулам үүнийг тэвчээгүй шүүхэд хандсаар
гурван жил болж байгаа. Адгийн зарга арав хоног гэдэг яасан үнэн үг вэ
гэдгийг ойлгох болсон. Цэрэндулам албан ажилтай мэт шүүхийн хаалга
сахидаг. Харамсалтай нь том толгойтой компанийнхан хуралдаа ирээгүй,
өмгөөлөгч нь эзгүй байгаа, шүд нь өвдсөн гээд түг түмэн бэрхшээл
ундарсаар, тэр болгоныг даван туулж шүүхдэлцсэн ч шүүхээс
“компанийнхантай харилцан тохиролц” гэсэн хариуг өгсөн. Харин Цэрэндулам
“Шүүхдэлцээд хэр хол явахыг чинь харна аа” хэмээн зэвүүтэйгээр
тохуурхдаг компанийнхны гараас доромж байдлаар шидсэн мөнгийг авахыг
хүсэхгүй байгаа юм. Гэсэн ч хэчнээн шүүхдэлцлээ ч гэсэн тэр зочид
буудлыг нурааж чадахгүй, өөрөө ч бас юу ч “олж долоохгүй” гэдгээ сайн
мэдэх ч өөрийг нь хүн бүү хэл өтний чинээ авч хэлэлцэхгүй, дооглон
тохуурхаж байдаг тэр том компанийнхныг зүгээр орхиж тэвчихгүй байгаа юм.
Тиймээс тэр шүүхийн шат болгоныг гүйцээсэн. Улигт шүүх хуралд очих гэж
яваад автомашины осолд орж одоо таяг тулдаг болсон ч, таягаа тулаад шүүх
рүү явдаг. Дөрвөн өрөө байрандаа ганц бие амьдардаг бүсгүй сүүлдээ
“Шүүхээр хэл ам хийхээр хар буруу юм ирдэг ч юм болов уу” гэж айдаг
болсон. Гэвч тэрээр эцсийн эцэст Ерөнхийлөгчид хандаад байгаа. Шүүхийн
шинэчлэлийн талаар нэг чуулган дээр дотроо онгойтол яриад л өнгөрсөн.
Харамсалтай нь түүн шиг, түүнийхээс ч бүр илүү зовлон тоочсон хүмүүс тэр
танхимаар дүүрэн байсан юм.
Цэрэндулам энэ тухайгаа сурвалжлагч сэтгүүлчдэд баахан ярьсан ч тэдний
зарим нь сонгуулийн сурталчилгаа хийгээд завгүй, цаашилбал “урт” гартай
компаниудаас айгаад энэ талаар бичихийг хүсээгүй юм. Харин одоо тэр
сурвалжлагчийн хөгшин настай ээж, аавынх нь, өөрийнх нь төрж өссөн
гэрийнх цонхноос тавхан алхмын зайд есөн давхар том байшин барих гэж
байгаа. Хуучны таван давхар боловч нар харсан сайхан байрлалтай, өмнөө
бяцхан тоглоомын талбайтай, олон жил ижилдэн дассаар бараг л байраараа
шахуу нэг нэгнийхээ хамаатан садныг нь зүслэн таньдаг байрныхан
бултаараа тэмцэнэ гэж байгаа ч хэрхэхийг мэдэхгүй. Зарим нь өмнө нь
барилга барих гэж байгааг нь олон хүн мэдээгүй дээр байраа зараад
хурдхан нүүх хэрэгтэй гэж байгаа бол, энэ мэдээлэл аль хэдийнэ тархсан
учир байрных нь үнэ навс унажээ. Одоо тэд хэрхэхээ мэдэхгүй байгаа, есөн
давхар байшин хуучны таван давхар байрыг тэр чигт нь халхлах учраас энэ
байрны 49 айл нар харахгүй. Яагаад гэвэл нөгөө тал нь тэр чигээрээ
сүүдэрт. 30 жил эндээ амьдарч байгаа хоёр хөгшин наран тал руугаа харсан
хоёр цонхоороо л “нарладаг”, бүр гадагшаа ч гарч хүчрэхгүй өдрүүд ирэх
вий гэж битүүхэн түгшдэг. Тэдний нарыг хулгайлчихвал хэрхэхийг мэдэхгүй.
