Оюутолгой төсөл 2013 онд арилжааны шатанд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Оюутолгой төсөл 2013 онд арилжааны шатанд шилжинэ

Оюутолгой хэзээ ашиглалтад орох бол гэсэн хүлээлт монгол хүн бүрт байдаг. Тэгвэл “Тун удахгүй” гэж хариулж болох нь. Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, тус компанийн Ерөнхийлөгч болон гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей нар энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ноён Г.Батсүхийн дуулгаснаар энэ зургадугаар сарын 15-ны байдлаар төслийн бүтээн байгуулалтын 90 хувийг хийж гүйцэтгэжээ.

Тэрбээр энэхүү мэдээг “Тиранозаурус Батаар”-ын дуулиан болоод дуучин н.Амартүвшингийн амжилттай эн зэрэгцэх бас нэг гайхамшиг хэмээн тодотголоо. Оюутолгой уурхай төлөвлөсөн хугацаанаасаа зургаан сарын өмнө буюу энэ оны сүүлийн улиралд багтааж хүдэр боловсруулах анхны ажлаа хийхээр болжээ. Бүр тодрууулбал, ирэх наймдугаар сарын дундуур анхны зэсээ үйлдвэрлэж оны сүүлээр экспортод гаргахаар болжээ. Нийт 33 сарын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлаа 27 сарын дотор амжуулж байгаа нь зэсийн үнэ тогтвортой байгаа үед бүтээгдэхүүнээ борлуулах, Монголд орж ирэх татвар, төлбөрийн мөнгийг тэр хэмжээгээр  наашлуулж байгаа хэрэг гэдгийг энэ үеэр хэлсэн юм.

Оюутолгой ХХК-д өнөөдрийн байдлаар 9621 монгол ажилтан ажиллаж байна. Оюутолгойгоос ашиг олдог юм уу гэх асуулт байнга гардаг. Тэгвэл тус компани уурхайн үйлдвэрлэл эхлэхээс өмнө 7,8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт Монгол Улсад хийж байна.  Монгол Улсын Засгийн газарт  2011 онд 300 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээс гадна үйлдвэрлэл эхлэх 2013 оноос өмнө Монгол Улсын Засгийн газарт нийт 900 орчим төрбум төгрөг буюу 700 сая ам.долларын татвар, хураамж, төлбөрийг шилжүүлэх юм байна.

Ноён Камерон МакРейн мэдээлснээр Оюутолгойн барилгын үе шат буюу нэгдүгээр үе шат төлөвлөсөн хугацаанаас зургаан сарын өмнө 90 хувьд хүрч дуусчээ. Ингээд 2013 оноос арилжааны үе шат эхлэх аж. Төслийн хоёрдугаар үе шат буюу хүдрээ баяжмал болгох шат ирэх наймдугаар сарын дундуур эхэлж таван босоо амтай далд уурхай байгуулах үйл явцад шилжих ажээ. Энэ шатанд хамгийн сүүлийн үеийн техник технологи оруулж ирэн нэвтрүүлж Монгол Улсын хөгжлийг асар хурдацтай урагшлуулна гэлээ. 2014 он гэхэд арилжааны шинэ үйл ажиллагаа эхэлж 2013 оны сүүлээр 900 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газарт төлөх юм байна.

Ирээдүйд Монголын эдийн засгийн 30 хувь нь Оюутолгойгоос орох бөгөөд дэлхийн шилдэг уурхайн нэг болох төлөвтэй. Ирээдүйн уурхай ямар байх дүр төрхийг Рио Тинто бүтээж үр ашигтай үйл ажиллагаа, чанартай бүтээгдэхүүн, аюулгүй ажиллагаа гэсэн үндсэн гурван зарчмыг мөрдөнө гэдгийг хэллээ. Монголчууд хамгийн их үр ашгийг эрсдэлгүй хүртэх ёстой гэсэн гол зарчимтай гэдгээ мөн танилцуулсан юм.

Оюутолгой 2011 онд Монголын 1000 гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж 1,7 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээг тэднээс худалдан авчээ. Оюутолгой төсөл өдөр бүр 10 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд Монголын боловсрол, урлагийн салбарт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Оюутолгой Монголын түүхэнд хамгийн том санхүүжилт буюу 110 тэрбум төгрөгөөр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, долоон хот суурин газарт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн гурван төвийг шинээр барих, дөрвөн төвийг шинэчлэн сайжруулах ажлыг гүйцэтгэж байгаа аж. Үндэсний хэмжээнд өндөр мэргэшсэн 3300 монгол залуусыг бэлтгэж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багшлах 1200 багшийг сурган бэлтгэж байгааг ноён Камерон МакРейн мэдэгдлээ. Өмнөговийн бизнес эрхлэгчдэд зориулж Оюутолгой 1,5 тэрбум төгрөгийн зээлийн сан бүрдүүлжээ. Ханбогд сумыг найдвартай хангах цахилгааны шугам барьж есдүгэр сар гэхэд ашиглалтад оруулахаар болсон байна. Мөн Ханбогдынхныг ундны цэвэр усаар хангах найдвартай эх үүсвэрийг сумын ойролцоох хөрсний гүнээс олсон байна. Энэ усан санг уурхайд ашиглахгүй цэвэр иргэдийн ундны хэрэгцэээнд зориулна гэсэн юм.

Тэрбээр энэ үеэр нийтлэлч Баабарын “Дотоодын хөрөнгө оруулалт бол нэг халааснаасаа нөгөө халаасандаа мөнгөө хийхийг хэлдэг. Харин гадаадын хөрөнгө оруулалт бол гаднаас халаасанд мөнгө орж ирэхийг хэлдэг” гэсэн үгийг иш татаж байв.

                                 Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж