Агаарын бохирдлыг бууруулах бодит шийдлүүд

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах бодит шийдлүүд

Том асуудлыг томоор шийдвэрлэх хэрэгтэй ба өнөөгийн хоцрогдсон эрчим хүчний системийг шинэчлэх нь манай агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн нааштай нөлөө үзүүлнэ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын агаарын бохирдол нь ард иргэдийн эрүүл мэнд, байгаль орчны хамгийн ноцтой асуудал болоод байгаа нь нууц биш юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) судалгаагаар өнөөгийн Улаанбаатар нь нэг шоо метр агаартаа 179 микрограмм тоосонцор агуулж байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай байх хэмжээнээс даруй 9 дахин их буюу дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын сүүлээсээ хоёрт эрэмблэгдээд байна. Нийслэл хотын агаарын чанарыг сайжруулахад нэлээд удаан хугацаанд шат шатандаа олон талт, салбар хоорондын хүчин чармайлт шаардагдах нь дамжиггүй.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах олон хөтөлбөрүүд хэрэгжиж, олон улсын болон засгийн газрын байгууллагуудаас хүрээлэн буй орчны байдлыг сайжруулахад хөрөнгө оруулалт хийн, асуудлыг шийдвэрлэх боломжуудын талаар судалгаа хийж, ард иргэдийн эрүүл мэнд амьдрах орчинг сайжруулах бодлого боловсруулах зэргээр ажиллаж байна.

Тухайлбал, засгийн газраас Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатарын Цэвэр Агаар” төслийн хүрээнд  гэр хорооллын айл өрхийн зуух, нам даралтат уурын зуухыг шинэчилж, орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй, бохирдол багатай зуухаар сольж байгаа нь дэвшилттэй ирээдүй рүү чиглэсэн хөтөлбөр билээ.

Иймэрхүү хөтөлбөрийн дээд шатны хэлбэр нь Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрийг илүү орчин үеийн дэвшилтэт технологитой болгоно гэсэн үг. Одоо ажиллаж буй цахилгаан станцуудын дийлэнх нь 1960-аад онд баригдсан, үр дүнтэй ашиглагдах 20-30 жилийн мөчлөгөө илээсэн станцууд байгаа. Монгол улс хөгжиж, хүн ам өсөхийн хэрээр эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа ч хуучирч хоцрогдсон  ЦС-ууд энэ  ачааллыг даах чадваргүй болоод байна. 

Хуучин станцуудад  байнгын засвар үйлчилгээ хийх шаардлагатай байдаг бөгөөд хоцрогдсон техник, технологийн ашигт үйлийн коэффициент багатай учраас орчин үеийн технологитой харьцуулбал  бага  эрчим хүчийг  илүү  зардал гаргаж илүү нөсөр хөдөлмөрөөр үйлдвэрлэхдээ их хэмжээний хорт бодис агаарт цацаж байна гэсэн үг юм.

Мэдээжийн хэрэг, Улаанбаатарын агаарын бохирдолд нөлөөлж буй олон хүчин зүйлс байгаагийн дотор цөлжилтийн тоос, ногоон бүсийн хомсдол, тээврийн хэрэгслийн тоо зэрэг орох боловч нүүрс түлж буй өрхийн тоо гол хүчин зүйл  болоод байна. Одоогийн байдлаар нийслэлд 175,000 айл өрх хүхэрлэг ихтэй нүүрс түлж гэрээ дулаацуулан, хоол ундаа хийж байгаа бөгөөд энэ тоо улам өссөөр байна. Хот уруу чиглэсэн нүүдэл эрчтэй нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдол улам ихэсч улмаар нүүрс түлэхээс хамааралгүй эрчим хүчний шинэ үүсгэвэртэй болгож, цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болгож байна.

Бид өдөр дутмын амьсгалж буй агаарынхаа талаар үргэлж бодоод байдаггүй, тэгээд ч  агаарын чанар муу байх нь ямар үр дагаварт хүргэж байгааг мэдрэхэд хялбар биш байдаг. Гэхдээ агаарын чанарын муу үр дагавар нь ялангуяа нийгмийн эмзэг бүлгийнхэнд  хамгийн хүндээр тусдаг нь мэдээжийн хэрэг билээ. Бага насны хүүхдийн эндэгдэл, архаг бронхит, агаарын замын эрхтэний болон зүрх судасны өвчлөл ихэсч эрүүл мэндийн байгууллагад хандсан тоо улам бүр нэмэгдсээр байна. Нийгмийн Эрүүл мэндийн Хүрээлэнгээс гаргасан судалгаагаар агаарын замын эрхтэний өвчлөлөөс үүдэлтэй  нас баралт нэмэгдэж хүн амын нас баралтын үндсэн 5 шалтгааны нэг болжээ. Бид үр хүүхдээ ийм агаараар амьсгалаад байгаасай гэж хүсэх зүйл мөн үү.

Санал болгож буй Чандганы ЦС-ийн төсөл нь хүрээлэн буй орчинд ээлтэй, үр өгөөж сайтай орчин үеийн дэвшилтэт технологиор ажиллах бөгөөд уурхайн аман дээр баригдан, Төвийн болон Зүүн бүсийн Цахилгаан дамжуулах сүлжээнд холбогдох стратегийн ашигтай байрлалтайгаараа давуу талтай. Энэ цахилгаан станц ашиглалтанд орсноор эрчим хүчний найдвартай хангамжийг нэмэгдүүлнэ. Илүү олон айл өрх цахилгаантай болж, цахилгааны тасалдлаас ангид байх боломжтой болно. Цахилгаан станцын орчин үеийн технологи, хүн ам төвлөрсөн хот суурингаас алс байрлал нь ялангуяа нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж, агаарын чанарын аюулгүй байдлыг хангана.

Агаарын бохирдлыг бууруулах том зорилтыг шийдэхэд урт хугацаа шаардагдана. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүд нь “Улаанбаатарын Цэвэр Агаар” зэрэг төслөөр дамжин хэрэгжсээр байгаа. Засгийн газраас Чандганы ЦС-ийн төслийн үнэ цэнийг үнэлэн “Хамтран ажиллах Хэлцэл” байгуулсан бөгөөд 2016 он гэхэд эхний ээлжийг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Том зорилтыг томоор шийдвэрлэх тод жишээ болсон энэ төсөл агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэгтэй.

Улаанбаатарыг байнга нөмөрч байдаг утаан хөшиг, саарал манангаас бид чөлөөлөгдөж чадна. Ирээдүй хойч үеийнхэндээ зориулж бид хотоо цэвэр агаартай болгож чадна. Эрчим хүчний хомсдолыг бууруулах бодит шинэчлэл хийж, хүрээлэн буй орчинд ээлтэй эрчим хүчний үүсвэр бий болгосноор бид эрүүл Монгол улс болох замыг засна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж