Төв аймгийн шүүхийн байгууллага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг хийдэг юм. Гэмт хэргийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг аймгийн шүүх нь шийдвэрлэсэн хэргийн судалгаан дээр үндэслэн төлөвлөгөөний дагуу ажилладаг. Төв аймагт гарч байгаа гэмт хэргүүдийн дийлэнхийг нь хулгайн болон авто ослын хэргүүд эзэлдэг. Учир нь аймгийн нутаг дэвсгэрээр улсын хэмжээний томоохон замууд дайран өнгөрдөг учраас авто ослын гэмт хэрэг нэлээд гардаг байна. Мөн малын хулгайн хэрэг ч их. Аймгийн шүүх 2012 оны эхний хагас жилд 189 хүнд холбогдох эрүүгийн 132 хэрэг шийдвэрлэснээс хүнийг санаатай алах зургаа, үүнээс хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах зургаа, бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан 17, хүчингийн гурав, бусдын эд хөрөнгө хулгайлах хэрэг 24, танхайн найм, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 27, бусад гэмт хэрэг 47-г хянан шийдвэрлэсэн байна. Эдгээр ял шийтгүүлэгчдээс нэг хүнд цаазаар авах ял, 152 хүнд хорих ял оногдуулснаас 51 хүний хорих ялыг биечлэн эдлүүлжээ. Гэмт хэргийн улмаас 24 хүн нас барж, 18 хүн хүнд гэмтэж, байгууллага иргэдэд 418031007 төгрөгийн хохирол учирчээ. Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан, ялаас чөлөөлсөн тухай 44 материал хүлээн авснаас 28 хүний ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, шүүхээс таван хүний санал дүгнэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Г.Хишигсүрэн /Төв аймаг/