Ийм түүх, ийм айдас хаа сайгүй байна. Магадгүй гудамжинд хүүхдүүд өлсч,
гэр хороололд хүмүүс “бакришиг” түлж байхад юун нар харах эрх гэж бодож
магадгүй. Гэвч энэ бол хүний амьд явах насны хамгийн гол эрх. Тиймээс
хүний нийгмийг “нарныхан”, “нарсныхан” гэж хуваадаг. Магадгүй хүн байхын
утга учир нь ургах жаргах нарыг бахархалтайяа харж, мишээх ч, хүүхдүүд
хүссэнээрээ гүйж тоглохыг, айдас хүйдсээс ангид байх бөлгөө.
-АНУ олон жилийн өмнө бидний л адил хүнд асуудалтай байж. Манай л
улстөрчдийн адил ард түмнээ толгой хоргодох газартай болгохын тулд жижиг
өрөөтэй нийтийн орон сууцнууд /энэ өнөөдрийн бидний мөрөөдөл шүү
дээ/-ыг үй олноор босгожээ. Гэвч олонх гэр бүлүүдийн хүүхдүүд өсч,
мөрөөдлийн байраа томсгож болох боломжийг ор тас мартаж. Нэгэн үеийн
дараа энэхүү хороолол хамаг адал балмад хэрэг гарч байдаг, цагдаагийнхны
толгойны өвчин болсон гэдэг. Яагаад гэвэл тэд хүмүүсийн, хүүхдүүдийн
өсч дэвжих боломжийг тооцоолоогүй. Хүүхэд гэдэг гадаа тоглох тоглоомтой,
тусдаа унтах ортой, хичээлээ давтах ширээтэй, өөрийн гэсэн өрөөтэй
байхаас хувь хүний төлөвшил нь эхэлдэг гэдгийг тооцсонгүй. Хүмүүсийн
ажиллах нөхцөл сайжрах тусам, амьдрах орчингоо сайжруулах ёстой гэсэн
хэрэгцээг мартаж, хүн болгоныг нэг л байгууллагадаа ажиллаж, бүх
насаараа жижигхэн өрөөнийхөө өрийг төлөх тавилангаар шийтгэчихсэн. Энэ
намаг балчгаас сугарч чадах арай чадвартай нь энэхүү аймшгийн
хорооллуудаас зугатаад нүүчихсэн. Уг нь дундаж давхаргынхан байгаад
огтхон ч өөдлөн дэвших боломжгүй дарагдсаар апартмент-ад амьдардаг ядуус
болсон хүмүүсийн үр хүүхдүүд өсч том болоод нэгэн давхаргыг бий
болгосон нь тэр. Дөрвөн хана ширтэж, хоёр өрөөнд чихэлдэж, өссөн
хүүхдүүд шоронжсон хорооллыг, шоронжсон ирээдүйг бий болгосон бөлгөө.
Өнөөдөр бидний олонхийн үхэн хатан зүтгээд байгаа, заримынх нь хувьд
амьдралынх нь хамгийн том мөрөөдөл болоод байгаа хоёр өрөө байр үнэндээ
амьдралын байж болох хамгийн наад захын хэмжүүр, магадгүй бүр амьдралыг
алж мэдэх сөрөг үр дагаврыг ийнхүү Америк түүхээрээ туулан мэдрээд
гарчихсан. Харин бид АНУ-ын моргайжийн гунигт түүхийг мэдсээр байж
тийшээ зүтгэж байгаа. Төрийн, хувийнаар нь ялгаварлан байж дөрөвхөн
мянган өрхийг “сонгон” хүртээсэн бусад орнуудынхаас дөрөв дахин их буюу
найман хувийн хүүтэй зээлийн байрыг зарж борлуулан, дээр нь мөнгө
нэмэрлээд арай том байшинд орох ямар ч боломжгүйгээр яс “тооцоолж” 1-2
өрөө байранд шигтэж орхисон байгаа. “ОССК-ийн зээлээр авсан байрыг
томсгож нөхцлийг нь сайжруулах ямар боломжууд байдаг бол” гэсэн асуулт
тавихад “Өмнөх нь яаж зээл авах вэ гэж үсээ үгтээж байхад, их санаатай
новш вэ” гэсэн шиг өөдөөс харж “Мөнгийг нь 15-20 жилийн дотор төлж
дуусаад л зарах эрхтэй болно доо” гэж хариулахчаан аядаж билээ.
Одоо олгох гэж байгаа зургаан хувийн зээл ч гэсэн зөвхөн оготны нүхний
зайтай байрных гэдгийг та бид мэдэж байгаа. Мөн л хатуу нөхцөл,
шалгуураар… Гэхдээ л тэрэнд “хамрагдаж” чадсан нь азтан болж, түүнийг
олгож байгаа төр хэмжээгүй өгөөмөр бурхан болж харагдаж байгаа.
Улстөрчид бидний энэ өчүүхэн хүсэл мөрөөдлөөр хангалттай тоглосоор.
Бизнесийнхэн алга дарам газар ч олдсон бидний хэтэвчинд таарсан
хямдхан, жижигхэн жижигхэн нэг хоёр өрөө байрнуудыг яаравчлан барисаар.
Ядахад тэр жижигхэн байр руу ч болохноо зүтгэх зам жирийн дунджуудын
хувьд ямар хэцүү бөгөөд хүнд гээч. Ядахад тэр хулганы нүх шиг байранд
нь нар харах эрх ч алга. Машин тавих зогсоол, хүүхэд тоглох талбай, цэл
ногоон цэцэрлэгийг мөрөөдөх ч эрх бас алга.
Эхнэр нөхөр хоёр байшингаа томсгохоор шийдэж. Нэгэн үдэш байшингаасаа
холгүйхэн довцог дээр гараад шингэх нарны туяаг харан сууж байлаа. Залуу
хосын хөрш хоёр хөгшин ч гэсэн цонхоо тааламжтай нээж, шингэх нарыг
жаргалтай ширтэн зогсч байлаа. Яг энэ мөчид залуу хос байшингаа бүр
өндөрлөж барихаа болихоор шийдлээ. Яагаад гэвэл бүх л насаараа энд
амьдарсан хажуу айлын хоёр хөгшин өглөөний, үдшийн нарыг харж чадахаа
болино шүү дээ… Энэ бол амьдралаас хэтэрхий тасархай романтик үлгэр
биш ээ. Ийм л нийгэмд би амьдрахыг хүсч байна. Хүмүүс бие биенээ хүн
шиг хүндлэн хайрладаг. Хүүхэд бүр тоглоомын талбайтай, хүмүүс жаргалтай
амьдрах нийгмийг хүсч байна. Тиймийн тулд өнөөдрөөс та ч би ч хичээх л
ёстой. Цэрэндуламын зовлонг хараагүй үзээгүй мэт царайлж, өөрөө хэн
нэгэн нарыг нь халхалчихааргүй өндөр байшинд эсвэл, Зайсангийн аманд ч
юм уу амьдардагтаа баярлаж явах хэрэггүй. Та магадгүй өөртөө санаа
зовохгүй байж болох, үр хүүхэд чинь шоронжсон нийгэмд шоронжсон
сэтгэхүйгээр хүмүүжсэн, Цэрэндуламын гомдлоор тэжээгдэж өссөн, нар
хараагүй иргэдтэй мөр зэрэгцэн амьдрах болно. Та ийм ирээдүйд хүүхдүүдээ
өсч магадгүй, тэд өтөл насандаа нар харахсан гэж шүүрс алдан суугаасай
гэж хүсч байна уу.
Цэрэндулам нар харахгүй байгаа. Гэхдээ тэр наран мандсан хэвээр моддын
навчис сэржигнэж, болжмор жиргэж, хүүхдүүд тоглоомын талбай дээрээ
тоглож, шуугилдан гүйлдэж байгааг сэтгэлдээ төсөөлөн харж байгаа…
Ингэхэд нар харах эрхийг хулгайлахад ямар шийтгэлтэй байдаг юм бол?