Монголын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Монголын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ

Монгол улс эдийн засгийн хөгжлийнхөө онцгой чухал үе шатанд орж байна. Ингэснээр асар их нөөц боломжтой мөртлөө түүнийгээ ашиглахгүй алгуурлах уу, эсвэл энэ цаг үед шийдвэртэй ажиллаж улс орноо хөгжүүлэх үү гэсэн асуултын өмнө тулж ирлээ.

Монголын дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болохын тулд бид нөөц баялагтаа тулгуурлан, ирээдүйдээ зориулсан эрчим хүчийг буй болгож, алсын хараатай, маш тодорхой шийдвэрүүд гаргах хэрэгтэй.

Судалгаанаас үзэхэд Монголын эрдэс баялгийн нөөц нь олон тэрбумаар, магадгүй их наядаар үнэлэгдэж буй боловч Дэлхийн Өрсөлдөх чадварын тайланд 142 улсаас 96 дахь байранд орсон нь маш догуур, дөнгөж Сербийн дараа, Сирийн өмнө орж байна. Дэлхийн Эдийн засгийн форумын гаргадаг энэхүү тайлан нь тухайн улсын өрсөлдөх чадварыг ард иргэдийнхээ амьжиргааг хэр өндөр түвшинд байлгаж чаддагаар нь хэмжиж гаргадаг- өөрөөр хэлвэл, энэ нь тухайн улс үндэстэн өөрийн ашиглах боломжит нөөц баялгаа хэрхэн үр бүтээлтэй ашиглаж байгаагийн хэмжүүр  юм. 

Уг тайлангаас хийх дүгнэлт тодорхой. Бид цаашид зөвхөн нөөц баялагтаа найдаад суух биш, харин түүнийгээ ард түмэндээ дээд зэргийн ашигтай байдлаар захиран зарцуулах учиртай. Манай асар их нөөц баялаг эрдэс түүхий эдээр дутагдаж буй Хятад мэтийн улсуудын хөрөнгө оруулагчдыг татсаар байхад эдгээр нөөц баялгаа нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, эдийн засгаа хөгжүүлж, Монголынхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлэхгүйгээр шууд экспортод гаргасаар байх нь алсын хараагүй тун аюултай шинж байдал юм.  
Бидний хөл доор олон арван жилийн турш эрчим хүчээр хангаж хүрэлцэхүйц нүүрс байсаар байтал бид Оросоос эрчим хүч импортоор авсан хэвээр байна. Иймэрхүү шалтгаанаас болж Монголын гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гардаг.  Үүнийг өөрчлөхийн тулд бид эрчим хүчний салбараас эхлүүлээд дотоодынхоо өсөлтийг хангахуйц дэд бүтэцдээ хөрөнгө оруулах шаардлагатай. Хөгжингүй эдийн засагтай улс орнууд тогтвортой эрчим хүчний хангамжид тэргүүлэх ач холбогдол өгдөг. 

Эрчим хүчний найдвартай, хүрэлцээтэй хангамж нь хэрэглээг өсөн нэмэгдүүлэх тогтвортой үндэс суурь болж, бизнес эрхлэгчдэд итгэл бий болгодог бөгөөд ялангуяа хувийн хэвшлийн идэвхийг үлэмж нэмэгдүүлснээр эцсийн дүндээ өсөлтийг хурдасгаж өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Монголын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт хэгэцээг хангах шийдэл болсон Чандаганы цахилгаан станц нь Чандагана талд орших 141.3 сая тонн нөөц бүхий нүүрсний уурхайд түшиглэснээрээ үлэмж давуу талтай байх юм. Уурхайн аманд байрлах уг  цахилгаан станц нь уг нөөцийг ашиглан 600 MВт эрчим хүч үйлдвэрлэж, олон арван жилийн турш Зүүн болон Төвийн эрчим хүчний системийг тогтвортой, хүрэлцээтэй цахилгаанаар хангана. Чухам ийм төрлийн хөрөнгө оруулалт л Монголыг зөвхөн нөөц баялагтай гэгдэх улсаас түүнийгээ оновчтой бөгөөд үр нөлөөтэй ашиглан, үр шимийг хүртэж чаддаг улсын зэрэгт хүргэнэ. 

Нийслэлийн захын хорооллуудад олон айл өрх найдвартай цахилгаан гэрэлгүйгээс болж хувийнхаа бизнесийг тогтвортой эрхэлж чадахгүй байгаа нь нийт хөгжлийг сааруулж байна. “UB Post” сонины саяхны нэгэн дугаарт Пол Сулливан  “Дэлхийн Банкны үзэж буйгаар Монгол улс нь дэлийн цахилгаан эрчим хүч хүртэхэд хамгийн их бэрхшээлтэй, хамгийн өндөр үнэ өртөгтэй, хамгийн хүнд нөхцөлтэй улс орон” гэж цохон тэмдэглэжээ. Эрчим хүчний одоогийн болон ирээдүйн хэрэгцээг хангаж чадахуйц найдвартай, хангалттай цахилгаан эрчим хүчний хангамжтай байж хэмээн Монгол улс дотоодын эрчимтэй өсөлт хөгжлийг хангаж чадна. 

Бид ирээдүйнхээ эдийн засгийн өсөлт хөгжлөө сайтар төлөвлөгөх хэрэгтэй. Өнөөдөр биднийг бүтээмж багатай, үндсэн дэд бүтэцтэй, хамгийн бага төрийн үйлчилгээ хүртэх гэсэн хүчин зүйлээр тодорхойлогдох эдийн засаг болон үр ашигтай үйлдвэрлэл, бүтээгдэхүүний өндөр чанар бүхий үр ашигт эдийн засгийн хоорондын завсрын үед байна гэж үздэг.  Өндөр үр ашигт эдийн засаг нь өндөр боловсрол, сургалт, сайн ажиллагаатай хөдөлмөрийн зах зээл, технологийн хүчтэй өрсөлдөх чадвар бүхий эдийн засаг байдаг ба энэ бүхэн зөвхөн эрчим хүчний найдвартай хангамжийн үр дүнд бий болдог.

Монголын эдийн засагт илүү их өрсөлдөх чадварын үндэс суурь тавихын тулд эдийн засгийг нь зөвхөн байгалийн нөөц баялгаа ашиглахад тулгуурласан эдийн засгаас олон чиглэлтэй эдийн засагт шилжүүлэн, урт хугацааны эрчимтэй өсөлтийн чиглэлд тууштай алхам хийх шаардлагатай. Бид эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ тогтоож, дотоодынхоо эдийн засгийн хүчин чадлыг дээшлүүлэхийн тулд өнөөгийн эрчим хүчний хангамжийн нөхцөл байдлаас гарах замаа зөв олж тогтоох хэрэгтэй.  Энэ зорилгодоо хүрснээр  дэлхийд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд асар том алхам хийх болно.

2012 онд эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоонд байх дэлхийн цөөн орны нэг нь Монгол улс байхаар тооцоолж байна. Бидэнд энэ өсөлтийг хангах түлш эрчим хүч шаардлагатай. Чандаганы цахилгаан станц шиг төслүүд нь Монголын эдийн засгийн ийнхүү өсөлтийг хангах түлш эрчим хүч нь болж нийт орон нутаг, хүн амынх нь хувьд урт удаан хугацааны туршид хөгжил цэцэглэлтийг нь хангаж чадна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж