Ахмадуудын 330 мянгыг тарааж эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Ахмадуудын 330 мянгыг тарааж эхлээгүй байна

“Хүний хөгжил сан”-гийн зургадугаар сарын олголт болох 21 мянган төгрөгөө авахаар иргэд банкны гадаа  урт дараалал үүсгэжээ. Үүнийг “ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хоёрдугаар ээлжийн 330 мянган төгрөгийг олгож эхэлжээ” гэх буруу ойлголт иргэдийн дунд байгаа бололтой.

Хүний хөгжлийн сангийн мөнгөө авахаар иргэд хотын зах, төв гэлтгүй адилхан урт цуваа үүсгэж байгаатай таарлаа. “Мэргэжилтний 20”-д байрлах “Хадгаламж” банкны салбарт очиход бухимдсан хүмүүс дүүрэн байлаа. Ахмад настнууд хоёрдугаар ээлжийн 330 мянган төгрөгийг өнөөдрөөс эхлээд олгох байх гээд өглөө эртлэн ирсэн аж. Гэтэл Сангийн дэд сайд Ч.Ганхуяг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Маргаашнаас 330 мянган төгрөгийг олгож эхэлнэ” хэмээн мэдэгдсэн байгаа.  Энэ тухай өчигдрийн телевизийн мэдээллүүд, өнөөдрийн өдөр тутмын сонинд нийтлэгдсэн ярилцлагууд ахмадуудыг ийн банкны үүд сахихад хүргэжээ.

Банкны ажилтнуудаас 330 мянган төгрөгийг тараахгүй байгаа шалтгааныг тодруулахад, “Санхүүжилт орж ирээгүй. Үүнийг дүүрэг, дүүргийн халамжийн хэлтэс мэднэ. Тэндээс санхүүжилт нь ирвэл банкны зүгээс аль болох чирэгдэлгүйгээр мөнгө тараах ажлыг зохион байгуулах болно” гэж байв. Гэтэл “Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан  “Сангийн яамнаас 330 мянган төгрөгийн санхүүжилт орж ирээгүй байна” гэсэн тайлбар өглөө. Харин 330 мянган төгрөгний санхүүжилт хэзээ орох талаар Сангийн яамнаас тодруулах гэсэн боловч тодорхой хариу өгсөнгүй.  Ямартай ч ирэх долоо хоногт багтан санхүүжилт ороод ирэх байх гэсэн таамаг арилжааны банкууд болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газрынханд байгаа бололтой. Гэхдээ энэ мэт олон шат, дамжлагатай санхүүжилтын асуудал  дунд иргэд бухимдаж байна.

Сүхбаатар дүүргийн иргэн, өндөр настан Н.Дэлгэр:

-Өнөөдөр 330 мянган төгрөг тараана гэж сонсоод ирсэн. Гэтэл үгүй байна. Нэгэнт ирснийх 23 мянган төгрөгөө ч болов аваад буцъя гээд зогсч байна.

-330 мянган төгрөг, 21 мянган төгрөгийг тараах болсонд та ямар бодолтой байдаг вэ?

-330 мянган төгрөг бол зөвхөн ахмадууд бидэнд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гээд нийгмийн хэсэг бүлэг хүмүүст зориулсан мөнгө гэдгийг тоохгүй л бүх юмны үнэ өсөх юм. Бэлэн мөнгө тарааж байгаа юм чинь авахыгаа авна. Харин бусдадаа халдварлаад байна шүү дээ. Энэ чинь өмнөх сонгуулийн л үр. Хэт их бэлэн мөнгө амлаад, түүндээ хүрэх гэсээр ийм юм болж байгаа. Бодлого нь буруу байна гэж бодож байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж