“Евро-2012”-ын хасагдах шатанд учраа таарсан Чех болон Португалийн шигшээ багийн тоглолт “Европын бразили” гэгдэх португальчуудын ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Криштиан Рональду мөргөж оруулсан юм. Голландын шигшээ багтай хийсэн өмнөх тоглолтод дубль хийсэн “Реал Мадрид”-ын довтлогч 79 дэх минутад Жуан Мотиньюгийн дамжуулалтыг “чулуу болгожээ”. Ийнхүү Португалийн шигшээ “Евро-2012”-ын хагас шигшээд шалгарч, ирэх лхагва гаригт Франц болон Испанийн шигшээ багийн ялагчтай тоглох эрхтэй болж байгаа юм.
Тоглолтын дараа Рональду телевизийн сурвалжлагчдад өгсөн ярилцлагадаа “Бид үнэхээр сайн тоглолоо. Дараагийн тоглолт хүнд байх болно гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ бид тулаанд бэлэн” хэмээжээ.
Харин өнөө шөнө 02.45 цагаас “В” хэсгийн ялагч Герман болон “А” хэсгээс хоёроор шалгарсан Грекийн шигшээ багийн тоглолт Польшийн Гданьск хотноо болно.